МУ-ын алдарт уяач Д.Дагвадорж: Нэг азарганы гурван төл сайхан давхиж айрагдана гэдэг ховорхон амжилт

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 20 -нд

-Монголчууд аливаа зүйлийн эхлэлд бэлгэшээлтэй ханддаг. Эхний өдөр морь айрагдууллаа. Баяр хүргэе?
-Манай монголчууд аливаа зүйлд бэлгэ дэмбэрэл боддог өөдрөг ард түмэн. Монгол наадмын эхний өдөр  зээрд үрээ маань айргийн гуравт хурдаллаа. Бэлгэшээлтэй сайхан байна.
-Тэр тусмаа нэг азарганы төлүүд дараагаараа орлоо?
-Харин тийм. Тод манлай уяач Д.Даваахүүгийн Хөх цавьдар азарганы төлүүд шүү дээ. Тэр жил гурван эр унага гарсны нэг нь надад, нөгөө нь хүү Баянбатад нь, бас нэг нь Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатад байдаг юм. Энхбатын үрээ Төв аймгийнхаа наадамд түрүүлсэн дуулдана лээ. Ийнхүү нэг азарганы гурван төл сайхан давхиж гурвуулаа нэг жил амжилт үзүүлж буй нь бас их ховорхон тохиох завшаан байх.
-Зээрд үрээ төрийн наадмын хишгээр Алдарт уяач цолыг тань мялаалаа?
-Тэглээ, Алдарт уяач цолны мялаалга, Манлай уяач цолны эхлэл боллоо гэж бэлгэшээж байна.
-Ингэхэд хэдэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж Монгол улсын Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-Морь мал гэж явах болсоор 20-иод жил өнгөрчихөж. АПУ-гийн Г.Батхүү, “Монгол базальт” компанийн захирал Ариунболд бид хэд бизнесмэнүүд дотроос хамгийн анх морь сонирхсон хүмүүс байгаа юм. Батхүү маань Тод манлай, харин би Алдарт уяач цол хүртээд байна даа.
-Шинэхэн Алдартын бусад насны морьд хэрхэн давхисан бол?
-Их нас 39, азарга найм,12-оор,  соёолон 11-ээр, шүдлэн 34-өөр давхилаа. Хуулиа барихгүй иймэрхүү байх юм бол даага мордуулаад дэмий юм шиг байна. Төрөөс хоёр хувааж  өгчихөөд байхад манай уяачид ёс суртахуунтай шударга байх хэрэгтэй. 
-Таны санал зохих эзэддээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн уралдаануудад тань  амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна