Аймгийн Алдарт уяач Л.Ганбат:”Төвийн бүсийн даншигт унаган үрээ айрагдахад л хамгийн их баярласан”

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 24 -нд

-Ганбат Алдарт аль нутгийн хүн бэ?
- Уг гарал бол Булган аймгийн Хангал сум. Манай аав  Лувсансамбуу сум нэгдлийн адуу олон жил малласан хүн. Адуучин аавын хүү морь малнаас хол байна гэж юу байхав. 1978 оноос хойш тасралтгүй морь мал уяж байна даа. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд аймаг сумдын наадмаас 20 гаруй түрүү, 30-аад айраг хүртсэн байдаг юм. Энэ амжилтаараа 2007 онд Орхон аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Адуучин аавын хүү нэгдлийн сүргээс сорчилж уяна биз?
-Манай аав Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн адуучнаар 15-16 жил ажилласан. Мэдээж аль гайгүй давхичаар адууг нь сорчилу уяна. Сүүлд нас нь яваад залуучуудад адуу өгөхдөө ганц нэг адуу авч үлдсэн байсан юм. Түүнийх нь үр төлөөр манайхан наадаж байна даа.
-Алдарт эхээс хэдүүлээ вэ?
-Есүүлээ.
-Хэд нь морь мал уяж байна даа?
-Таван хүүгийнх нь дөрөв нь адуу мал уядаг. Яахав алдар цолонд хүрээд сүйд болоогүй ч бүгд л хурдан морь сонирхоно. Хийморио сэргээгээд уралдуулчихна. Бас болоогүй ээ сум орон нутагтаа ганц нэг айраг түрүү аваад л байдаг юм.
-Анхны айраг түрүү хүртсэн наадам цээжний мухарт баярын нулимстай хадгалаастай байдаг биз?
-1984 онд цэргээс халагдаж ирээд гурван жилийн дараа Эрдэнэт хотынхоо наадмаас хамгийн анхны түрүүгээ авч байлаа. Ааваараа заалгаж уясан хул азарга маань түрүүлж хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Анхны түрүүгээ азаргаар авч байсан болоод ч тэрүү азарга гайгүй давхиад байх шиг санагддаг байсан. Харин сүүлийн гурван жил Эрдэнэт хотын наадамд даага тасралтгүй айрагдуулж байна. Бага нас гэдгээр нь хүмүүс нэг их ойшоодоггүй ч хамгийн эмзэг нарийн уяатай амьтан шүү дээ. Би уралдуулах даагаа өвөл нэг сараас эхлээд тэжээчихдэг юм. Адуу тураад ирэхээр өрөвдөөд уяж чаддаггүй хүн байгаа юм. Ямар сайндаа л МУ-ын Алдарт уяач Пүрэвжал гуай “Ганаа чи морь уяж чадахгүй хүн. Чам шиг зөөлөн сэтгэлтэй хүн хайрлаад уяж чаддаггүй юм” гэж байхав.
-Эрдэнэтийн адуу сайжирсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Бага насны уралдаан ширүүн болно биз?
-Өө тэгэлгүй яахав.Манай Эрдэнэт чинь газар газраас цугласан олон үндэстэн байдаг. Адуу  нь ч гэсэн газар газрын хурдтай холилдсон. Сүүлийн үед Эрдэнэтэд айраг, түрүү  авахад их чанга болсон байна. Бага адуунууд түрэн гарч ирж байна. Харин миний хувьд хүнээс адуу авч  байгаагүй. Унаган адуугаараа уралдсаар байгаад  аймгийн Алдарт уяач болсон. Үүгээрээ их бахархаж явдаг юм. 2010 оны Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жил, төвийн бүсийн даншиг наадамд миний халзан соёолон айрагдахад үнэхээр их баярласан. Газар газрын цуутай хурдууд ирчихээд байхад унаган адуу айрагдах юутай ч зүйрлэшгүй бахдал юм билээ. Халзан үрээний эцэг нь Жаргалант угшилтай, харин эх нь манай унаган гүү байсан юм.
-Уяачийн жаргал омогшлыг мэдрүүлсэн халзан үрээнийхээ талаар дэлгэрэнгүй яриач?
-Даагандаа анх сумынхаа наадамд түрүүлээд, Эрдэнэт хотын наадамд айрагдаад, уяачдын холбооны 10 жилийн ойгоор аман хүзүүдсэн. Халзан үрээний ганц гэм нь хадуурдаг. Намайг их олон удаа шатаасан даа./инээв/Өвлийн тойргийн уралдаанд түрүүлж байгаад хадуурч нэг шатаасан. Дараа нь Өсөхбаяр зааны наадамд түрүүлж байгаад үзэгчид рүү орж аман хүзүүдэн бас нэг шатаасан. /инээв/Гэсэн хэдий ч олон удаа баярлуулсан хурдан буян байгаа юм. Одоо 12-той, энэ жилийн хувьд уягдаагүй, хөлийг нь хатгаад тавьчихсан байгаа.
-Дээдсийн буян тэтгэж, хурдан хүлгүүд  тань өнө мөнх хурдлах болтугай.
-Баярлалаа. Та бүхнийг ч гэсэн морины босоо цагаан хийморь ивээж явах болтугай.

                                                                                                                                                                А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна