НАУРЫЗЫН БАЯРЫН УРАЛДААН

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 14 -нд

Алтай таван Богдын бэл, үзэсгэлэнт Ховд голын хөндий дэх Өлгийчүүдийн үндэсний баяр болох Наурызийн уралдаан жил бүр уламжлал болон зохиогддог. Энэ жилийн  отгон наадам 2012 оны 3-р сарын 22-ны өдөр болж их насны хурдан хүлгэдийн уралдаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат Н.Санатбекийн хээр халзан түрүүлжээ. Энэхүү хээр халзан морь нь Увсын Тэс угшилтай адуу юм. Харин аман хүзүүнд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат Кожейгийн халтар орж, уясан эзнээ баярлуулсан бол айргийн гуравт тус аймгийн Алтанцөгц сумын уяач Мухамедийн хүрэн орсон аж. Айргийн дөрөвт мөн аймгийн Цэнгэл сумын уяач Пернебекийн од хүрэн морь шандас шалган уралдсан бол айргийн тавд Өлгий сумын уяач, отгон шилдэг уяач Ш.Айдосын хөх буурал урамтай сайхан хурдалсан байна.
Наурызийн уралдааныг залгаад цагаан сарын азарганы бооцоот уралдаан Баягетөбе хөндийд болжээ. Энд 47 хурдан хүлэг шандас шалган уралдсанаас Баян-Өлгий аймгийн уяач Шарязданы бор хээр азарга магнайлан, Өлгий сумын уяач Ш.Айдосын цоохор азарга удаалж, айргийн гурваар Буянт сумын уяач Баатарын хүрэн азарга хурдалжээ. Харин айргийн дөрвөөр Буянт сумын уяач Ганбаатарын хүрэн азарга ирж, айргийн тавд Ногооннуур сумын уяач Махабатын хар алаг азарга орсон аж.
Энэхүү уралдааны үеэр үндэсний мэргэжлийн спорт болон хөгжиж буй “Тулам булаацалдах” тэмцээн болжээ. Уг тэмцээн нь өөрийн гэсэн дүрэмтэй бөгөөд хоёр багийн гишүүд тэнцүү тоотой байх бөгөөд багт тоглох тоглогчдын хувьд тогтсон тоо байдаггүй ажээ. Ямааны арьсан тулмыг морьтой эрчүүд булаацалдан том тогоонд шидэн оруулснаар ялагчид тодордог юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна