Аймгийн Алдарт уяач Б.Шийхэр:” Өндөр байнаас болоод уяачид морьдоо хайрлахгүй байна”

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 17 -нд

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Шийхэртэй уулзаж ярилцлаа.
-Шанхын хурдны өлгий нутгийн буурал уяачтай уулзаж байгаадаа баяртай байна. Шийхэр Алдарт нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-84 хүрч байна даа. 16 настайгаасаа эхлэн морь уясан гэхээр  60-аад жил адуу гэдэг амьтны аргыг аялж яваа юмуу даа. 1991 онд “Аймгийн алдарт уяач” цолоо авсан. Цогтцэций сумынхаа анхны  аймгийн Алдар нь. Манай залуучууд намайг МУ-ын Алдарт уяач цолонд тодорхойлох гэсэн ч сүүлийн үед морь сайн давхиагүй учраас хүрэхгүй байна гэж байна лээ. Чадал тэнхээ хүрдэгсэн бол дөмөгхөн бага адуу авчирч цусыг нь сэлбэх юмсан гэж бодох л юм. Даан ч нас яваад төвөөс гарч чадахаа байлаа. Хоёр зээ хүү маань морь уядаг байсан. Нэг нь бурхан болчихлоо. Нөгөө нь миний унаган адуугаар наадаж л байна. Гэхдээ арай цол зэрэгт хүрээгүй л байна. Одоо ч унаган адуугаа давхиулаад айраг түрүү авна гэдэг бэрх ажил болсон юм шигээ. Бидний үеийн уяа ч хоцрогдож байх шиг байна. Урьд Шанхын адуу ид давхиж байхад би хамгийн залуу нь байлаа. Одоо бол хууччуулаас ганцаараа л үлдэх шив дээ. Цэвэлийн Чойсүрэн гэдэг хүн надад “Чи ганцаар үлдлээ. Өөрийн мэдэх чадах юм байвал ингэж хооллоно, ингэж өвөлжүүлнэ, ийм морь давхидаг, ийм шинжтэй адуу хурдан байдаг гээд залуучууддаа зааж байгаарай. Битгий дотроо аваад үхчихээрэй ” гэсэн юм. Тэрний дагуу мэдэх чадах юмаа хэлж л байна. Манай залуучууд ахмад уяач гэдгээр нь энд тэндэхийн наадамд намайг авч явдаг юм.
Би чинь 60 гаруй айраг, 20-н хэдэн түрүү авсан юм билээ.
-Таны саяын хэлдэг амжилтууд дан нутаг адууных уу?
-Тэгэлгүй яахав. Ах нь энэ хонхорынхоо адуугаар л нааддаг хүн. Манайх ер нь их сайн адуутай байсан. Манлай сумаас  хоёр үрээ авч азарга тавьж байснаас бусад нь бүгд унаган адуу. Миний аварга хээр азарга сумандаа олон түрүүлж айрагдсан. Бас нэг хурдан хээр халзан үрээ байсан. Мөн гурван үеийн шарга азаргатай байсан. Шарга азарга өөрөө уралдаагүй ч, үр төл нь сайн давхисан. Ер нь шарга, бор, цайвар зүсмийн адуунууд маань их сайн давхисан. Тэр сайхан амьтдын шавхруу нэг цагаан халиун үрээ бий. Азарга тавиад хэдэн бор халиун төл гаргасан.
-Халхын таван угшлын нэг Говьшанхын хурдны угшлын өлгий нутаг нь Цогтцэций сум. Нутгийнхаа хурдан буянгуудын талаар сонирхолтой хууч дэлгээч?
-Алдарт уяач Александрын аав Норовдорж гэдэг хүн хоёр хурдан бор азаргатай байсан юм. Бид хоёр олон жил хамт морь уяж явлаа. Эхний бор азарга нь аймагт нэг түрүүлж, нэг айрагдсан. Тэрний дараагийн бор азарга дааганаасаа хойш их, бага наадамд олон түрүүлсэн. Өмнөө юм гаргадаггүй мөн ч хурдан буян байж билээ. Даан ч Манлай сумын уугуул Занданбалын хар азаргатай уралдаж байгаад тэлэгдэж үхчихсэн болохоос биш. За өөр гэвэл адуу нь гойд сайн байсан Амтын Жанцан, Өөдлөхийн Пүрэв, Авхайн Жамъяншарав, Божгоогийн Наваан, Хангал Аюуш, Дашдаваа, Намхай нарын уяачид байлаа. Намхайн алаг морь сайн хүүхэд унавал түрүүлдэг. Муухан хүүхэд таарвал аман хүзүүддэг тийм л хурдан амьтан байсан. Жанцан, Пүрэв, Жамъяншарав нарынхтай айл аймаг явж, бишгүй сайхан нөхөрлөж явлаа. Тухайн үед морины байд морь өгдөг байсан. Нэг жилийн наадамд би бүдүүн морь, хязаалан түрүүлгэчихээд хоёр адуу хөтлөөд харьж л байсан юмдаг. Тухайн үед уяачид нь сайн морь нь хурдан энэ нутагт адуу түрүүлгэх нь азтай эрд тооцогддог байлаа шүү дээ. /инээв/ Ер нь манай энэ хавь чинь хурдан адуугаараа гайхуулж явсан нутаг юм шүү. Аймгийн наадмын их насны морьд уралдахад эхний 13-т завсаргүй Шанхын адуунууд орж байсан юм билээ. Баян Содномын загал гэж хурдан морь байлаа. Олон наадамд түрүүлсэн. Уралдаж байгаад шээгээд зогсчихдог. Хажуугаар нь морьд өнгөрөөд л байдаг өнгөрөөд л байдаг. Тэгэхэд цовхчихгүй шээж дуусчихаад нэг ухасхийгээд нөгөө морьдоо гүйцээд түрүүлчихдэг.
-Одоо ч бас аймгийн наадамд танай эндхийн адуунууд толгой цохидог юм биш үү?
-Их савны ёроолд юм байлгүй яахав ээ. Улсын баяр наадамд  манайхан сайхан наадаж, азарга, соёолон түрүүлгэлээ. Хэдийгээр манай эндхийн унаган адуу биш ч гэсэн Цогтцэцийгийн хүүхдүүд. Манай залуус зүүн зүгээс адуу их авчирч байгаа. Тэдгээр нь энд ирээд нутаг адуутай өмнө хойноо ороод л уралдаж байна. Тэгэхээр шанхын хурд тасарчихаагүй байгаа биз.
-Шанхын хурд саармагжсан нь юутай холбоотой вэ?
-Сайн уяачид нь нас өндөр болоод бурханы оронд явчихсан. Дээр нь нэгдэлжих хөдөлгөөн ялаад, хүний сайхан эдийг үрэн таран хийснээс л болсон байх даа. Нэгдлийн адуу маллаж байгаа хүнд сүү, сааль, дэл сүүлний норм гээд даалгавар өгчихнө. Тэр их ажлын хажуугаар морь уях завтай хүн бараг байхгүй. Сайн тамирчин ч гэсэн бэлтгэл хийхгүй бол булчин шөрмөс нь сулраад амжилт гаргахгүй. Адуу ч ялгаагүй шүү дээ. Уяхгүй сойхгүй болохоор цаг хугацааны аясаар муудаад л ирнэ. Тэрнээс гадна адуу сайн мэдэхгүй хүмүүс  хурдан сайныг нь мэдэхгүй мал маханд их явуулсан байх. Нэгдэл тарж хувийн өмчтэй болсноор сүүлийн хэдэн жил хүмүүс хурдан хурц адуу удам угшил ярьж байна шүү дээ.
-Шанхын адуу хурднаас гадна тэсвэртэй гэдэг юм билээ. Таны мэдэх хэний ямар адуу хурдтай бас ястай байсан бэ?
- Олон жилийн туршлагаас харж байхад их цастай, жавартай хүйтэн жил бараан зүсмийн хар, хүрэн, хээр адуу хурдалдаг. Дулаан жил хонгор, цайвар зүсмийн адуу давхиад байх шиг санагддаг. Бяртай адуу, хурдан адуу хоёр бол өөр шүү дээ. Бяртай адуу гэдэг бол ачаагаа хүндэрч, хөнгөрөхийг мэддэггүй. Хурдан адуу бол хөлс аваад хүнийг нь хөнгөлөөд өгвөл гүйцэгддэггүй амьтан. Сүүлийн үед залуучууд моринд ороод сайн байгаа ч адуугаа хайрлаж мэдэхгүй байна. Давхиж байвал уралдуулаад л байхыг бодно. Тэрнээс дараагийн үр дагаврыг тооцохгүй. Бидний үед морь эндүүлэх байтугай, хөл муутгасан хүнийг муу хэлээд үздэггүй. Тэрнээс нь болоод морь үхүүлэх, хөлийг нь авчихвий гэдгээс эмээж их гамнаж уяна. Ахмад уяачдын үгийг дуулна. Тэдний зөвлөгөөг дагана. Сайхан цаг байж дээ.
-Шанхын уяачдын уяаны арга барилын онцлог юу байв?
-Морийг  сул уяна эсвэл гэдсийг нь сольж уяна. Гэдсийг нь сольж уяна нь өглөө эрт адуунаасаа уях морио барьж аваад, өдөржин шөнөжин уяж хоосон хонуулаад, маргааш өглөө нь нэг сайн хөлөргөөд ижил рүү нь тавьдаг. Тавьчихаад хоёр хонуулаад барьж уяна. Сул уяагаар гэдэг нь зүгээр барьж хөлсөлж уяхыг хэлдэг. Дээр үед таван  хөлс авахаас нааш сунгадаггүй. Хөлс цөөхөнтэй морь сунгавал амьсгаа нь буруудах зэрэг сөрөг талтай. Сунгаанаас хойш мориныхоо багцаанаас шалтгаалан хөнгөн морь бол хоёр үсэргэнэ. Гарын ая даах бол морийг хэд ч сунгаж болно. Манайхан бол үсэргэсэн зузаан морио  майханд хийгээд хусдаг юм. Бүдүүн морийг дунджаар зургаан  цаг идүүлсэн байхад хоолгүйдэх учиргүй. Бага адуу бол 1-2 цаг идүүлээд байхад ажирахгүй ээ. Би бол уяж байгаа шөнө дагаж идүүлдэг. Дуг хийж  байгаад гэдсийг нь өргөж үздэг юм.  Өвчүүнээс хойгуур аймтайгай мөгөөрснөөс хойш өргөж үзээд хатуу байвал ихэдсэн, цөмөлзөж байвал таарсан байдаг. Хоолыг нь тааруулсны дараа усыг нь тааруулах ёстой. Өдөр болгон яг тогтсон цагтаа л услана.
-Таны үеийн наадам хэр өтгөн болдог байв. Морьдоо хэдээс тавьдаг байсан бэ?
-Нэг үе бүх сумдаа дор дор нь хийлгээд аймагт хийдэггүй жил өнжчихөөд, дараа жил нь сумуудаа хийлгэлгүй аймгийн наадам хийдэг байсан юм. Тэр үед аймгийн наадамд 200-гаад бүдүүн морь давхидаг. Азарга гэхэд 70-80 хүрдэг байлаа. Газар ч холоос тавина. Бүдүүн морийг 30 км-ээс, азарга, соёолонг 25 км-ээс тавьдаг байсан. Одоо бол ойроос тавьдаг болж дээ.
-Буурал Алдартын самсааг шархируулсан бахдалт наадам хэдэн оны ямар наадам байсан бэ?
-Том наадам гэвэл Ардын хувьсгалын 35 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 25 жилийн ой юм шив дээ. Тэр жил аймгийн наадмын их нас 190 гарч, соёолон 150 гарч давхисан. Тэгэхэд миний соёолон түрүүлж, өвгөн ах нь жигтэйхэн их баярлаж байлаа. Бай шагнал нь одоогийнх шиг их байсангүй. Толь, дээлийн торго л өгдөг байлаа.Өвгөн би буруу зөв бодож байж болно. Энэ бай шагнал хэт өндөр болсноос уяачид морьдоо хайрлахгүй олон уралдуулж эндүүлээд байна уу гэж боддог. Ялангуяа бага адууг хэт олон уралдуулж зүрхийг нь аваад байх шиг. Уг нь бидний дээдэс  дааганд нь давт, шүдлэнд нь шүт, хязааланд нь хяна, соёолонд нь сорь хэмээн сургаж ирсэн юм шүү дээ. Цаг үе өөрчлөгдөж байгаа ч буурлуудын айхтар үг алдахгүй учиргүй. Залуус дүү нартаа үүнийг л захимаар байна.
 -Үнэтэй сайхан сургаал хайрласан танд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Урт насалж удаан жаргаарай.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна