Цол мялаасан Унагалдай зээрд

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 04 -нд

Ардын хувьсгалын 77 жилийн ой буюу 1998 оны төрийн их баяр наадамд Салхин  зээрд үрээгээ аман хүзүүнд хурдлуулж өм нээгдэж байсан МУ-ын Алдарт уяач Д.Дагвадорж энэ удаа мөн л зээрд  зүсмийн үрээ айрагдуулан шинэхэн цолоо мялаалаа. 15 жилийн өмнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул олноо “Улаан” хэмээн алдаршсан Баяраагийн унаган зээрд хязааланг авч Өвгөн ноёны даншигт дөрөвт хурдлуулж байсан тэрээр тийнхүү дараа жил нь улсын наадамд аман хүзүүдүүлснийг моринд дуртай уншигч олон санаж буй бизээ.
Харин Их монгол улс байгуулагдсаны 806 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдалсан зээрд үрээ бол Тод манлай уяач Д.Даваахүүгийн унаган адуу. Хөх цавьдар азарганыхаа нэг жилийн гурван эр төлийн нэг юм. Өөрөөс нь салдаггүй зээрд унагыг Пүрэв-Очир уяач өхөөрдөн  Унагалдай хэмээх нэрийг хайрласан бөгөөд даагандаа өнжин, харин шүдлэндээ хэд хэдэн сунгаанд өнгөлсөн ч ханиаднаас болоод мордоогүй гэдэг юм билээ. Харин хэд хоногийн дараа болсон Говьшанхын хурд бүсийн наадамд уралдан наймаар давхин өнөө жил төрийнхөө их баяр наадамд айргийн гуравт хурдлаад буй нь энэ юм.  Дашрамд сонирхуулахад  Унагалдай зээрдийн эх тэртээ 1998 онд төрийн наадамд аман хүзүүнд хурдалж байсан Салхин зээрдийнх нь дүү гэдэг шүү.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна