Топ модель Э.Сэлэнгэ: “Mongolian beauty- тэмцээний сүүлийн шат Богдын музейд болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 20 -нд

"Шилмэл загвар" загварын ордноос зохион байгуулж байгаа  “Mongolian beauty” тэмцээний сүүлийн шат үргэлжилж байна. Сүүлийн шатанд 26 оролцогч үлдээд байгаа бөгөөд тэмцээнийг зохион байгуулж буй тайзны алхааны багш топ тодель Э.Сэлэнгэтэй уулзсан юм.
- Mongolian beauty тэмцээний сүүлийн шат эхэлчихсэн байна?

- "Шилмэл завар" загварын ордноос жил бүр олон тэмцээн, уралдаан зохион байгуулдаг. Энэ жил "Mongolian beauty"  тэмцээнийг  амжилттай явуулж байна. Нийт орон нутаг, нийслэлээс 150 гаруй оролцогчид оролцож, одоо сүүлийн шатанд 22 охид, дөрвөн эрэгтэй оролцогчид үлдчихсэн тэмцээн эд дундаа явагдаж байна. Зорилго нь залуу загвар өмсөгчдийг нээж, монголын нэрийг өндөрт өргөх загвар өмсөгчдийг дэмжих зорилготой юм.

- Энэ жилийн тэмцээний онцлог нь?

- Тус тэмцээнд мэргэжлийн бус загвар өмсөгч охид, залуус оролцож байгаа онцлогтой. Мөн сар гаруйн хугацаанд бүжиг, тайзны алхаа, гээд сургалт хичээлд хамрагдаж байгаа.

- Загвар өмсөгчдийн нас залуу болсон харагдаж байна. Энэ нь охид, залуусын сонирхолтой холбоотой байх.

- Загвар бол үргэлж цус сэлбэгдэж байдаг салбар л даа. Сүүлийн үед охидын бие галбир, мэдлэг боловсрол зэрэг нь өндөр хөгжиж байна. Загварын оргил нас нь 13-17 насны хүүхдүүд загварыг сонирхож, суралцаж байна. Энэ насанд суралцаж, 20 нас хүрээд ирэхээр мэргэжлийн загвар өмсөгч болж байгаа юм. Энэ ч утгаараа монголын загварын ертөнц хөгжиж байгаа нь харагдаж байна.

- Олон улсын ямар тэмцээнд оролцох боломжтой вэ?

-  "Шилмэл загвар"-ын  гэрээт загвар өмсөгчид олон улсын тэмцээнд оролцдог байсан. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар хамрах хүрээг өргөжүүлж, тэмцээн болгон зохион байгуулж байгаа юм. Хятадад болох "Asian super model", Малайзад болох "Miss tourism Queen international", Тайваньд болох "Miss global city pageant", Солонгост болох "Miss Asia Pacific World" зэрэг олон улсын мисс, моделийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Харин эрэгтэй шилдэг оролцогч "Man hunt" тэмцээнд оролцох юм.

- Гадаадын загвар өмсөгчид ирж оролцох уу?

- Буриадын загвар өмсөгчид ирнэ. Өмнө нь манай загвар өмсөгчид Буриадын тэмцээнд оролцож байсан. Ер нь өмнө нь олон тэмцээн уралдаанд хамтарч оролцдог байсан.

- Сүүлийн шатанд шилдэг есөн оролцогч шалгарна. Таны хувьд оролцогчид тэмцээний явцад хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

- Тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилж, шилдэг оролцогчид үлдсэн байгаа. Мэдээж өөрийн гэсэн зорилго, хүсэл мөрөөдөлтэй залуус зорьж ирсэн болохоор энэ хугацаанд загварын чиглэлээс гадна хувь хүний хувьд хөгжиж байгаа нь харагдаж байна. Аливаа тэмцээн уралдаанд түрүүлэхдээ биш өөрийгөө нээж, хөгжүүлэх нь амжилт юм.

-Сүүлийн шатны тоглолт хэзээ болох вэ?

- Энэ сарын сүүлээр Богдын музейд болно. Энэ газар бол маш их түүх, монгол ёс заншлыг агуулсан учир сүүлийн шат үндэсний хэв шинжтэй гэж ойлгож болно.Үндэсний хувцас, гоёлын даашинз, усны хувцас гэсэн шалгууртай байгаа.

- Ирэх жилийн хувьд зохион байгуулалт нь өөрчлөгдөх байх.

-Тэгэлгүй яахав. Гэрээт загвар өмсөгчид Олон улсын тэмцээнд оролцдог. Тэр бүгдээс туршлага судалж, дараа дараагийн охидоо бэлтгэхийг зорьж, зохион байгуулж байгаа тэмцээн урлдаанаа улам сайжруулахын тулд манай хамт олон ажиллана.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна