Ө.Мөнхтайваны Хулан хээр

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 16 -нд

АХ-ын 91 жилийн ой бүхэлдээ өмнийн говийнхон тэр дундаа “Ажнай” гал уяаныхан бярлахсан  наадам боллоо. Хурдан соёолонгийн уралдаанд тус галын гишүүн Ө.Мөнхтайваны хээр үрээ айргийн таваар хурдалсан.
Төрийн наадмын дэвжээнд анх удаа шандас сорьж буй хээр үрээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулууны унаган адуу. Даага, шүдлэндээ уягдаагүй битүү үрээг хязааланд нь одоогийн эзэн нь авчээ.
Хавар нялх ногоотой зэрэгцэн шинэ эзэндээ ирсэн хээр үрээ хоёр сарын дараа болсон Өмнөговь аймгийн 80 жил, “Говь шанхын хурд” бүсийн наадамд анх уралдааны замд гарсан гэдэг. Урд нь улс бүсийн наадамд айрагдчихсан луухагрууд мордсон энэ уралдаанд Ө.Мөнхтайваны битүү хээр үзүүр дээрээ тарлан түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлснийг уншигчид санаж буй бизээ. Ийнхүү моринд ороод удаагүй байгаа эзнийхээ алдрыг дуурсгаж, нутгийн ойн түрүү авчирсан хээр үрээ энэ он гарсаар Ханбогд суманд болсон хаврын анхны уралдаанд түрүүлж, аймгийн баруун бүсийн уралдаанд арав гарган давхиад  төрийнхөө их баяр наадамд айргийн таваар хурдалсан нь энэ. 600 километрийн алсаас анх удаа төрийн наадамд шандас сорихоор гарсан эзэн хүлэг хоёрт Алдартын адуутай хурд сорих боломж тохиож. Төв аймгийн Сэргэлэн сумын урдхантаа нутаглаж байсан МУ-ын Алдарт Ц.Жамбалсүрэнгийн морьдтой сунгахад хээр үрээ холхон түрүүлж битүүхэн найдлага төрүүлж байсан гэдэг. Тэрхүү найдлага 7-р сарын 12-ны өдөр биеллээ олж, Мөнххааны хээр үрээ төрийнхөө их  баяр наадамд айргийн таваар хурдлах нь тэр.
Уяа нь  жигдрэхээрээ хошуу нь цайрчихдаг хээр үрээндээ Чулуун гуай Хулан хэмээх нэрийг хайрласан бөгөөд Хулан хээр одоогийн байдлаар улс бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг хүртээд байна. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна