Хар

 Хар

Өврийн хангайчууд төрийн наадамд их насны морь дарааллан түрүүлгэж уул ус, нутаг нугаараа цэнгэх их хувьтай улс аж. Өнгөрсөн жил Тарагт сумын харьяат аймгийн Алдарт уяач Бадралын Энхбаатар Хэнтий аймгийн Мөрөн сумын угшилтай хонгор халзан морио түрүүлгэж байсан бол өнөө жил Уянга нутгийн хүү Монгол Улсын Алдарт уяач Чойдогсүрэнгийн Бямбасүрэн Төв аймгийн Батсүмбэр сумын унаган хар морио түрүүлгэж түмэн олноо цэнгүүллээ. 2006 оны ”Тамирын хурд” хангайн бүсийн уралдаанд Гал зээрд соёолонгоо айргийн тавд, баруун бүсийн даншигт бүүдэн морио аман хүзүүнд хурдлуулан халхын томчуудтай хурд хувааж эхэлсэн Ч.Бямбасүрэн уяач их мориор одтой наадагч нэгэн. Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Чогсомын унаган бүүдэн морь нь гэхэд л 2008 оны баруун бүсийн уралдаанд /Ховд аймагт болсон/ айргийн гуравт хурдалж, 2010 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн, 2010 онд Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн уралдаанд дахин аман хүзүүдэж, 2013 онд төрийнхөө их баяр цэнгэл наадамд ирж 13-аар давхиж байсан бол Дорнод аймгийн Матад сумын харьяат Баатарын унаган хээр морь нь АХ-ын 90 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдлан эзнээ улсын Алдарт уяачийн эрэмбэнд хүргэж байсан билээ. Дунд сургуулийн сурагч байхаас хурдан моринд шимтэн тавдугаар ангийн сурагч анх уяа эвлүүлж, сумынхаа наадамд мордуулж байсан тэрээр 2005 оноос эхлэн хурдны өлгий зүүн аймгуудаас  адуу цуглуулан одоогийн Тод манлай уяач Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Б.Отгоннасантай хамтрах болжээ. Жилийн дараа гэхэд л төрийн зарлигт наадмаас хоёр айраг хүртэн дээлэндээ багтахгүй хөөрч явсан тэрээр өнөө жил дахин тэр их баяр бахдалыг мэдрэн моринд хайртай Монгол түмнээ хотлоор нь цэнгүүллээ. АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд шандас шалгасан 261 шигшмэл хүлгүүдийг тэргүүлж магнайдаа тоосгүй түрүүлсэн хар морь бол Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Болдбаяр гэж хүний унаган адуу. 2011 онд  тэрээр нэг нутгийн Отгонбаатартай наймаа хийж өөрийн унаган хээлтэй хул гүүг заржээ. Өнөө жилийн түмэн эх хар морь бол тэр жил  эхийн хэвлийд зарагдсан хүлэг билээ. Хар морины эцэг Болдбаярын өөрийнх нь хар азарга. Авсан эзэн нь эр унага гарсанд бэлгэшээн дараа жил дааганд нь сурган уяж уралдуулснаар өнөөдрийн амжилтын гараа тавигджээ. Ингээд Монголын төрт ёсны их цэнгэл наадмыг өнгөлсөн хурдан хар морины амжилтын түүхийг сонирхуулъя.

Удам, угшил: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Дашжавын унаган адуу

Эцэг: Дашбалбар сумандаа нэртэй Бөгтөр ухаа  хэмээх хурдан хул азарганы төл хээр азарга
Эх: Хээр гүү

Амжилтын товчоон:

2012 онд даага:

Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд айргийн гурав 
Төв аймгийн баяр наадамд айргийн тав 
2013 онд шүдлэн:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд аман хүзүү 
Төв аймгийн Баяндэлгэр сумын 90 жилийн ойд түрүү
Төв аймгийн баяр наадамд 10
2014 онд хязаалан:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд айргийн гурав 
Булган аймгийн Дашинчилэн сумын 90 жилийн ойд аман хүзүү 
Төв аймгийн баяр наадамд аман хүзүү 
2015 онд соёолон:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд түрүү 
2016 онд хавчиг:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд аман хүзүү
Төв аймгийн баяр наадамд түрүү 
2017 онд долоотой:
Хаврын тэргүүн сарын уралдаанд түрүү 
Суварганы тахилга уралдаанд түрүү 
Багийн өдөрлөгт түрүү 
Өвөрхангай аймгийн шигшмэл хурд уралдаанд айргийн гурав

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.