Дэлхийн аваргад Форт Ланед түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 06 -нд

Бридерс кап дэлхийн аварга шалгаруулах хурдан морины уралдаан АНУ-ын Калифорн мужийн Санта Анита цэнгэлдэхэд 11 дүгээр сарын 2-3 өдрүүдэд амжилттай зохиогдож өнгөрлөө.

Хурдан морь сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж байсан, 5 сая долларын шагналын сантай Классик гараанд төдийлөн нэрд гараагүй Форт Ланед (Fort Larned) дуудлагатай халтар соёолон үрээ түрүү магнайд хурдалсан байна. Тэрээр энэ уралдааныг гараан дээрээс нь хөтөлж, дан өнгөнд уралдсаар түрүүлж, 2,7 сая долларын бай авсан байна.

Форт Ланед нийт 17 уралдахдаа 7 түрүүлээд байсан боловч томоохон уралдаанд амжилт гаргаж байгаагүй юм. Иймээс ч түүнийг дээд зэрэглэлийн уралдаанд түрүүлнэ гэж ихэнх мэргэжилтнүүд үздэггүй байв. Гэвч тэрээр энэ жилийн Витней Инвайтешнл Хандикап (Whitney Invitational Handicap (gr. I)) I зэрэглэлийн уралдаанд түрүүлж, олны анхаарлыг татаж эхэлжээ. Энэ амжилтаараа Бридерс Кап-д уралдах эрх ч авсан байна. Мөн дэлхийн аваргын өмнөх сунгаанууддаа тун хурдан байсан тул олны анхаарлын төвд орж эхэлжээ. Улмаар түүнд бооцоо тавих хүмүүс ч нэмэгдэж, уралдааны өмнөх тааварт Гейм он Дюд-н дараа Флат Аут-н хамт орж эхэлсэн байна.

Форт Ланед нь дэлхийн аварга шалгаруулах уралдаанд үнэхээр хурдан байж гараанаас бариа хүртэл өнгөлсөөр Классик гараанд түрүүллээ. Энэ уралдаанд Мачо Мачо Мен хэмээх хээр халзан үрээ Форт Ланед-тэй ширүүн уралдаж, аман хүзүүнд хурдалсан юм. Мөн тааврыг тэргүүлэгчдийн нэг Флат Аут гуравт хурдалсан байна. Харин түрүүлэх магадлалтай хүлгээр хамгийн их нэрлэгдэж байсан Гейм он Дюд сүүлийн тойргийг хүртэл Форт Ланед-н ард нэхэж явсан боловч үзүүр дээрээ сууж зургаад орсон байна.

Сонирхолтой нь Форт Ланед-г унаж түрүүлсэн Брайн Эрнандес-н төрсөн өдөр энэ уралдаан болжээ. Брайн Эрнандес хэмээх жоки 27 насныхаа төрсөн өдөрт Бридерс Кап дэлхийн аварга шалгаруулах уралдааны түрүүгээр өөртөө бэлэг барьсан нь энэ байлаа. Тэрээр “Үнэхээр гайхалтай. Энэ бол хэзээ ч давтагдахгүй төрсөн өдөр. Би түүнд дандаа л итгэдэг байсан. Уралдааны өмнө дасгалжуулагч Иан Вилкес түүнийг өөрийнх хүссэнээр л явуул гэж зөвлөсөн. Тэр үнэхээр хурдан байсан. Би түүнд хурдлахыг нь л зөвшөөрсөн” гэж телевизийн сурвалжлагчид өгүүлсэн байна.

Аман хүзүүнд хурдалсан Мачо Мачо Мен-ий уяач Кети Ретво “Миний үрээ өнөөдөр өөрийгөө 100 хувь дайчилж, түрүүлэх хэмжээнд уралдсан. Би түүгээр бахархаж байна. Гэхдээ Форт Ланед бүр гайхамшигтай байлаа.” гэжээ.

Форт Ланед нь цэвэр цусны адууны түүхэн шилдэг азаргануудын нэг Мистер Проспекторын үр И Дубай (E Dubai) азарганы төл юм. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах уралдааны Классик гараанд мөн л Мистер Проспекторын 3 дахь үеийн төл Дроселмаер түрүүлж байсан билээ.
 Эх сурвалж: www.mongoljockeyclub.com


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна