Ө.Мөнхтайван: Уяач гэдэг алдрын цаана Монгол хүн шүү гэсэн омогшил байдаг

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 16 -нд

Манай өнөөдрийн зочноор Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, удам дамжсан уяач Өөдөсийн Мөнхтайван оролцож байна. Тэрээр энэ жил буюу АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд Хулан хээр соёолонгоо айргийн таваар хурдлуулж, өмнийн говийнхоо нэрийг дуурсгасан билээ. Ингээд олныг үл нуршин түүний яриаг хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хурдан тууртын хийморьт сүслэх болсон үеэс тань яриагаа эхэлье? 
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олон болон сэтгүүлийг сонирхон уншдаг моринд дуртай монголынхоо нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өвөө маань Манлай сумандаа алаг адуут адуучин Алтангэрэл гэгддэг уяач хүн байсан. 1936 оноос хойш сумын наадмаас айраг түрүү тасраагүй гэдэг. Аав маань  адуунд их дуртай хүн байсан ч сүүлдээ сургууль соёлын мөр хөөгөөд адуу малаасаа хөндийрчихсөн. “Тавантолгой транс” компани  2006 оноос эхлэн хаврын уламжлалт наадмыг хийж байгаа. Мөн Д.Бат-Эрдэнэ ахын санаачилсан Говь шанхын хурдыг хөгжүүлэх, угшлыг нь сайжруулах зорилготой “Говь шанхын хурд” наадам дөрөв дэх удаа болсон. Миний хувьд эдгээр наадмыг зохион байгуулах комисст ажилладаг юм. Авга ах Д.Нарангэрэлийг маань Өмнөговьд Асгат хээр азарганы  эзэн гэдгээр нь андахгүй. Ах маань  2011 оны хаврын уралдаан дээр таарахдаа “Ах нь дүүгийнхээ нэр дээр азаргаа мордуулнаа” гэсэн. Үүнээс өмнө уралдаан л дагаж давхидаг байсан би өөрийн нэр дээр адуу мал уралдуулж байсангүй. Өөрийн нэр дээр уралдаж байгаа гэж бодоход цаанаа л сайхан юм билээ. Ингээд л тэр өдрөөс эхлэн аймгийн 80 жилийн ой, “Говь шанх-4”-т өөрийн нэр дээр нэг үрээ ч гэсэн мордуулъя гэж бодсон. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Өндөр Чулуун гэж  хүнээс хэдэн сайхан морь найзаараа дамжуулан авсан нь одоо сайхан хурдалж байгаа. Чулуун гуайн хүү Ганболд бид хоёр гэмгүй сайхан нөхөрлөдөг найзууд байгаа юм. Ийнхүү  2011 онд адуу мал гэж оролдож эхэлсэн жилээ Шанхын бүсээс түрүү хүртэж, энэ жил улсын наадамд соёолон айрагдууллаа. Энэ бүх амжилтанд манай уяач Болд-Өрнөх болон намайг дэмждэг олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн байгаа.
-Өвөөгийн тань унаган алаг адуунаас танд одоо байдаг уу?
-Яг тэр алаг адуунаас маш цөөхөн үлдсэн юм билээ. Энэ жил Манлай сумынхаа 88 жилийн ойгоор очихдоо алаг адууны удмыг нэлээн сураглаж явсаар нэг байдас олж авсан. Хоёр, гурван жилийн дараанаас төл нь гарна. Угшил сайтай юм чинь хурдан хүлэг төрнө байхаа.
-Та багадаа хурдан морь унаж байсан уу?
-Үгүй ээ. Зуныхаа амралтаар л хөдөө гэртээ очоод хонь их хариулдаг, хонины морь унаад л давхидаг байлаа. Морь сайн унадаггүй байсан болохоор морио зогтусахад нь ойччихдог хүүхэд явлаа. /инээв/.  Түүнээс хойш дунд ангид ороод ирэхийн үест хөдөө явах дургүй болчихсон. Үүнээс хойхно аавыг тэтгэвэртээ гарахад аав ээж хоёр маань мал дээр гарцгаасан. Гайгүй олон малтай болсон ч аав маань бурхан болоод малыг нь наана цаана гэх хүнгүй, нэг хэсэг хэцүүдсэн л дээ. Бүр гурван азарга адуугаа хаврын шуурганд уруудуулаад ихэнхийг нь алдаж байлаа. Тэгэхэд би их сургуулиа төгсөөд, эхнэр хүүхэдтэйгээ ирээд зунжингаа сайхан амарсан. Гүүгээ барьж, айргаа исгээд л. 
-Морь малнаас холдоод удсан болохоор унага татан хөдөө амьдрах хэцүү байв уу?
-Төвөгшөөж энэ тэр  болоогүй ээ. Харин ч бага насаа  эргэн дурсахад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг юм билээ.
-Төрийнхөө их баяр наадамд соёолон айргийн таваар хурдлан барианы зурхайд орж ирэх үеийн сэтгэгдлийг эргээд дурсаач?
-Тэр үед соёолон эргэхэд манай “Ажнай” галынхан бүгдээрээ зурагт хараад сууж байсан. Тэгтэл манайхан  “Тайван ахаа хээр  соёолон гуравт гараад ирлээ” гээд хэлэнгүүт л нүдэнд нулимс цийлэгнээд шууд гараад явчихсан. Гэрийн гадаа хэсэг алхлаа, ээж гэрийнхэн бүгдээрээ л сүү, архи, идээ өргөж байгаа харагдсан. Тэгэхэд манай Өмнөговь аймгийн Түмэнбаярын хээр үрээ, миний хээр үрээ, Дагвадорж захирлын хул үрээ гээд нэг гал, нэг нутгийн хүмүүсийн гурван үрээ гараад ирсэн. Тэнд байсан бүх хүн догдлоод, хашгираад би зурагт харж чаддаггүй.  Харвал уйлчих гээд байсан болохоор гадаа чагнаад л зогсоод байлаа. Амьхандаа хүнд нулимсаа харуулахгүй гээд л гадаа байгаад байгаа хэрэг л дээ. Тэгтэл Өрнөх маань гэрээс үсрээд гараад ирсэн. “За яав” гэтэл “Найдвартай болчихлоо. Би явлаа” гэхээр нь “Хөөе чи тэр шарга морь унаад яв” гэсэн чинь гүйж очоод зайдан мордоод хэд цогьсоноо болохгүй байгаа бололтой үсрээд буусан. Тэгээд дүүгийн мотоциколь дээр сундлаад гараад өглөө. Араас нь харж зогстол замдаа шуудуу таарахад нь мотоциклио өргөж тавиад цаашаа явж байгаа харагдсан. Тэгсэн цагдаа нар зогсоолоо. Мэдээж юу гэж мотоцикльтой хүн оруулахав дээ. Тэндээсээ Өрнөх гүйсэн байгаа юм. Гүйсээр очиход нь аль  хэдийнэ цэнхэр хашаа руу оруулчихаад цаашаа комиссын гэр лүү явж байсан гэсэн. Явж очоод том гэрлүү ороод бүртгүүлэх гэж яваад тэр олны хөл хөдөлгөөнөөр толгой нь эргээд ойччихсон байсан. Би наанаас нь яваад очтол цагдаа нар оруулдаггүй. Машинаа тавиад л  гүйчихсэн. Жаахан гүйгээд зогсоод, жаахан гүйгээд   зогсоод л... очсон. Морь дагаж байгаа хүний юутай ч зүйрлэшгүй хамгийн том баяр бол тэр юм билээ. Морь руугаа гүйж байх тэр агшин. Очоод хөлсийг нь арчаад зогсож байх, тэр олон хурсан олны уухайн түрлэг өөрийн эрхгүй сэтгэл огшоодог юм билээ. Тэр бол хамгийн гоё. /уйлав/
-Та одоо хэдэн азарга адуутай вэ?
-Хоёр азарга адуутай. Чулуун гуайгаас нэг азарга авсан нь сая Хүрмэн суманд болсон бүсийн наадамд айрагдсан. Ноднин жилийн Хүрмэн сумын наадамд мөн л миний бор азарга түрүүлсэн.  Хүрмэнгийн дов надад их ээлтэй байдаг юм. Өрнөх бид хоёр анх Пүрэвсүрэн гэж хүнээс шарга шүдлэн үрээ авсан. Үрээгээ Пүрэвсүрэн ах өгье гэж өгсөн дөө. Өөрөө машинаараа ачиж авчраад, бүх медалийг нь зүүж өгөхөд сайхан санагдсан. Тэр үед “Морь гэдэг ийм сайхан байдаг юм байна” бодогдож байлаа. Шарга шүдлэн Сүхбаатараас ирэнгүүтээ 2011 оны бүсийн наадамд айрагдсан. Хүн нэг айраг уухаараа эргэлт буцалтгүй моринд татагддаг юм билээ. Тэр үед би хотод байсан. Уяач маань “Хүрмэн явлаа” гэж л байсан, санаанд орсон ч үгүй. Үдээс хойш утас дуугарахаар нь аваад “За сонин юу байна” гэсэн чинь өмнөөс “Хүүе Тайван ахаа таны морь айрагдчихлаа” гэдэг юм байна. Дотор нэг сонин болоод огшоод л ирсэн. Тэгээд л гэртэй байж сууж ядаад догдлоод хэсэг балмагдсан. Тэрнээс хойш уралдаанд явахад нь байнга залгадаг болсон “Одоо яах ийх вэ, ямар уралдаан байна” энэ тэр асуудаг болсон. Шарга  үрээ намайг  анх айраг уулган адуутай нөхөрлүүлсэн. Гэхдээ Монгол хүний цусанд байдаг шүү дээ. Найз нар маань адуу мал гээд явахаар чи чинь “ямар сонин юм” гэдэг. Өөрсдөд “Энэ чиний үрээ шүү. Энэ үрээг чинь тэр наадамд тэгж уях гэж байгаа шүү” гэхэд өмнө нь тоохгүй байсан нөхдүүд чинь яг наадам болох өдөр хүрээд ирдэг. Яаж явна гэхээр “Юу гэсэн үг юм, миний морь уралдах гэж байгаа биз дээ” гэнэ. Тэгээд дагаж давхина. Сая улсын наадамд үрээ айрагдуулсан гээд Өмнөговийн уулзсан хүн болгон “Тэр өдөр ёстой сайхан байсан шүү. Ёстой нэг нулимс унагасан” гэдэг. Адуу мал сонирхдоггүй байсан миний зарим найз хүртэл над руу чинь утасдаад “Хөөе Тайван би энд зурагт үзээд уйлаад сууж байна” гээд ярьсан. Эхнэр нь ингэж наадам үзэж байгаагүй энэ жилийн наадам их гоё сайхан болсон гээд л хүн бүр л урам хайрласан.
-Моринд ороод удаагүй ч “уяач” гэж дуудах хэмжээнд хүрсэн байна?
-Уяачаа гээд дуудуулж байгаа алдрын цаана би Монгол хүн шүү гэсэн омогшил давхар байдаг. Бас эр өсөж эсгий сунана гэдэг энэ байх даа гэж боддог юм. 85 жилийн өмнө өвөө маань халзан азаргаа улсын наадамд түрүүлгэж байсан бол  сая улсын наадамд бас өмнийн говийн халзан азарга түрүүллээ. Анх удаа соёолон түрүүлж айрагдлаа. Энэ бол их сайхан тохиолдол гэж би бэлгэшээж байгаа. Манай ээж бас адуунд их хайртай, багадаа унаач байсан гэсэн. Одоо миний нэг сайн зөвлөх шүү дээ.  Анх тэг, ингэ гэхээр нь би нэг их ойшоодоггүй байсан буруудсан. Одоо үгийг нь тун сайн хүлээж авдаг болсон. Ер нь миний аав ээжийн тал хоёулаа моринд дуртай хүмүүс.  Энэ сайхан хүмүүсийн буян надад ирж байгаа юм байна гэж бахархдаг юм шүү дээ.
-Морь хурдлахад уяачаас ялгаагүй үүрэг гүйцэтгэдэг хүн бол унаач байдаг. Таны соёолонг ямар хүүхэд унаж хурдлуулав?
-Манай унаачийг Адъяасүрэн гэдэг. Өөрөө уралдаж байгаа юм шиг сэтгэж морио унадаг их сэргэлэн хүүхэд бий. Зурхайд орох гэж байхдаа мориноосоо түрүүлээд өөрөө орох нь уу гэлтэй толгой бие нь тэмүүлж байгаа харагддаг юм. Унаач болгон тэгж тэмүүлж морьтойгоо ойлголцвол морь нь их хурдлана даа. Энд нэг түүх сонирхуулахад өнгөрсөн цагаан сараар манай эхнэр “Дээл захиална ямар өнгөтэй байх вэ” гэхээр нь би “Улсын наадмаар хээр үрээгээ айрагдуулчихаад хүрэн дээлтэй цэнгэлдэхэд орно” гээд тоглоом шоглоомоор захиалгаа өгсөн юм. Тэгсэн нээрээ л улсын наадамд хээр үрээгээ айрагдуулаад, хүрэн дээлтэйгээ цэнгэлдэхэд орсон. Монголчууд амны бэлгээс ашдыг бэлгэ гэдэг дээ. Наадмаас өмнө уяачдаа “Хоёулаа улсын наадамд явья” гэсэн чинь “Тайван ахаа аймагт бол найдвартай  ш дээ” гээд байсан. Би тэгэхээр нь “Өмнөговьд ч, хотод ч км нь ижил, хэдэд хаагуур давхидаг байсан ч хамаагүй хот руу явья” гэсэн. Би хотоос улсад уралдая гэж хоёр гурван ч удаа хотоос очсон, Өрнөх хөдөлдөггүй. Гэтэл нэг удаа ашгүй зөвшөөрч “За тэгье тэгье, ганц хээр үрээгээ аваад явж байхаар хоёр үрээгээ ч аваад явья”  гэнэ. Хул үрээ, халзан үрээ хоёр үрээ маань жаахан таргадаад байхаар улсын наадмын урьд өдөр Төв аймгийн наадамд тавьсан чинь хул үрээ есөөр, халзан үрээ наймаар давхисан. Сунгаан дээр хээр үрээ маань нэг л хөдөлж өгөөгүй уяач маань “зүгээрээ би хоёр хоногийн дотор янзална” гэсэн. Ёстой л хоёр хоногийн дотор янзалсан даа. 11-ний орой  Өрнөх “шөнөжингөө идүүлнэ” гэж байна. Тэгсэн манай уяаныхан яалаа гэж шөнөжин идүүлж байдаг юм. Хоёр цаг идүүлээд давхиул гэсэн. Өрнөх “зүгээр, зүгээр” гээд шөнөжингөө идүүлсэн. Хүн их зориод хүсээд ирэхэд болохгүй юм гэж үгүй юм гэдгийг тэгэхэд би харсан.
-Одоо танай адуу хаана байгаа бэ?
-Цогтцэций сумын урагшаа 30км гаруйд манай уяачийн ээж аавын унаган нутагт бий.  Далангийн нуруу гэж адууны орон байгаа юм. Саяхнаас хэдэн дүү нартайгаа “Магнай хурд” хэмээх гал байгуулаад байгаа. 2011 оноос л эхэлсэн болохоор одооноос л жигдэрч одтой сайхан наадаж байна. 2011 оноос хойш бүсээс айраг, Шанхад түрүү, төрийн наадамдаа соёолон айрагдууллаа.
-Нийт хэдэн айраг түрүү авсан бэ?
-2011 онд манай галынхан 18 айраг уусан. Хамгийн сүүлд Дэмчигийн хийдийн наадамд амжилттай оролцлоо. Манай галд нийт таван уяач байгаа. Тавуулаа гэхэд багагүй амжилт гэж бодож байгаа шүү. Энэ жил гэхэд бас арав нэлээн гараад явж байна. Одоогоор энэ жилийн наадам дуусаагүй байгаа болохоор яг тоолоогүй. Хамгийн сүүлийнхээ наадмын дараа бид хэд тоолдог юм. Морь уяж байгаа хүн болгоны л хүсэл мөрөөдөл улсын наадмаас айраг, түрүү хүртэх байдаг. Би энэ мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа.
-Цаашид хийхээр төлөвлөж байгаа ямар ямар ажил байна?
-Жилийн дөрвөн удиралд  адуугаа уядаг болчихлоо. Яаж уявал хөл гарыг нь гэмтээж бэртээчихгүй байлгах вэ гэдгээс суралцмаар байна. Сая хээр үрээнийхээ хөлийг жаахан гэмтээчихсэн. Одоо арай гайгүй болж байгаа. Адуунуудаасаа энийг нь зун, энийг нь өвөл уяж байя гэх мэтээр ялган уяа сойлгоо тааруулж байна. Манай галынхан намайг галын тэргүүн гэдэг юм. Гэхдээ бидэн дотроо арай олон жил морь уяж байгаа нь манай уяач. Бид хэд энэ хүнээ түшиглээд явж байна.  Манай Өрнөх маш махруу нэг эхэлж барьж авсан юмныхаа эцсийг нь хүртэл зууралдана даа. Би чинь уяан дээрээ бас ховор ирнэ, тэрнээс бусад үед ар талыг минь Өрнөх л даана шүү дээ. Би хотод манай хэд Өмнөговьд  байдаг . Наадам дөхөхөөр сэтгэл гэгэлзээд  нойр ч хүрэхгүй. Утсаар ярьмаар байдаг ч хар өглөө таван цагт залгалтай нь биш жаахан тэсэж байгаад долоо болуут л залгана шүү дээ. Би наадам эхлэхээс арав хоногийн өмнө уяан дээрээ очдог. Манай Болд-Өрнөх  наадмын өдрүүдээр хоёр гурван цаг л амарна. Өглөө эрт босоод хүүхдүүдээ хуваарилаад тэр өдрийн ажлаа зохицуулна. Ялангуяа өвөл бол их хэцүү ш дээ. Хааяа нэг ирэхэд жүчээний баас цэвэрлэнэ энэ тэр гээд зөндөө ажилтай бужигнасан улс хоногтоо гэртээ орно. Өнгөрсөн өвөл нэлээн олон адуу тэжээсэн болохоор ажил ихтэй байсан л даа.
-Ярилцах сайхан байлаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна