Данехил (Danehill

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 12 -нд

Умардын бүжигчний алдартай төлүүдийн нэг нь Данзиг бол Данзигийн хамгийн цуутай төл нь Данехил юм.

Ертөнцийн хойд болон өмнөд хагасад алдраа мандуулсан гайхамшигт азарга Данехил нь Австралийн шилдэг азарга цолыг 9 удаа, Англи-Ирландын шилдэг азарга цолыг 3 удаа, Францын шилдэг азарга цолыг 2 удаа хүртсэн байна.

Түүний эх Рязанна гэдэг гүү нь агуу Умардын бүжигчний эх Наталма гэдэг гүүний төлийн төл ажээ. Өөрөөр хэлбэл тэрээр Наталма-н төлүүдийн 3 дахь үе дээр төрлийн үржүүлэг хийж гарсан адуу юм. Мөн түүнд Федерико Тесио-н цуут хурдан хүлгүүдийн нэг Рибот болон XX зууны Тэргүүн хүлэг Мен о’Вар-ын цус шингэжээ.

Данехил нь 9 уралдахдаа 4 түрүүлж, 1 аман хүзүүдэж, 2 адуу 3-т хурдлан 321,000 долларын бай шагнал авсан нь харьцангуй даруухан үзүүлэлт юм. Харин 1990 онд зодог тайлж Күүлмоор жүчээнд үржүүлгэнд орох болсон нь хожим түүнийг дэлхий даяар алдаршуулжээ. Данехил-н эзэн Саудын Арабын Ханхүү Халид Абдулла түүнийг Ирландын Күүлмоор, Австралийн Аррофиелд жүчээнд зарчихсан юм. Ингээд тэрээр Ирланд болон Австралид үржүүлгэнд орох болжээ. Дэлхийн хойд ба өмнөд хагаст байдаг эдгээр улсуудад улирал нь зөрдөг бол харин Данехил-н хувьд байнга хавар байдаг болжээ. Өөөрөөр хэлбэл тэрээр ертөнцийн хавар болж байгаа тал руу нь онгоц хөлөглөн нисч үржүүлгэнд ордог байв. Хожим нь Данехил-н хамтран эзэмшигч Күүлмоор жүчээ түүнийг дангаар эзэмших эрхийг авахын тулд Аррофиелд жүчээнд 24 сая доллар төлсөн нь Австралийн түүхэнд дээд амжилт болон үлджээ.

Данехил-н 2008 төл нь уралдаанд оролцсоноос 1545 нь ямар нэгэн уралдаанд түрүүлжээ. Үүнээс 349 нь зэрэглэл бүхий буюу нэр хүндтэй уралдаануудад түрүүлсэн байна. Мөн 89 төл нь I зэрэглэлийн буюу дээд зэрэглэлийн уралдаанд түрүүлжээ. Эдгээрээс Рок оф Гибралтар 2002 онд, Дилан Томас 2007 онд Европын Оны хүлэг цолыг хүртэж байв. Данехил-н төлүүд нийтдээ 375 сая австрали долларын шагнал хүртсэн байна.

Данехил-н төл Австралийн супер азарга Редют’с Чойс-н үржүүлгийн хураамж 198,000 долларт хүрч олныг шуугиулж байв.

Ер нь Данехил-н үр удмын талаар бичвэл бүтэн ном ч багадах биз. Иймд цөөхөн тоо баримтыг л дээр дурьдлаа.

Тэрээр 17 настайдаа өөрийн жүчээндээ гэнэтийн ослоор үхсэн юм. Тоглон харайхдаа эвгүй унаж ташаагаа хугалсан түүнийг аврахаар дэлхийн шилдэг эмч нар ажилласан боловч үр дүнд хүрээгүй гэдэг. Күүлмоор жүчээ нь түүнийг маш өндрөөр даатгасан байсан бөгөөд 36 сая фунт стерлинг буюу 73 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын байгууллагаас авсан байна.
 Эх сурвалж: www.mongoljockeyclub.com

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна