Шадар сайдын шандаст халзан

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 23 -нд

Луу жилийн одтой хүлгэдийн нэг нь яахын аргагүй Шадар сайдын шандаст халзан. Жилийн өнгө тольдох хаврын бүсийн анхны уралдааны аман хүзүүнд хурдалж, эзнийхээ самсааг шархируулж байсан энэ хүлэг хэдхэн хоногийн өмнө төрийн их баяр наадамд цулбуур өргүүлэн айрагдлаа. Энэ жил есөн настай халзан морь Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул Октябрийн унаган адуу. Шүдлэндээ овооны наадамд түрүүлсэн халзан үрээ хязааландаа Хэнтий аймгийн Бэрх сумын наадамд түрүүлж, соёолондоо айрагдан тэр хавьдаа “гаргаахгүй адуу” хэмээгдэж байв. Харин долоотой морь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын наадамд айргийн гуравт хурдлан морь сонирхогчдын анхаарлыг татах болжээ. Энэ он гарсаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын улсын сайн малчин Б.Гантуяагийн нэрэмжит уралдаанд түрүүлж,давхар уяагаар “Дүнжингарав -2012” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлж, төрийнхөө их баяр наадамд айргийн дөрвөөр хурдлаад буй нь энэ юм. Халзан морь нимгэн уралддаг, зөөлөн уяатай адуу гэдэг.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна