Төрийн их хүлгэдийн түрүүчийг заллаа

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 25 -нд

Төрийн их хүлгэдийн түрүүч монгол түмний морины их шүтээнээ заларлаа.  Ардын хувьсгал ялснаас хойшхи он жилүүдэд төрийн наадамд дөрөв буюу түүнээс дээш удаа түрүүлсэн дөрвөн азарга, гурав буюу түүнээс дээш түрүүлсэн дөрвөн  их морийг хөшөө болгон мөнхлөх ажлыг “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн санаачилж,  ШУТИС-ийн багш Ц.Мөнхмандах загварыг гарган, уран барималч  СТА Г.Энхтөр захиралтай  “Хулсан чавх” компани гүйцэтгэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Морьтон монголчуудын бахархал омогшил болсон төрийн их хүлгэдийг залах ёслол тодорхой шалтгааны улмаас хойшилсоор өнөөдрийг хүрсэн ч Манлай уяач М.Данзаннямын хүрэн буюу Ажнай хүрэн, Б.Наранхүүгийн шарга буюу Амгалан төрийн ажнай шарга азарганууд газар газрын хурд чуулсан их шүтээнээ заларлаа. Торгон ирэн дүүхэлзэн салхи сөрөн зогсоо шарга азарганы хөшөөг МУ-ын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, харин хүрэн азарганы хөшөөг Арвагар хээр холбооны дэд тэргүүн Б.Баянмөнх, Аймгийн алдарт уяач Г.Ариунболд нар ивээн тэтгэн бүтээлгэсэн аж. Хараа булааж хийморь сэргээсэн төрийн их хүлгэдийн дараа дараагийн хөшөөд тун удахгүй их шүтээнээ залрахын ерөөлийг өргөхийн сацуу дээрх хоёр азарганы талаар товч өгүүлсүү. 

Ажнай хүрэн

Төв аймгийн Баянцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Мөнхийн Данзаннямын төрийнхөө их баяр наадамд дөрвөнтөө түрүүлж /1980, 1986, 1988, 1989 оны наадмуудад/ 1985 онд айргийн гуравт хурдалсан  “Ажнай хүрэн” азарганы хөшөө монгол түмний морины их шүтээнд сүндэрлэх эрхтэй болжээ. Монгол төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан удам дамжсан уяачдын гэр бүлийн бахархалт хүлгийн хөшөөг бүтээхэд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Г.Ариунболд  гурван сая төгрөгийн хандив өргөжээ.

Амгалан төрийн ажнай шарга

Энэ цагийн амьд домог болсон Амгалан төрийн ажнай шарга хөшөөнд мөнхрөх дөрвөн азарганы нэг нь. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган хүлэг төрийнхөө их  баяр наадамд зургаантаа түрүүлж /2000, 2002, 2004, 2007, 2008, 2009 онуудад/ хоёронтоо айрагдан /2001,2003 онуудад/ шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан  “Амгалан төрийн ажнай шарга” азарга мориндоо хайртай монгол түмний шүтээн хүлэг билээ. Эзнээ алдарт хүргэсэн эрэмгий хүлгийнхээ хөшөөг Э.Эрдэнэчулуун Тод манлай өөрөө ивээн тэтгэн хийлгэж байгаа аж.

А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна