“Алтан гадас”-ын мялаалга наадам боллоо

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 11 -нд

Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны хүндэт тэргүүн, зөвлөх Нэрэндоржийн Ганбаатарын аймгийн Алдарт уяач, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгийн мялаалга наадам Хэрлэнгийн хөвөө Хан-Уулын ар хормойд боллоо. Н.Ганбаатар нь Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул бөгөөд ажил амьдралын гараагаа Дорнод нутгаас эхлүүлж, сүүлийн 15 жилд тус аймгийн МСУХ-ны тэргүүнээр тасралтгүй ажиллаж байгаа нэгэн. Түүнийг нутаг орныхон нь “Ан” -гийн Ганбаа л хэмээнэ. Учир нь тэрээр “Дорнод Ан Трейд” ХХК-ны захирал бөгөөд ан зүйч мэргэжилтэй юм билээ. Тус аймгийн МСУХ нь хурдан морины удам угсааг сайжруулах, уяачдыг алдаршуулах зэргээр хурдан морины хөгжилтэй холбоотой олон бүтээлч ажлыг хийсээр иржээ.
Энэ наадамд Н.Ганбаатарын гэр бүл, ах дүүс, төрөл төрөгсөд, анд нөхөд, аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, Дорнод нутгаас төрөн гарсан МУ-ын Алдарт ахмад уяачид, сумдын МСУХ-ны тэргүүд болон хурдан морь сонирхогчид, уяачид өргөнөөр оролцсон аж.  Мөн УИХ-ын гишүүн, аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун хүрэлцэн ирж гарын бэлгээ гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Мялаалга наадмын үеэр хязаалан насны уралдаан болж трүү магнайд энэ жил аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн Баянтүмэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач В.Ганжаргалын хүрэн хязаалан хол тасархай түрүүлсэн юм. Харин аман хүзүүнд Хэрлэн сумын Батмандахын хар, айргийн гурав, дөрөвт Сүхбаатар аймгийн Алдарт уяач Готовсүрэнгийн хүрэн, бор хязаалан дараагаараа хурдалсан бол айргийн тавд Гурванзагал сумын залуу уяач Хүрэлбаатарын хул тус тус айрагдлаа.
Түрүү хязааланг В.Ганжаргалын охин Г.Хонгорзул унаж түрүүлсэн бол аман хүзүүнд давхисан хар хязаалан өнгөрсөн жил Хэрлэн сумын “Санбэйсийн унага” МСУХ-ны анхны уралдаанд түрүүлж байсан эдний унаган адуу юм. Сүхбаатар аймгийн Алдарт уяач Готовсүрэн нь 2006 онд Дорнод аймгийн баяр наадамд шарга үрээгээ түрүүлгэж байсан бол энэ удаа айрагдсан хүрэн нь шүдлэн үрээ юм байна.
Хүчирхэг луу жилд Дорнод аймгийн МСУХ-ныхон одтой хийморьтой байж, тэргүүн Х.Болорчулуун нь УИХ-ын гишүүнээр сонгогдон, Ардын хувьсгалын 91 жилийн улсын баяр наадмаар аймгийн Алдарт уяач Т.Батзориг, Б.Цэндбаатар нарын уясан морьд түрүү магнайд хурдлан, зүүн бүсийн уралдаанд амжилттай уралдсан. Мөн Хүндэт тэргүүн Н.Ганбаатар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан зэрэг бахдам түүхийг бичээд байгаа юм.

Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.БАТСАЙХАН

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна