Даалиу ногооны цустай Дарьгангын хар үрээ

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 06 -нд

Ардын хувьсгалын 81 жилийн ой буюу 2002 оны улсын баяр наадамд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул МУ-ын Алдарт уяач Ц.Бямбадоржийн хээр хязаалан айргийн гуравт хурдалж, уул усыг нь хотолзууланхан, ураг төрлийнхнийг нь мэлмэрүүлж байсан. Тэгвэл 10 жилийн дараа улс бүсийн наадамд зургаантаа айрагдсан энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг Мөнгөн хөлт азаргатай цус нэгтэй хар үрээ төрийн их баяр наадамд аман хүзүүдэн Дарьгангачуудын магнайг тэнийлгэлээ. Аман хүзүүнд хурдалсан Гүрдагвын Нямцэрэнгийн хар үрээний эx тал нь алдарт Далиу ногоон, эцэг тал нь Дарьгангын Гомбын Одсүрэнгийн зээрд азарганы угшилтай аж. Ийнхүү хоёр талын хурдтай хар үрээ өнгөрсөн жил Дорноговь аймгийн 80 жилийн ойд айргийн таваар хурдалж, энэ хавар аймгийнхаа тэргүүн хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлэн, сумандаа амжилтаа бататгаад улсын наадмыг зорьжээ. Зам зуур Хэнтий аймгийн Жаргалтxаан сумын наадам таарч тоосоо өргөн мөн түрүүлэн улсын наадмын өнгийг тольдсон гэдэг. Мээрэн овогтны Мөнгөн хөлтийн цустай хар үрээ аймгийнхаа 70 жилийн ой, Алтан-Овооны тахилга наадамд шандас шалгахаар давхар уяанд уягдаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна