Төрд данстай-Соёмбо зээрд

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 04 -нд

Халхын дөрвөн том даншигийн аман хүзүүн эзэн Г.Батхүүгийн Соёмбо зээрд азарга АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдалж, энэ цагийн энгүй хурдан буян гэдгээ дахин нотоллоо. Зээрд азарга уг нь Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу. Хүү О.Батбилэгийнх нь нэртэй хурдан хулууд, соёмбо зээрд нэг эцгийн төлүүд юм билээ. Өөрөөр хэлбэл Тод манлайн хурдан хул азарганы төлүүд юм. Долоон жилийн өмнө Г.Батхүү Д.Онон Тод манлайгаас хээлтэй зээрд гүү авсан нь өдгөөгийн Соёмбо зээрдийн эх байсан аж. “Тод манлайн унаган адуу юм дуулгах учиртай” хэмээн зээрд үрээг дааган цагаас нь эхлэн уясан ч төдийлөн амжилт үзүүлэхгүй байсаар соёолондоо Сэлэнгэ аймагт болсон нэгэн уралдаанд арав гарч давхиж. Харин хавчигтаа Өлзийтөд болсон бооцоот уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2011” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэн /Б.Наранхүүгийн хээр азарга гуравт хурдалсан/, хэдхэн хоногийн дараа болсон “Нүүрэнтэйн хурд-2011” хаврын бүсийн уралдаанд амжилтаа бататган аман хүзүүнд хурдалсан билээ. /Энэ уралдаанд хээр азарга түрүүлсэн. Ер нь Соёмбо зээрд Б.Наранхүүгийн хээртэй өгөө аваатай уралддаг идэрхэн хүлгүүд билээ./
Ийнхүү хоёр бүсийн наадмын аман хүзүүнд хурдалсан Г.Батхүүгийн Соёмбо зээрд морь сонирхогчдын тааврын хүлгэдийн нэгд тооцогдох болсон бөгөөд эзнийхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлэн ирж, моринд элэгтэй монгол зон олон тэр дундаа эзнийхээ самсааг нь шархируулж, баярын магнай тэнийлгэж байлаа. Зээрд азарганы уяаг Нийслэлийн Алдарт уяач Цэндээхүүгийн Батболд хэмээх залуухан уяач тааруулдаг бөгөөд морин шүтээнтэй монгол зон олондоо соёмбо мэт хүндлэгдэж байхыг бэлгэдэн “Соёмбо” хэмээн нэрийдэх болжээ. Дашрамд сонирхуулахад Тод манлай адуун сүргээ соёмбо тамгаар тамгалдаг юм билээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна