Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын нэгдсэн цуваа

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадам 8 сарын 19-21 өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Наадмыг нээж анхдугаар богд Өндөргэгээн Занабазарын номын өргөөг нээсэн бөгөөд хүчит 128 бөх барилдаж зургаан насанд 120-150 хурдан туурт тоосооо өргөсөн байна. АХ-ын 91 жилийн ойн улс бүсийн наадмуудад түрүүлж айрагдсан газар газрын шигшмэл хурд цуглаж шандас шалган уралдан түрүү морио гурван сая 500 мянгаар байлжээ. Мөн сумын ойн наадамд зориулан Улаанбаатар хот дахь Есөнзүйл сумын нутгийн зөвлөлөөс гарааны төхөөрөмж бэлэглэсэн байна. Ингээд тус наадмын нэгдсэн цувааг хүргэж байна.  
Азарга
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд улс бүсийн уралдааны түрүү айргийн эзэд мордсон уралдаанд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, "Унаган хурд" галын уяач Д.Баяраагийн шувуухай хүрэн хязаалан түрүү магнайд хурдалсан байна. Шувуухай хүрэн улсын наадамд хязаалангийн айргийн гуравт хурдалсан. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн /улсын наадамд аман хүзүүдэж, Төвийн бүсд хүүхэдгүй түрүүлсэн/ азарга хурдалж, айргийн гурав, дөрвөөр Д.Онон манлайн 2 хул азарга /Улсын наадамд дөрвөлж, төвийн бүсд түрүүлсэн Д.Сугарын хул, төвийн бүсд айрагдсан Х.Улам-Өрнөхийн хул/ давхин уясан эзэн унасан хүүхдээ баясгалаа.
Их нас
Их насны морьдын уралдаанд Орхон аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн зээрд түрүү магнайд хурдалсан байна. Харин аман хүзүүнд Булган аймаг Гурванбулаг сумын уугуул, "Авзага трейд" ХХК-ийн захирал П.Мэндбаярын хар. /Хар морь саяхан болсон Макс группын 20 жилийн ойн баяр наадамд мөн аман хүзүүнд хурдалсан/ Харин айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул аймгийн Алдарт уяач З.Отгоннасангийн хүрэн, айргийн дөрөвт Завхан аймаг Цэцэн-Уул сумын уугуул Манлай уяач Б.Содномцогийн Харцага зээрд, айргийн тавд Архангай аймгийн Сандаг-Очирын хул морь тус тус хурдалсан байна.
Соёолон
Хурдан соёолонгийн уралдаанд “Макс”-ын Д.Цэрэнжигмэдийн хүрэн соёолон магнайдаа тоосгүй  хурдалж наадамчин олноо баясгасан байна. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймаг Есөнзүйл сумын П.Сэргэлэнгийн зээрд, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын Загарзүсэмийн зээрд, айргийн дөрөвт “Макс”-ын Д.Ганбаатарын шарга, айргийн тавд  Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул нийслэлийн Алдарт уяач "дааган" хэмээх Ц.Цэнд-Аюушийн хээр /Макс группын уралдаанд айргийн тад хурдалсан/ соёолон тус тус давхисан байна.
Хязаалан
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Нохойцагааны цавьдар давхар уяагаар түрүү магнайд хурдалсан байна / “Их-мандал-2012” Говийн бүсийн даншиг наадамд аман хүзүүнд хурдалсан/. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул аймгийн алдарт уяач Санчирын хонгор, айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын  Махбалын зээрд, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Ц.Амарсайханы хээр, айргийн тавд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Эрдэнэбулганы цагаан давхижээ.
Шүдлэн
Харин шүдлэнгийн уралдаанд "Их мандал 2012" говийн бүсийн уралдааны түрүү, аман хүзүүний 2 үрээ дараагаараа иржээ. Тодруулбал Дундговь аймгийн Өлзийт сумын ААУяач Ч.Дэмчигцоодолын хул үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын улсын Алдарт уяач Д.Хишигжаргалын бор үрээ аман хүзүүдсэн байна.
Даага
Есөнзүйл сумын түүхт 80 жилийн ойн хурдан дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Алдарт уяач С.Ганболдын хээр даага ирээдүйн түмний эх болохоо харуулан цулбуур өргүүлсэн байна. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын аймгийн Алдарт Цэрмаагийн зээрд, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын Ганзоригийн халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Алтангэрэлийн зээрд, айргийн тавд Улаанбаатар хотын Отгоны хээр хурдалжээ.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна