Халх голын хурдан хээр

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 23 -нд

Эзнийхээ хорин жилийн их хүлээлтийг тайлж, төрийн наадмын айргийн тавд хурдалсан хээр азарга бол Дорнод аймгийн Халх гол сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Цогоогийн унаган адуу. Нэгэн үе сумынхаа наадмын таван түрүүг хүртчихээд хаахалзаж явсан энэ эрийн адуу хэзээнээсээ хурдтайг нутаг хошууныхан андахгүй. А.Цогоо Алдартын хурдан хул азарганы төл хээр үрээ унага байхын адтай байж. Чухам тиймдээ дааган цагтаа сумандаа гурав түрүүлчихээд Алтан-Овооны тахилга наадамд 18-аар давхиад байхад нь одоогийн эзэн нь авчээ.
Б.Батсүх бол А.Цогоогийн хүргэн дүү нь бөгөөд хар багын адуунд хорхойтой түүнээс харамлаж төвдөөгүй гэдэг. Хээр үрээ шүдлэндээ Сэлэнгэ аймгийн наадамд тавлаад, хязааландаа улсын наадамд 16-р давхиж, Хотгойдын хурдад 14-өөр хурдалсан гэдэг.
Харин энэ жил хавчиг азарга Заамарын наадамд километрийн зайтай тасарч түрүүлэн, төрийнхөө их баяр наадамд айргийн таваар хурдалжээ.
Дашрамд сонирхуулахад хээр азарганы төрсөн ах хул хязааландаа 2006 оны улсын баяр наадамд айргийн таваар хурдлан Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн нэр дээр цоллуулж байсан билээ. Ийнхүү төрийн наадамд цулбуур өргүүлсэн хурдан буянгуудын эх хээр гүү өдгөө Халх гол сумын уугуул, аймгийн заан Чаргаад байдаг бөгөөд 2009 оны улсын наадамд айргийн гуравт хурдалсан Ц.Махвалын халтар азарганд хураалгасан гэдэг юм билээ.
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна