Аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатар: Хээр шүдлэн ахыгаа дуурайсан хурдан хүлэг болох байх

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 04 -нд

- Баяр наадмын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
- Сайхан байнаа. Сүүлийн арваад жил морь тасралтгүй уяж, аймаг бүсээс олон л айраг түрүү авч байсан ч улсын наадамд ахынх нь нэр дээр цоллуулж байгаа анхны төрийн хишиг энэ хээр шүдлэн болж  байна. Тэр утгаараа сэтгэл өндөр байнаа.
- Хээр  шүдлэн чинь алдарт Монгол хээрийн дүү байхаа?
- Тиймээ. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу, Монгол хээрийн төрсөн дүү нь байгаа юм. Өнгөрсөн жил сөнгө даага уягдаагүй. Энэ жил анх удаа уягдаад хаврын бэсрэг уралдаанд хоёр түрүүлсэн битүү шахуу үрээ. Ах хээр азарга нь улс бүсийн наадмын гурван түрүү гурван айрагтай. Ахыгаа дуурайсан хурдан хүлэг болох болов уу гэж найдаж байгаа./инээв/ 
- Наадмын өмнөх сунгаанд хурдан байна гэж дуулдаад байсан?
- Сунгаануудад хурдан байсан. Төрийн наадмын үзүүрийн таван адууны нэгэнд хээр үрээ маань багтана гэдэгт их итгэлтэй байсан. Энүүхэндээ гэж хэлэхэд хадгаа өвөртлөөд ирэх гэж байсан ч мартчихсан байна лээ. /инээв/
- Наранхүүгийн Монгол хээр азаргыг та анх түмэнд таниулсан, олон ч амжилт нь тантай салшгүй холбоотой?
- Хээр азарга надад байхдаа бүсээс хоёр айраг, хоёр түрүү авч байсан. Тэрнээс хойш улсын наадмын аман хүзүү,  Дүнжингарав,  бүсийн наадамд түрүүлснийг нь харахад  Наранхүүд очоод ялгаагүй сайхан л давхиж байна.
- Танай “Ажнай шарга” галын хамт олон энэ жилийн наадамд одтой байгаа. Хэдэн насны хэчнээн адуутай ирэв?
- Манай “Ажнай шарга” галынхан одтой сайхан наадаж дөрвөн айраг хүртлээ. Шадар сайдын халзан морь айргийн дөрөвт,  эрлийз дээд насны уралдаанд Б.Цэрэнбалтав прокурорын хээр үрээ  айргийн таваар хурдалж, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн халтар даага аман хүзүүдэн, миний хээр шүдлэн айргийн дөрвөөр хурдаллаа. Манай гал  уяаныхан нас насны 30-аад адуутай ирсэн. Ер нь төрийн наадам гэлтгүй манай гал он гарсаар одтой сайхан наадаж, бүсийн наадмаас хоёр түрүү нэг айраг авсан. 
- Б.Сүхбаатар уяачийн хувьд сэтгэлээс гардаггүй ямар наадам байна?
-2010 онд анх хээр азарга маань “Хотгойдын хурд”-д түрүүлж ирэхэд үнэхээр их баярлаж билээ.  Миний анхны бүсийн наадмын түрүү байсан болоод тэр үү сэтгэлд их ойр байдаг. Дараа нь зүүн бүсийн наадамд түрүүлж, Дүнжингаравын бүсийн уралдаануудад олон айраг авсан. Ер нь наадам болгон,  амжилт болгон сайхан шүү дээ.
- Баярлалаа. Таныг хурдан хүлгэдийн босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
                                                                                                                                                                 А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна