Аймгийн Алдарт уяач Д.Отгонням: Цус сэлбэх тал дээр хожуухан анхаарчих шиг боллоо

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 21 -нд

-Морь тэр дундаа хурдан морь гэдэг бол монгол эр хүний сэтгэлийн угт хадаатай байдаг зүйл. Хэдий үеэс эхлээд хурдан моринд орчихсон юм бэ?
-Тиймээ. Яахын аргагүй л хөтлөгдчихдөг юм даа. Би 1990 онд сургуулиа төгсөөд мал дээр гарсан. Тухайн үед аав маань тэтгэвэрт гарч таараад аавдаа туслах зорилгоор хөдөө гарч, түүнийхээ үндсэн дээр л адуунд дурлах болсон юм. Морь уяхиймсан гэсэн хүсэл эрмэлзэл тэр үеэс л үүдэлтэй. Багадаа адуу мал унадаг хүүхэд байлаа.
-Хамгийн анхныхаа наадмыг эргэн дурсвал? 
-Анх унаган адуугаараа баруун таван аймагтаа наадсан л даа. Ардын хувьсгалын 73-н жилийн ойгоор Дуут сумын наадамд нэг үрээтэй очиж уралдсан. Тэр бол миний анхны наадам байлаа. Түүнээс хойш ур мэх ч орлоо, уяаны арга барилд ч суралцлаа. Нэг мэдэхэд морь уяад хорин жил болчихжээ. Миний хувьд 2005 онд Алдарт цолоо авч их урам зориг орсон. Аймгийнхаа наадмаас  есөн түрүү, 18 айраг аваад Алдарт цолны болзол хангаж байлаа.
-Аймгийн Алдарт цолонд хүргэсэн хурдан хүлгэдийнхээ амжилтын талаар ярьж өгөөч?
-Миний анхны хоёр азарга их сайн давхисан юм. Ховд аймгийн Чандмань  сумын харъяат аймгийн Алдарт уяач Чулуунбат гэдэг хүний бор азарганы төл бор азарга, Буянт сумын харъяат аймгийн Алдарт уяач Галбадрахын угшлын халтар азарга хоёр маань надад олон ч айраг түрүү авчирч Алдартын эрэмбэнд хүргэсэн юм. Тэд маань одоо өвгөрч байна. Үр төлүүд нь гэхдээ байгаа. Хөх халтар морины маань хөл нь жаахан эвгүйдчихлээ. Тэр бас их олон түрүү авч байсан. Түүний орыг дарсан бор хээр морь маань түрүү алдахгүй сайхан уралдаж байна.
-Адууныхаа цусыг хэр их сэлбэж байна. Хүмүүс зүүн зүгээс адуу их авч байна шүү дээ?
-Манай Ховд аймаг цус сэлбэх тал дээр хожуухан анхаарчих шиг боллоо. Гэхдээ одоо нэлээд л адуу авчирч байна. Миний хувьд сүүлийн үед энд тэндээс адуу авчирсан.
-Баруун бүсийн даншиг наадмаар хэдэн адуу уралдуулсан бэ?
-Саяын баруун бүсийн даншгаар нэг их нас, гурван үрээ, зургаан даага мордууллаа. Дээд тал нь зургаад давхилаа. Дараагийн наадам Дарвийн баяр байна. Гадаа байгаа дөрвөн их морио авч явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Уясан болгоноо түрүү өргүүлээрэй.

Ш.Бадмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна