Аймгийн Алдар уяач Э.Ууганбаяр: Цахиур хулаа түрүүлэхэд туршлагатай болчихсон байсан

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 21 -нд

- Сайхан зусаж байна уу.  Уяа сойлго эвлэг, морьд хурдан байна уу? 
 - Сайхан зусаж байна. Ноднингийн ханиадыг нь бүрэн эмчлээд зургаан сар дөнгөж гаргаад морьдоо барилаа. Уяа сойлго жигдрээд сайхан болж байна. Хоёр гурав хоногоос хот руу явна даа. Энэ жил Дүнжингаравт их нас, соёолон явуулсан нь хоёулаа 20 гаргаад ирлээ.
- Алдарт хэдэн насны морь уяж байгаа вэ?
- Энэ жилийн тухайд их бага нийлсэн хориод адуу уяж байна. 
- Та чинь төрийн наадмын түрүү Цахиур хулыг уядаг байхаа?
- Тиймээ, Цахиур хул азаргаа дааганаас нь эхлээд уясан. Хөл нь жаахан эвгүйдээд энэ жилийн тухайд өнжөөж байгаа. Гэхдээ Цахиур хулын гал төл хонгор даагаа мордуулна.
- Адуутай холбогдсон үеийн дурсамжаасаа хуваалцаач?
- Би Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн байгаа юм. Миний аав Энэбиш сайн уяач байсан. Аавынхаа уяаны ажилд тусалсаар байгаад л адуунд дуртай болчихсон хүн дээ. /инээв/ Тэгээд муу  ааваасаа хойш бие даан уяа сойлго тааруулж байна. Би эхээс гурвуулаа, хоёр эрэгтэй дүүтэй. Нэг нь надад туслаад хамжаад энд, нөгөө нь хотод байдаг юм.
 - Танай галын гол хурд нь таны унаган адуунууд гэсэн байхаа?
 - Аав минь 1987 онд Тайж угшлын халтар даага авсан нь их хурдан байсан. Тэрний анхны төл  халтар азарга гарсан нь 2001 онд улсад айргийн гуравт хурдалсаныг манайхан залуу халтар гэдэг юм. Одоо 19-тэй хөгшин азарга бий. Халтар азарга маань ер нь уралдах болгондоо л айрагдаж, түрүүлдэг аргагүй хурдан буян. Энэ хэдэн халтар азаргануудын төлүүд л хурдалж байх шив дээ. 
- Улсын наадмаас анх айраг авч байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Анх 2001 онд чиргүүлтэй 30-аар морьдоо ачаад улсынхаа наадамд ирж байлаа. Нутгаас гараад хорин хэд хоносон өмссөн дээлтэйгээ, үсээ засуулаагүй. Тэр үед шүдлэн түрүүлж морддог байлаа.  Шүдлэн айрагдахад учраа олохгүй мунгинаад л. Маргааш нь халтар азарга, хүнд өгсөн хязаалан үрээ айргийн гурваар хурдалсан. Тэр үе үнэхээр сайхан байсан шүү.  Харин морь орж ирж байх үеийн зургаа энд тэндээс дараа нь харахад эвгүй арзайсан үстэй амьтан байсан. /инээв/ Гэхдээ газар газрын хурдан хүлэгтэй шандас шалгаад айраг түрүү авсан сэтгэлийн дэргэд юу ч биш байлаа  шүү дээ. Нэг азарганы гурван төл, төрийн баяр наадамдаа айраг түрүү хүртэнэ гэдэг ховорхон амжилт юм шүү. Тэгж барьц алдсаныг эс тооцвол 2007 онд Цахиур хул шүдлэнг түрүүлэхэд учраа олчихсон л байлаа.
- Ингэхэд Цахиур хул одоо хэдэн настай билээ?
- Эцэг нь миний халтар азарга, эх тал нь манай Сүхбаатар аймгийн Халзан сумын Энх-Амгалан гэж хүний угшилтай. Шүдлэндээ улсад түрүүлээд Хотгойдын хурд, Говьшанхын хурдад хоёуланд нь айргийн гуравт хурдалсан. Мөн хязаалан “Алтайн унага-2008” Ховдын даншиг наадамд түрүүлээд, соёолондоо  Атар газар эзэмшсэний 50 жилийн ойд айргийн таваар хурдалсан юм. Энэ жил наймтай залуу адуу.
- Ууганбаяр уяач улс бүсээс хэдэн айраг түрүү хүртээд байгаа вэ? Өөрөөр хэлбэл улсын цолонд хэр дөхөж байгаа вэ?
- Улсаас гурван түрүү, найм есөн айрагтай болсон. Аймаг сум гэвэл тоолж үзсэнгүй. 1999 онд Алтан-Овооны тахилгад очлоо. Тэнд нэг шүдлэн түрүүлсэн. 2000 оны Өвгөн ноёны наадамд  хүрэн шүдлэн аман хүзүүдсэн.
- Ер нь танай халтарууд уяа сойлгын тухайд ямар онцлогтой адуунууд вэ?
- Адуу адууны онцлог өөр л дөө. Халтаруудын хувьд ихэнхдээ чанга жигдхэн уяатай. Харин Дэлгэр хээрийн хувьд бэлэн давхилтай зөөлөн уяатай адуу.
- Гэр бүлийн хүн тань бас моринд дуртай юмаа даа?
- Харин тийм. Багадаа  Алтан-Овооны наадамд шүдлэн унаад түрүүлгэж байсан шаггүй унаач шүү дээ. /инээв/  Биднийг ийш тийшээ явахад хэдэн хүүхдийн хоол хийх нэрээр дагаад л явдаг юм. Манай охин Баярмаа ч ялгаагүй малд нүдтэй, морь харах дуртай.
- Цус хэр их сэлбэж байна?
- Манайхны адуу унаган шахуу тиймээс энэ хавар цус сэлбэхээр Будённый азарга авлаа. Халтарынхаа төлүүдийг хураалгана даа. Ирэх жилээс шинэ монгол адуутай болох санаатай. Шинэ монгол адуугүй бол уралдах хэцүү болж байна шүү. Улс уяад болоод байхад ах нь ч гэсэн уяж болох байлгүй дээ.
- Гал уяаныхан чинь таныг их үнэлдэг юм билээ. Та ууган гишүүдийнх нь нэг байхаа?
- Тиймээ. Анх байгуулагдсан цагаас л хэдэн морьдынхоо уяа сойлгоо Тайвнаа ахтайгаа хамтраад тааруулж байна. Баатархүү ахыг эртнээс мэднэ. Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн  бид нэг гал уяа болоод багагүй хугацаа өнгөрч. Манайхан сэтгэл санаа нийлсэн нэг хамт олон болсон хиргүй сэтгэлээр бие биедээ тусалж дэмждэг болохоор морины босоо цагаан хийморь ивээж гал уяаны амжилт урт удаан  үргэлжлэх байхаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна