Төрийн хишгийг хоёронтоо хүртсэн хул

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 10 -нд

Баяр наадмын өдрүүдэд газар газрын хурдан ажнай шандас шалгахаар улсын наадмыг зорьдог. Олон хоног хээрээр гэр, хэцээр дэр хийн хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг уяачдын маань  хөдөлмөр хурдан хүлгээ төрийн наадамд мордуулан Цагаан хөтөл ширтэн суух торгон агшинд  үнэлэгддэг. АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд айргийн гуравт Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Орхон аймгийн Жаргалант сумын суугуул Ц.Буянбаатарын хул үрээ хурдаллаа. Хул үрээ Билэгдэмбэрэлийн унаган адуу бөгөөд эцэг нь эрлийз, эх нь Даваасүрэнгийн хонгор гүү. 2010 онд даагандаа мөн төрийн наадамд айрагдан унасан хүү, уяасан эзнээ баярлуулсан. Шүдлэндээ “Тамирын хурд”-д хол тасархай түрүүлсэн ч эрлийз хэмээн хасагдсан гэдэг. Төрийн хишгийг хоёронтоо хүртэж эзнийхээ баяр бахдалыг төрүүлээд байгаа хул үрээ наадмын өмнөх 61-ийн гарамны сунгаанд өнгөнд явсан болохоор эзэн нь айрагдана гэдэгт итгэлтэй байсан ажээ. Харин ”Миний үрээ улсын наадамд өнгөлж явсаар байгаад барианы наахна хөл нь жаахан эвгүйдээд сууж айргийн гуравт орчихлоо” хэмээн Ц.Буянбаатар уяач харамсангуй өгүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна