Одонбаатарын Цавьдар

 Одонбаатарын Цавьдар

Өмнийн цэнхэр говьд болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн П.Одонбаатарын цавьдар морийг эрхэм уншигч та бүхэндээ танилцуулья.
Энэ жил есөн настай цавьдар морь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган адуу. Одоогийн эзэн нь 2011 оны наадмын дараа Сүхбаатар аймгийн онцгой байдлын ажилтан Мөнхбат гэдэг залуугаас авчээ. Сум аймгийн чанартай наадмуудад морддог ч айрагдаж үзээгүй битүү адууны уяаг  нь тааруулж, ирлэсэн хүн бол Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Т.Ихбаяр уяач.  Луу жилийн босгон дээр МУ-ын Алдарт уяач цолонд тодорхойлогдож байсан түүнийг халхын таван том даншигт түрүүлсэн алдарт Соёмбо хүрэн азарганы уяаг тааруулдаг байсан гэдгээр нь морь сонирхогчид андахгүй бизээ. Өнгөрсөн намраас тэжээлд орсон цавьдар морь шинийн дөрөвний 1,5 саяын бооцоот уралдаанд зургаалаад,  “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд есөөр давхин, давхар уяагаар Өмнөговийн бүсийн наадамд ийнхүү түрүүлээд байгаа юм.
Түрүү хүлгийн эзэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Одонбаатар 2003 оноос хурдан морь сонирхох болсон бөгөөд 2007 онд анхны айргаа хүртэж байжээ.
Түүнийг ийнхүү хурдан хүлгийн хийморьт сүсэглэн омогшиход хамгийн их нөлөөлсөн хүн бол хадам эцэг аймгийн Алдарт уяач Данх болон түүний хүү аймгийн Алдарт уяач Алагаа нар юм.
“Хээрээр гэр хэцээр дэр” хийсэн уяачийн “жаргалд” дурласан П.Одонбаатар аавынхаа төрсөн нутаг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас нэлээд хэдэн адуу авсан бөгөөд  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын адуугаар цус сэлбэн сайжруулжээ. Түүний нэртэй хурдан хүлгэд 2006 оны Дундговь аймгийн наадмаас эхлэн амжилт үзүүлж, даага зургаалан, шүдлэн долоолж, хязаалан есөөр давхиж байсан гэдэг. Харин жилийн дараа 2007 онд Эрдэнэдалай сумын 80 жилийн ойн баяр наадамд шүдлэн аман хүзүүдэж, тэр цагаас хойш бүсийн наадмын нэг түрүү, аймгийн чанартай наадмын 14 айраг хүртэн луу жилийн босгон дээр аймгийн Алдарт уяач цол хүртжээ.
Алдарт цолоо түрүүгээр мялаалгасан тэрээр 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон  “Их Мандал” говийн хаврын бүсийн уралдаанд соёолон түрүүлгэж байсныг энэ дашрамд дурдах нь зүйтэй байх.
Бүсийн наадмын хоёр түрүүн эзэн П.Одонбаатар нь Т.Ихбаяр зөвлөхтэй “Хүй мандал” гал уяанд харьяалагддаг бөгөөд тус галд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат 2008 оны улсын наадамд хүрэн морио гуравт хурдлуулж, Заамарын бүсийн наадамд түрүүлгэж байсан Ц.Амарсайхан, Дундговь  аймгийн 70  жилийн ойд соёолон түрүүлгэсэн Ш.Батбаатар, болон Ч.Адьяабазар, Б.Өлзийбаяр, Ж.Батсайхан, Батдорж нарын  найман уяач хурдан хүлгэдээ уяж сойдог аж.

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.