Аймгийн Алдарт уяач Н.Эрдэнэсайхан: Саарал морь минь намайг олон удаа баярлуусан

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 03 -нд

-Эрдэнэтийн уяачдын холбоог үүсгэн байгуулсан тэр үеийн түүхээс яриага эхэлье дээ?
-Пунцагбалжир агсан ММСУХ-г үүсгэн байгуулж, орон даяар салбар холбоо байгуулах аян өрнөсөн 1995 оны үе л дээ. Пунцгаа маань надад “Эрдэнэтдээ уяачдын холбоо байгуулаач” гэдэг саналыг тавьж, түүнийг нь би тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал Отгонбилэг агсанд уламжилсан юм. Отгонбилэг дарга бидний хүсэлтийг хүлээн авч, хотоос төлөөлөгчид ирж уяачдын холбоо анх байгуулж байлаа. Тэр үеэ бодвол манай аймгийн уяачдын холбоо улсын шилдэг холбоо болтлоо өргөжөөд байна даа.
-Холбоо байгуулахад гар бие оролцохоос гадна адууныхаа цусыг сайжруулах ажлыг ч гэсэн эхлүүлэгчдийн нэг байхаа?
-Нэг хэсэг адуу сайн цуглуулсан. Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Увс гээд аль л хурдтай гэсэн газраас адуу авсан. Тувагаас ч авсан.
-Оросоос бас авсан гэдэг билүү?  
-Тэгсээн. 2004 онд Хишгээ бид хоёр Орос яваад Улаан-Үдээс хэдэн адуу авчирсан. Их морь, азарга, гүү, хоёр ч хязаалан авсан юм байна.
-Тэр үед адуу ямар үнэтэй байсан бэ?
-Хамгийн дээд тал нь 5 сая төгрөгөөр л авч байсан. Тэр үед хүмүүс одооных шиг ингэтлээ хошуурдаггүй байлаа шүү дээ. Тэр утгаараа адууны үнэ тэгтлээ хадаагүй байсан үе.
-Гарсан төлүүд нь хэр давхиж байна?
-Хурдаар ч нэг их гавихгүй байнаа. Харин бие хаа хэлбэр хийцийн хувьд бол сайхан шүү.
-Анхны Алдартуудын нэг 1970-аад оны үеэс л хурдан морь уяж эхэлсэн юмаа даа. Анх ямар насны морь уяж, хэдээр давхиулж  байв?
-1975 ноос эхэлж хурдан морь уясан. Хамгийн анх 1985 оны Булган аймгийн наадамд саарал морио түрүүлгэж өм нээгдэж байлаа. Дараа нь 2002 онд Булган аймгийн наадамд их морь түрүүлгэсэн. 2004 онд Эрдэнэтийн наадамд соёолон үрээ түрүүлгэсэн. Мөн 1990-ээд оны дундуур  Орхон аймгийн наадамд нэг морь аман хүзүүдүүлж, нөгөөг нь айргийн тавд хурдлуулж л байлаа. Ер нь аймгийн наадмаас зургаан түрүү, 12 айраг авсан  байдаг юм.
-Их морь голдуу оруулсан юмаа даа?
-Бас ч тийм бишээ. Нэг хэсэг соёолон сайн давхиулсан. 2004 оны аймгийн наадамд даага түрүүлгэж л байлаа.
- Булган аймгийн наадмын түрүү саарал морь таны унаган адуу юу. Аймгийнхаа наадамд гурав түрүүлж, хоёр айрагдсан байхаа?
-Саарал морь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Яндаг гэдэг хүний унаган адуу. Хүү Болдбаатар нь одоо ММСУХ-д ажилладаг шүү дээ. Давхилыг нь харсан зүгээр санагдаад бүдүүрсэн хойно нь 10,000 төгрөгөөр авч байлаа. Тухайн үед мөнгө хатуу байсныг ч хэлэхүү таарсан хүмүүст “яасан баян хүн бэ” гээд загнуулж л явлаа. Гэхдээ би алдаагүй ээ. Саарал морь минь намайг олон удаа баярлуусан. Миний өөрийн унаган хар морь байдаг юм. Тэр хоёрыгоо хамтад нь уяад наадамд очиход ганзага хоосон буцаж байсан удаагүй. Дээр ярьсан даа. Нэг жилийн наадамд хоёр их морь оруулсан гэж. Тэрний аман хүзүүддэг нь саарал морь, тавладаг нь хар морь байгаа юм.
- Нөгөө Гарамжав Манлайд тоогддог хар морь мөн үү?
-Тийм. Даваахүү, Пунцагбалжир, Түвдэн,Гарамжав нар 1995 онд манай аймагт уяачдын холбоо байгуулах ажлаар ирэхэд нь би адуугаа сонирхуулсан юм. Тэгсэн Гарамжав гуай “Ийм морьтой хүн Хануулын ард айхгүй дээ” гэж байсан. Дараа нь Пунцагбалжираар дамжуулаад “худалдаж авъя” гэсэн санал тавьсан ч хүүхдүүд дургүйцээд, ах ч сайшаахгүй болохоор нь Манлайнхаа хүсэлтийг биелүүлж чадаагүй ээ. Би ч гэсэн унаган адуу байж л байг гэж бодсон юм. 
-Хар морь ямар амжилт гаргасан бэ?
- Хязааландаа Булган аймгийн наадамд гурвалж,  соёолондоо Эрдэнэтийн наадамд түрүүлэн, нас нийлсэн хойноо аймгйин наадамд тавласан. Тэр үед наадам одоогийнх шиг олон байсангүй. Гэсэн хэдий ч жижиг наадмуудад олон түрүүлсэн дээ. Хар морь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Санжаа гэдэг хүний хүрэн азарганы төл гүүнээс гарсан юм байгаа юм. Эхийг нь Санжаа гуайгаас аваад Хишгээ Алдартаас авсан том хүрэн азарганыхөө төлд хураалгаад гарсан морь байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд Эрдэнэсайхан Алдарт хэрхэн наадаж байгаа вэ?
-Гайгүй ээ, манай Орхон аймгийн адуу сайжирсан. Наадам болгонд нас болгоноор нь уяад арав гаргаад л давхиулж байна даа.
-Хүүхдүүд тань удам даган морь уяж байна уу?
-Том хүү Намхайнямбуу морь уяна. Ажил төрөл ихтэй гээд голдуу намайг л дайчлах юм даа. Би ер нь тусдаа уяачгүй хүн шүү дээ. Өөрөө л болгоод байдаг юм. 
Ярилцсанд баярлалаа. Дараагийн удаа илүү дэлгэрэнгүй хуучилъя.
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна