“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 03 -нд

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиран дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхаан
 Ай даа намар цаг
 Алтан сайхан цаг
 Ай даа намар цаг
 Амьдрал тэтгэх цаг… эртний танил дуу.  Намрын налгар өдрүүд хэдийнэ айлчлан ирж, хүйтэн ирж байгааг сануулах мэт үе үе жиндүүлнэ. Гэсэн ч зуны зугаатай өдрүүд үйл явдлаар дүүрэн байж, “мода”-наас гарч амжаагүй сонин сайхан “халуун” хэвээрээ л байна. Эв найрамдлын бэлгэ тэмдэг Лондонгийн 30-р олимпоос монголчууд бид таван медаль хүртэж, шагналын чансаагаараа дэлхийд дээгүүрт бичигдсэн нь бахархалт мөчүүдийн нэг байлаа. Тиймдээ ч “Тод магнай” сэтгүүл шинэ дугаартаа цог заль нь гэрэлтсэн Олимпийн баатруудынхаа тухай өгүүлсэн байх ажээ.
Гурав дахь намартаа шинэ дугаараа уншигдадаа өргөн барьж байгаа тус сэтгүүлийн энэ удаагийн хүндэт зочин Монгол Улсын Манлай уяач Б.Бат-Өлзий  байлаа. Энэ жилийн баяр наадамдаа тун чиг одтой наадсан Манлай ярилцлагатаа “Уяач бүрийн цээжний мухарт улсын наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг” хэмээн ярьжээ. Бат-Өлзий уяач тавдугаар ангид байхдаа морин тойруулгын тамирчин болж байсан тэр цагаас хойш адуу хэмээх хийморилог амьтантай нэр холбогдож яваа нэгэн. Тиймдээ ч Манлайтай ярилцлагын ширээнээ тухлахдаа “Тод магнай”-н залуу уяачдынхаа “Хүсэлтийн хариуг” “бөөндсөн”-ийг сэтгүүлийн шинэ дугаараас шимтэн уншиж болох ажээ.
“Тод магнай” сэтгүүл нь уламжлалт баярын дугаартаа төрийнхөө баяр наадамд хурдан хүлгэдээ түрүүлгэж, айрагдуулсан аатай уяачид, тэдний хурдан хүлгэдийн талаар багтаан хоёр ч дугаараа уншигчдын хүртээл болгоод байсан юм. Харин үргэлжлэл болгож эрлийз морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьдын дэлгэрэнгүй танилцуулга, эздийн сэтгэгдлийг нь 33 дахь дугаартаа багтаажээ. Мөн сэтгүүлийн сурвалжлах багийнхан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж “Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг сурвалжлан, үйл явдлын сонин сайхныг фото зургийн хамтаар багтаасан байна. За бас “Холбоод” буланд алс баруун хязгаар Баян-Өлгий, Ховдын уяач эрхмүүд саатан, ажил үйлсээ танилцуулсан гээд олныг санал болгож болох ч үлдсэнийг уншигч таны мэдэлд үлдээе.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна