Аймгийн Алдарт уяач Ч.Намсрай: Дөрвөн хар адуугаар л нааддаг байлаа

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 02 -нд

-Таны хар адуунуудыг морины хорхойтнууд анддаггүй юм билээ?
-Би Булган аймгийн Орхон сумын харьяат хүн. Тийм ч болохоор бага нас Булганд өнгөрсөн. Хүүхэд байхын л адуу малтай ноцолдож хүн болсон гэх үү дээ. Аав минь адуучин хүн байлаа. Дээхэн үеийн нэгдэл нийгэм гэж байхад адуу хариулдаг байсан юм. Тэгэхээр би яах аргагүй л удам дагасан уяач болж таарч байгаа биз. Миний хувьд 1974 оноос хойш хурдан морь уяж байна.  Морь уяж эхлээд гуч гаруй жилийн дараа аймгийн Алдарт уяач болсон. Би ер нь хар адуунд их дуртай. Өнгөрсөн хугацаанд дөрвөн хар адуугаар л наадаж байна. Энэ дөрвийн хоёр нь миний унаган адуу, нөгөө хоёрыг нь Булган аймгаасаа авч байсан юм. Ихэвчлэн нутгийнхаа адуугаар л наадаж ирлээ. Харин сүүлийн хэдэн жил гаднаас ганц нэг адуу аваад байгаа.
-Дөрвөн хар мориныхоо амжилтын талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
- Анхны хар морь бол миний унаган адуу. Бөндөнчүлтэмийн ногоон гэж алдаршсан адуу байсан юм. Тэр үед манай дүү Д.Баясгалан /одоогийн Суман хүрний эзэн шүү дээ/ унаж, би уядаг байлаа. Сумандаа тав, аймагтаа хоёр түрүүлсэн. Мөн бүсийн наадамд нэг түрүүлсэн хурдан буян байлаа. Түүний дараа дүү хар морио уралдуулах болсон. Намайг цэргээс ирэхэд соёолон адуу байлаа. Тухайн үед түмэн хонины баяр гэж хийдэг байсан юм. Тэр баярт битүү адуу уяж долоолуулж билээ. Түүнээс хойш аймагт олон удаа уралдсан. Түрүүлж байгаагүй ч дандаа айрагддаг байлаа. Харин гурав дахь хар нь Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашдоржийн унаган адуу байгаа юм. Надад ирээд суманд хоёр түрүүлж, аймагт нэг айрагдсан. Сүүлийн хар морь бол  аймгийн Алдарт уяач Гөлөгөөгийн унаган адуу. Хурдан удмын адуу байгаа юм. Би бүдүүрсэн хойно нь авч уяад аймагт хоёр түрүүлгэж, хаврын бооцоот уралдаанд 12 удаа айрагдуулсан. Мөн Эрдэнэтийн овоо тахилга наадамд хоёр айрагдсан аргагүй л хурдан амьтан даа. Одоо бол морь уяхаа байсаан. Амралтандаа гарсан гэх үү дээ.
-Өнөө үед нэг адуугаар тогтмол амжилттай уралдана амаргүй болж. Мэдээж уралдаан олширсонтой холбоотой байж магадгүй л юм. Таны хувьд нэг адуугаараа хэчнээн жил уралдаж байв даа?
-Хоёр дахь хар адуугаа 10 гаруй жил уясан шүү. Саяын авмал хар морийг таван жил уралдууллаа. 11 настай байхад нь аваад гаргасан амжилтуудыг дээр хэлсэн дээ. Гурван жил бооцоот уралдаануудад уралдаад 12 айраг авсан нь тэр.
-Энэ дөрвөн хар адуунаас өөр таны нэрийг гаргаж байсан ямар хурдан адуу байсан бэ?
-Унаган адуунаас гэвэл хүрэн  халзан азарга маань байна. Соёолондоо аймагтаа дөрөвлөж, хязааландаа суманд түрүүлээд дараа нь аймагт айрагдсан. Ер нь 2003 онд миний морьд их хурдтай байсан.  Эрдэнэт, Булганаараа л их наадсан даа.
-Олон жил морь уясан ахмадын хувьд асуумаар зүйл байна. Та морьдынхоо тэжээлийн хорыг яаж гаргадаг вэ?
-Наадам дуусахаар цусыг нь хатгаад шингэлчихдэг юм. Тэгээд ганц нэгэн тариа хийнэ. Үүнээс өөр юм хэрэглэдэггүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Монголынхоо бүх уяачдад “уясан болгон нь хурдалж, унага бүр нь босоо төрөх болтугай” хэмээн ерөөж байна.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна