Олимпийн аварга Н.Түвшинбаярт Монгол улсын заан цол олгоё

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 21 -нд

Одоогоос дөрвөн жилийн тэртээх Бээжингийн олимпийн их наадмаас монголчуудынхаа өнө эртний хүслийг биелүүлж олимпийн аварга хэмээх эрхэм дээд цолыг анх хүртсэн Булган хангай нутгийн хүү Найдангийн Түвшинбаяр Лондоны олимпоос алтын дайтай мөнгөн медальтай ирсэн билээ. Олимпийн аваргын алдрыг хүртсэн, олимпийн медалиа ихэрлүүлсэн баяр хөөртэй, алдар хүндтэй энэ өдөр хоногууд улиран одох он цагийн аясаар түүх болон үлдэх авч “анхных” гэдэг энэ алдар хүндтэй эрхэм үйлс спортын түүхэнд дахин хэзээ ч давтагдахгүй Найдангийн Түвшинбаяртайгаа мөнхрөх учиртай. Олимпийн аварга маань хүүхэд ахуйгаасаа монгол үндэсний бөхөөр барилдаж 2002 оны өсвөр бөх (16 нас хүртэлх)-ийн улсын аваргаар өвдөг шороодолгүй түрүүлж амжилтын дээжтэйгээ золгон 2003 оны идэр бөх (17-18 нас)-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, төрөлх Булган аймгийнхаа баяр наадмаар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн хүчтэн.

Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын түүхт 85 жилийн ойн баяр наадмаар улсын заан Ч.Батзоригоор дөрөв даваад улсын өсөх идэр начин Ш.Уламбаярт өвдөг шороодож улсын начин цолны сэнжигнээс атгаад алдсан бөх. Идэр бөхийн улсын аваргын дэвжээнд мөр зэрэгцэн хүч сорьж, “гар зөрүүлж” явсан Ж.Бат-Эрдэнэ, М.Өсөхбаяр, Ө.Даваабаатар, Э.Энхбат, Л.Гантулга гээд үе тэнгийнхэн нь өдгөө улсын гарьд, заан, харцага, начин цолны эзэн болчихсон, ардын төрийнхөө их баяр наадмаар түрүүлж, үзүүрлэх гэгээн бодол тээж ид барилдаж явна. Хэрэв Н.Түвшинбаяр аварга маань их спортод, олимпийн их наадмуудад бүхий л анхаарлаа хандуулалгүй, үндэсний бөхөөрөө идэвхийлэн барилдсан бол аль хэдийнэ улсын цол хүртчихсэн, ардын төрийнхөө их баяр наадмыг манлайлчихсан байхыг ч үгүй гэх газаргүй юм. Үүнийг өнгөрсөн 2011 оны намар болсон Монгол Улсын үндэсний соёлын үнэт өв болох монгол бөхийг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэх хүчит 6016 бөхийн барилдааны дэвжээнд үзүүлсэн амжилт гэрчилж байна. Монгол Улсын 4 аварга, 5 арслан, 5 гарьд, 13 заан, 23 харцага, 108 начин, аймаг, цэргийн 222 арслан, 171 заан, аймгийн 34 харцага, 392 начин тэргүүтэй хүчит 6016 бөх зодоглосон энэхүү барилдаанд аймгийн арслан Найдангийн Түвшинбаяр улсын начин Ш.Тогтохбаяраар долоо, улсын залуу начин Б.Батмөнхөөр найм, дархан аварга Б.БатЭрдэнээр ес давж, улсын залуу аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Г.Эрхэмбаяр, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Ө.Даваабаатар нарын шилдэг хүчтэнгүүдийн хамт арвын даваанд босч барилдсаныг бид бахархан харж байсан билээ.

Бүрэн эрхт Монгол Улсын спортын түүхэнд үл тохиох энэ гайхамшигт барилдааны дэвжээнд үзүүлсэн бахдам амжилтыг нь үнэлж Булган аймгийн арслан Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын заан цол олгохыг өргөмжилж байна. Хүннү их гүрний үеэс эхтэй монгол бөхийн түүхэнд ийм олон бөх нэг дор цуглаж зодоглосон, 13 даваатай ийм том барилдаан болж байгаагүйг ч бодсон УИХын эрхэм гишүүд минь Н.Түвшинбаярт “Монгол үндэсний бөхийн цол олгох тухай” хууль санаачлан үсэглэж, Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн барихыг эрхэмлэн хүсч байна. Олимпийн аваргын алдрыг хүртэж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гээд хорин хэдхэн насандаа ахадмаар алдар хүндэтгэл, цол гуншинг “үүрч” яваа ч бөхийн жудаг, ёс жаягаа гээлгүй, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн дээдээр хүлээж буй эгэл даруухан хүүдээ үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн дээрх амжилтыг нь үнэлэн улсын цол олгоход хэн ч буруутгахгүй биз ээ. Баяр бахдалын нулимсаа барьж ядан, уярал хайрын чавхдасаа доргион яваа бөхөө хайрлан хүндэлдэг ард олны минь санал бодол энд хамт тээгдэж яваа гэдэгт итгэнэ. Монгол үндэсний бөхийн цол олгохыг өргөмжилсөн миний хүсэл он цагийн шуурганд бүү замхраасай билээ.

                                                                                                                                                                                                            Б.АВИРМЭД

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна