Шувуухай хүрэн

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 05 -нд

2011 оны ММСУХ-ны шилдэг  гал уяа “Унаган хурд”-ын хамт олон АХ-ын 91 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадсан. Наадмын салхи хагалсан хурдан хязаалангийн уралдаанд тус галын гишүүн Д.Баяраагийн Шувуухай хүрэн зургаад давхисан ч аман хүзүүнд хурдалсан МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр үрээ эрлийз гэсэн шалтгаанаар хасагдан, хүрэн үрээ айрагдсан юм. Ийнхүү Завхан нутгийн хүү төрийнхөө их баяр наадамд хүрэн үрээгээ хоёр дахиа айрагдуулж,  улс бүсийн наадмын нэг түрүү, зургаан айргийн эзэн болоод байна.  Нагац ах нарынхаа уясан  морьдыг унадаг байсан бяцхан хүү хожмоо мөрөөдлөө биелүүлж уяач болсон бөгөөд адуунд дуртай түүнд галынх нь зөвлөх Манлай уяач Д.Одгэрэл Тормон хонгор азарганыхаа төл  хүрэн шүдлэнг бэлэглэж урам хайрлажээ. Даагандаа гурван ч жижиг наадамд түрүүлсэн хүрэн үрээ хавар ирсэн даруйдаа эрлийзүүдтэй уралдан есөлж. Харин монгол адуу дангаар уралдсан улсын наадамд айргийн дөрөвт давхиж, давхар уяагаар “Тамирын хурд-3” хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн билээ. Харин энэ жил амжилтаа бататган төрийнхөө их баяр наадамд айргийн таваар хурдлаад байна.
Жижигхэн биедээ баймгүй бэлэн давхилтай хүрэн үрээндээ эзэн нь  Шувуухай хүрэн хэмээх нэрийг  хайрласан гэдэг бөгөөд улс бүсийн наадмын нэг түрүү, хоёр айргийн эзэн хурдан хүлэг нь бүсийн наадамд шандас шалгахаар уяан дээрээ дүүхэлзэнхэн байна. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна