МУ-ын Алдарт уяач Д.Батчулуун: Сайн адуу хүнд цаанаасаа заяадаг юм билээ

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 06 -нд

-Нар хур тэгширсэн наадмын өдрүүд шувтарч байна. Таны морьд хурдан, уяа тавлаг байв уу?
-Сайхан зун гарч өнгөрлөө. Морьд эвлэг, тавтай сайхан наадлаа. Би “Хангайн хурд” галын ерөнхий уяач. Манай галынхан энэ жил их сайн наадлаа. Наадмын хэдэн өдрүүд гэдэг уяачид, хурдан хүлгэд, унаач хүүхдүүд, наадамчин олны хийморь лундаа, цог золбоог сэргээсэн сайн сайхан зүйлээр дүүрэн байдаг мөчүүд юм.  Бүтэн жилийн хөлс, хүч хөдөлмөрөө тэнд л гаргаж байгаа юм шүү дээ. Зарим хүмүүс морь уяхыг сонирхлын төдий зүйл гэж ойлгоод байдаг. Үгүй шүү дээ.
-Батчулуун уяачийн хувьд бага залуугаасаа морь дагасан уу? Ямар шижмээр морьтой холбогдсон бол?
-Ах нь 1959 онд Булган аймгийн Хангал суманд төрсөн. Одоо Орхон аймгийн Жаргалант суманд малчин хийж байна. Миний аав намайг моринд хөтөлж оруулсан даа. Дорж хэмээх уяач хүн байлаа. Аавын маань морийг сайхан эдэлж, унаж, уядаг байсан нь надад өвлөгдөж ирсэн дээ. Би Хангал сумын адуучин байхдаа адууны дэл сүүл боож эхэлсэн. Хурдан морины хишиг буяныг их эдэллээ. Би 30 гаран жил морь уялаа. Ер нь бүхий л амьдралаа ганцхан энэ морины төлөө зориулсан даа. Элдэв янзын эд хөрөнгийн төлөө явсангүй. Одоо боддог юм. Яагаад энэ олон жил би морь уясан юм бол...зуун үхэртэй ч юмуу, мянган хоньтой болохгүй яаваа гэж. Адуу гэдэг хүнийг ингэж л татдаг. Олон жилийн зүтгэлийг минь төр улс үнэлсэн шүү.
-Олон сайхан наадмын асарт цоллуулсан байх. Ямар хүлгэдээр амжилтанд хүрч МУ-ын Алдарт хэмээх том цолонд хүрсэн бэ? Таныг Хангалын голын анхны Алдарт гэдэг юм билээ?
-Тиймээ. Хангалын гол гэж хэзээнээсээ нааш хурдан хүлэг, сайн уяачид ихтэй газар л даа. Отгонбилэг намайг анх Улаанбаатарт аваачиж, хурдан хээр морь маань улсад аман хүзүүлсэн. Тэр хурдан хээр морь маань Эрдэнэтэд зургаан удаа түрүүлсэн юм. 1976 онд Эрдэнэт хотын анхны наадамд хоёр соёолон айрагдуулж амжилтын гараагаа эхэлсэн. 1981 онд хурдан хээр даагандаа түрүүлж, мөн өсгийн цагаан хээр маань түрүүлж байлаа. Түүнээс хойш олон айраг түрүү авсан даа.  Хурдан хээрт 40-өөд медаль лав байна. Нэг морины амжилт гэхэд их ховор юм. Морь уясан 30-аад жилийн хугацаанд улс, бүс, аймгийн 16 түрүү, 23 айраг авчээ. Тэгээд 1996 онд МУ-ын Алдарт уяач цол авсан. Өмнө нь Булган аймгийн Хошой аварга уяач цолтой байлаа. Алтангадас одон, Монголын Морин Уралдааны Холбооны “Их хүлэгч” цолтой.
- Таны уяаны арга барилын онцлог нь юундаа байна вэ? Морины ажил хийхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Уяач бүхэн өөрийн гэсэн арга барилтай. Сүүлийн үед уяачийн арга туршлагын тухай ном сэтгүүл олон болсон байна. Бидний багад тийм зүйл байгаагүй. Өвөг дээдсээсээ суралцсан хэдэн юмаа л  хар ухаанаараа л эвлүүлдэг. Гэхдээ морио сайтар таньж, судлаад, түүнд нь тааруулж ажлаа хийх хэрэгтэй. Морийг их эртнээс бэлдэнэ. Мориний хийц, зан ааш, ямар сэтгэлтэй байна гэдгээс шалтгаалж гол ажлаа хийнэ.
-Морь өлдөнө, хөөрнө гээд олон төрлийн эмгэг байдаг юм билээ. Тэр бүхнээс яаж сэргийлэх вэ?
-Морио эхлээд давхил янзаар нь шинжиж мэдэх хэрэгтэй юм. Жишээ нь: богино хавиргатай, чихний холбоо богино, нүд жижигтэй морь ойрын давхилтай байна гэж би боддог. Холч морины шинж гэвэл магнай толгой том, хавирганы матаас их, сүвээ хавирга элбэг, хөлний шөрмөс сайн гэх мэт. Морины хар гэдсийг аваагүй, нэг ёсондоо умс нь гүйцэд агшаагүйгээс болж морь өлдөх, хөөрүү зантай болох, өвчин эмгэг тусах зэрэг идэш хоолны алдаанаас болдог.
-Таны хаанаас адууныхаа цусыг сэлбэдэг вэ?
-Миний адуу удам дамжиж ирсэн нутгийн адуу. Булган аймгийн Хангалын гол, Сэлэнгийн Баруубүрэн, Орхон туул сум, Төв аймгийн Жаргалант, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг болон Тува гарлын адуу цуглуулж адууныхаа цусыг сэлбэн сайжруулж байна даа. Би сайн адуутай болъё гэж хүсэж, мөрөөдөж явдаг хүн. Сайн адуу хүнд цаанаасаа заяадаг л юм билээ. Түүнээс биш хэн дуртай нь хүсээд олдохгүй. Аливаа уралдаан наадамд үй олон л хүлэг морьд уралдаж байна. Түүн дотроос тодорч гарч ирнэ гэдэг их хувь заяа. Миний хэдэн хүүхдүүдийн минь хүслээр болдог ч юмуу, олон айраг түрүүнд морьд минь цойлж байлаа.
-Та өөрөө удмаа дагасан уяач хүн юм байна. Таны удмыг залгаж, уяаны эрдмийн тань өвлөх моринд сэтгэлтэй хүүхэд бий юу?
-Байгаа. Би айлын ганц хүү байсан. Харин өөрөө дөрвөн бандитай болсон. Бүгд моринд дуртай. Эхнээсээ сургууль соёлоо төгсөөд ажиллаж байна. Хамгийн бага маань энэ жил их сургуульд орно. Миний хүү Батболд гэж уяаны бүхий л ажлыг хийдэг хүү бий. Хүүхдүүд маань энэ их адууны буян хишгийг үргэлжлүүлээд явах байхаа.
-Хурдаа хэр их тараадаг вэ? Уяан дээр тань одоо хичнээн тооны адуу байгаа бол?
-Миний адууны угшил сайн хурдалдаг. Их ч тарсан даа. Энд тэндээс адуу авахаар сайн нь сайн, муу нь муу л байдаг. Тэр бүр сайн байдаггүй юм шүү дээ. Уяан дээр 50 гаруй морьд байна. Би бүс болон улсын наадамд уралдах сонирхолтой байгаа. Атрын 50-н жилийн том уралдаанд морьд маань их сайн орсон. Авзага, Дүнжингарав, Тамирын хурд, Заамарын хурд гээд томоохон наадмуудад их орлоо.
-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж үг бий. Эрлийз адууны тал дээр уяачид санаа бодол зөрөлдөөд байх шиг байна. Таны бодлыг сонсъё?
-Хурдан адуутай болъё, чанаржуулъя гэсэн хүсэл байна. Үүнд буруу гэж үгүй. Цэвэр цусны адуу илүү хурдтай, том чацтай. Эрлийз адуу уралдуулахгүй гээд л олон асуудал байна. цэвэр цусны адууг ялгаж салгах хэрэгтэй. Зүгээр эрлийз адуу олон байна. Түүнээс биш эрлийз адуу хэнд ч гэсэн бий шүү дээ. Хамгийн гол нь зөв, нэг шийдэлд л хүрэх хэрэгтэй юм даа.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна