Ү.Атарсайхан: Сэтгүүлийн бүх дугаарыг уншсан

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 20 -нд

Энэ удаагийн уншигчийн индэр буланд маань Аймгийн Алдарт уяач Ү.Атарсайхан оролцож өөрийн сэтгэгдлээс хуваалцсан юм. Тэрээр “Уяаны эрдэм”, “Эмч зөвлөж байна”, “Мэдэхэд илүүдэхгүй” булангуудыг унших дуртай
-Хурдан морь сонирхогчдын “Тод магнай” сэтгүүлийг та хэзээнээс эхлэн мэддэг болсон бэ?
-“Тод магнай” сэтгүүлийн анхны дугаарыг худалдан авч байснаас хойш хэдийнэ гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд гарсан бүх дугаарыг нь шимтэн уншиж байна. Үргэлж шинэ сонин зочдын сонирхолтой ярилцлагаар дүүрэн байдаг болохоор дугаар бүр нь өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг юм шиг санагддаг. Яг энэ үед “Тод магнай”-н зочдоос Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэлийн ярилцлага их тод санагдаж байна. Манлайн “Жин зайнаас үл хамаардаг бусад спорт шиг цол өгөхдөө дээд доод нас гэж зааглахгүй байх нь шударга” болох тухай ярилцлага ёстой  л өнөө загатнасан газрыг маажна гээч болсон. Би Одгэрэл Манлайтай санал нэг явдаг хүн байгаа юм.
-Сэтгүүлийн  маань “үнэнч” уншигч таны хувьд бидэнд ямар “захиалга” өгөх болоо?
-Моринд орж байгаа шинэ залуу уяачдад “Уяаны эрдэм”, “Эмч зөвлөж байна”, “Мэдэхэд илүүдэхгүй” зэрэг гарын авлага болох сайхан булангууд олон бий. Уншигчийн хувьд энд санал нэмэрлэхэд хурдан морины төлөө сэтгэл зүрхээ  зориулан, адууны хийморьт сүсэглэн яваа хийморь өөдөө хөдөөгийн “нуугдмал” аатай буурлуудын үнэтэй зөвлөгөө бүхий ярилцлагыг унших захиалга өгмөөр байна. Энд санал болгоход Төв аймгийн Жаргалант сумын Хоргойн Батсүх гэж мундаг уяач бий. Дээхэн үедээ Айдасын даваан дээр гарч дурандаад л түрүүлж, айрагдах морьдыг алдалгүй хэлдэг байсан тухай мэдэх хүмүүс олон бий. Өдгөө дал гарч байгаа ч ануухан буурай байдаг юм. Түүнтэй ярилцвал  залууст хэрэгтэй олон зүйлийг ярих байх даа.
-Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа.
-Та бүхний  ажилд өндөр амжилт хүсье. “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигч, уяачдадаа өвлийг өнөтэй давахыг  хүсэн ерөөе. Их жил дөрвөн том ой тохионо. Тийм болохоор ирэх жилийн бэлтгэлээ сайн базааж, одтой наадацгаая.
 
П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна