Хар сүлд цэнгүүлэх их тахилгын баяр

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 28 -нд

Алунгуа эхийн хөвгүүн Буха хатаги өвөгтэй Зотол хан, Матад хан, Дархан хан уулын үр сад одоогийн Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумаар байдаг. Хатагин овгийн зон олон 2012.08.13 - 14 өдрүүдэд  Хар сүлд цэнгүүлэх 2-р Их тахилга наадмаа Төрийн тамгатай 13 хутагтын нэг Егүзэр ламхайн довноо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Энэ Хатагин гурван хошууны наадмын үеэр Егүзэр хутагтын музей, Хатагины хар сүлдний тахилгын өргөөний нээлтийг хийсэн бөгөөд орон нутагт тэр бүр байхгүй ховорхон загвартай сайхан өргөө болж хэмээн ирсэн зочид, нутгийн олон ам сайтай байсан гэнэ. 
Хөтөлбөрийн дагуу Хар сүлдийг наадмын төв асарт сүлдний зайсан Н.Төртогтох тэргүүтэй есөн  шарга морьтон залсанаар Хар сүлдээ цэнгүүлэх Хатагин гурван хошууны наадам эхэлсэн байна. Уламжлал ёсоор хос морьтон шалгаруулж,  сур, шагайн харвааны тэмцээн, хүчит 64 бөх зодоглосноос  аймгийн арслан  Батжаргал түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ. Наадмын орой гурван сумын залуусын цэнгүүн болж МУГЖ С.Батсүх, СТА дуучин Батболд, “Шанзны 3” хамтлагууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөж  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын С.Амартайван, Н.Лутбаяр, Б.Сод-Эрдэнэ, Дорнод аймгийн Чулуунхороотын Л.Батжаргал, Матадын яруу найрагч О.Баярбат тэргүүтэй нийт 12 яруу найрагчид шүлгээ дээжилсэн байна.
Их нас, соёолон, хязаалан насны морьд уралдснаас Матад сумын аймгийн Алдарт уяач  Д.Ууганбаярын саарал хязаалан хол тасархай түрүүлж, их насанд Матад сумын аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын хонгор түрүү магнайд хурдлан, аман хүзүүнд Матад сумын аймгийн Алдарт уяач М.Мөнхсайханы хүрэн халзан хурдалжээ. Соёолонгийн уралдаанд мөн Б.Цэндбаатарын уясан хар соёолон түрүүлэн, айргийн тавд Матад сумын залуу уяач Б.Өнөболдын хээр, айргийн тавд Матад сумын “Буман олз”-ХХК-ийн захирал Д.Цогтжаргалын хээр тус тус хурдалсан байна.
Анх 2009.09.09-ны өдөр СГЗүтгэлтэн, доктор профессор  Го.Аким, эрдэмтэн  Д.Цогточир, яруу найрагч С.Амартайван, УИХ-ын гишүүн асан Р.Буд зэрэг уг овгоо гэсэн олон хатагинчуудын санаачилгаар  Дорнод аймгийн Матад суманд зохион байгуулж байсан. Гуравдахь наадмыг гурван жилийн дараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумнаа тэмдэглэх гэнэ.
Дорнод аймгийн МСУХ-ны НБДарга Хатагин Б.БАТСАЙХАН

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна