“Зоос” галын тэргүүн, аймгийн Алдарт уяач Д.Батбаяр: Дүү бор миний төрийн наадмын айргийг тасалсангүй

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 03 -нд

-Төрийнхөө наадамд бор морио айрагдууллаа. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Энэ жилийн баяр наадам сайхан болж, хүн бүр сэтгэл өег үлдлээ. Энэ жилийн төрийн наадмын эрлийз морьдын дээд насанд миний дүү бор айргийн дөрөвт хурдалж, магнай тэнэгэр сайхан наадлаа.
-Дүү бор ямар угшилтай адуу вэ?
-Арабын эрлийз адуу л даа. Шүдлэнд  нь нутгийн дүү Тэрбиш надад бэлэглэсэн юм. Ямартаа ч дүү бор миний төрийн наадмын айргийг тасалсангүй.
-Та хэзээнээс морь уяж хурдлуулах болсон юм бэ?
-Морь сонирхож уядаг болоод зургаа, долоон жил болж байна. Бага байхдаа хурдан морины унаач хүүхэд явлаа. Тийм болохоор багын л моринд дуртай байсан. Аавынхаа уясан морийг олон жил унаж айрагдахдаа айрагдаж, хоцрохдоо хоцорч л явлаа.
-Удам дагасан уяач байх нь ээ. Одоо магадгүй хүүхдүүд тань ч морины хорхойтнууд болсон уу?
-Зээ хүү Х.Хангал маань миний морийг унадаг юм. Моринд их дуртай хүү бий дээ. Өвөө зээ хоёр морины тал дээр хамгийн их санал нийлнэ. Өвөөгөө байнга дагаад явна. Дуртай байгаа энэ үед нь мэддэгээ хэлээд өгвөл миний орыг залгах уяач болж магадгүй гэж  горьдоод л байна. Хүн ер нь дуртай зүйлээсээ буцдаггүй шүү дээ. Бас манай хүргэн моринд их дуртай болоод байгаа нь дэмтэй сайхан байна.
-“Зоос” хэмээн ард түмэнд хайрлагдах болсон бор адууныхаа талаар сонирхуулаач?
-Зоос бор давхар уяанд даацтай адуу. Наадмаас наадмын хооронд ханасан ажил хийлгэнэ. “Зоос” бор маань намайг олон баярлуулсан даа. 2008 онд  Заамарын наадамд  хязааландаа түрүүлж, 2009 онд  АХ-ын 88 жилийн улсын их баяр наадамд  соёолондоо түрүүлсэн. Тэр ондоо “Очирвааны хурд – 2009” наадамд түрүүлж, дараа жил нь Амар баясгалант хийдийн нэрэмжит бүсийн уралдаанд их насанд түрүүлсэн. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн 80 жилд түрүүлсэн гэх мэтчилэн сайхан сайхан амжилтууд олон бий. Одоо залгаад дүү бор нь амжилт гаргаж байна. Бас миний Таван цагаан нэртэй эрлийз адуу маань 2010 оны төвийн бүсийн наадмын аман хүзүүнд хурдалсан. Энэ мэт хурдан тууртынхаа буянд хийморь өөдөө яваа хүн дээ, би.
-Ярилцсанд баярлалаа.
                                                                                                                                                     Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна