Аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэн:Унаган адуугаараа сайхан наадаж байна

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 06 -нд

-Хурдны өлгий Сүхбаатар нутгаас шүдлэн айрагдууллаа. Та бүхэнд баяр хүргэе?
-Баярлалаа.Төрийнхөө наадмыг тэр холоос зорьж ирсний хэрэг гарлаа.  Хар үрээ маань халхын хурдуудтай уралдан аман хүзүүнд хурдаллаа. Сайхан байна. Ах нь улсын наадамд анх удаа оролцож байгаа юм.
-Зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтжээ. Хэдэн насны адуутай ирсэн бэ?
-Манай сумаас соёолон шүдлэн хоёр л ирсэн. П.Баянхүүгийн маань хүрэн халзан соёолон долоолж, миний  шүдлэн маань аман хүзүүдлээ.  Яахав Дарьгангын адуу хурдан гэдгээ бас дахин баталж, нутаг усныхаа нэрийг гаргалаа. Түүнээс сайхан юм гэж юу байхав.
-Дарьгангын хүүхэд унаган адуугаар нааддаг байлгүй?
-Тэгэлгүй яахав. Миний авга ах насаараа морь уясан хүн. Өвөө маань ч ялгаагүй уяач. Буурлууд маань сурсан мэдсэнээ харамгүй хэлж өгч өгсний хүчээр өнөөдөр ингээд төрийн наадмаас хишиг хүртээд зогсож байна. Багадаа хурдан морь унаж байгаад, 1992 оноос хойш бие даан хурдан морь унаж байгаа.
-Хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-2010 оны.
-Таны нэртэй хурдан хүлгэд ямар амжилт үзүүлж байсан бол?
-2009 оны Дорнодын зүүн бүсийн уралдаанд түрүүлдэг хүрэн хязаалан миний унаган адуу. Би өөрөө уяа сойлгыг нь тааруулаад, адилхан адуунд сэтгэлтэй ахынхаа нэр дээр мордуулсан. Мөн өнгөрсөн жил Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдсэн халтар хязаалан манай унаган адуу. Энэ мэтчилэн яриад байвал дээдсийн үлдээсэн хурдан буянгууд сайхан л давхиж байна.
Сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа. Дараа тухтай хуучлах боломж тохионо гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна