Манлайн хурдан хүрэн

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 28 -нд

Адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг мэдэрч омогшин буй уяачдын нэг нь Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнэ. Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадан МУ-ын Манлай уяач цолыг хүртээд буй тэрээр АХ-ын 91 ойн баяр наадамд их морь түрүүлгэн дээлэндээ багтахгүй хөөрсөн билээ. 
Эзнийхээ магнайг тэнийлгэж, уяачийнхаа урмыг тэтгэсэн хүрэн морь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Эрдэнэбатын унаган адуу.Даага, шүдлэндээ  Хэнтий аймгийн Баянхутаг сумын наадамд түрүүлсэн хүрэн морийг 2008 оны намар  одоогийн эзэн нь авчээ.Эдүгээ найман настай хүрэн морь соёолондоо улсын наадамд наймаар давхин, давхар уяагаар  Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн даншигт аман хүзүүнд хурдалж байсныг уншигчид санаж буй бизээ.
Харин өнгөрсөн улсын наадамд долоолж, давхар уяагаар Дорноговь аймаг  байгуулагдсаны 80 жилийн ой, зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд айргийн таваар  хурдлан  энэ цагийн хурдан буян гэдгээ баталсан юм. Луу жил гарсаар хүрэн морь хоёр ч бүсийн наадамд тоосоо өргөн “Дүнжингаравын хурд-2012”- д 14-өөр, “Өмнөговь-2012” уралдаанд аман хүзүүдсэн билээ. 90 хоногийн хатуу уяатай хүрэн морийг эзэд нь Хурдан хүрэн хэмээдэг бөгөөдТөвийн бүсийн даншиг  наадамд тоосоо өргөхөөр бэлтгэж байна.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна