Японы цомын уралдаанд анх удаа хязаалан байдас түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 29 -нд

Энэ жилийн дэлхийн топ уралдаануудын сүүлийнх нь болох Японы цомын уралдаан 11 дүгээр сарын 25-ны өдөр Токиогийн морин тойруулгад болж өнгөрсөн байна. 32 дахь удаагаа зохиогдож байгаа энэ уралдаан онц сонирхолтой болж, үзэгчид морины хорхойтнуудын магнайг тэнийлгэлээ.

Японы цомын уралдааны тухай мэдээллийг энд дарж үзнэ үү.

Энэ удаагийн уралдааны түрүү магнай болохын төлөө Японы Гурван Титэмийн эзэн цолтой 2 адуу эн тэнцүү өрсөлдөж барианд зуузай холбон орсон байна. Алдартай хүлгүүдийн өрсөлдөөнд энэ жилийн байдаснуудын Гурван титэмийн эзэн болсон Жентилдонна хэмээх хээр байдас ялж, Японы цомын эзнээр тодорч 250 сая иен буюу 4,25 тэрбум төгрөгийн бай хүртсэн байна. Сонирхуулахад Японы цомын уралдаанд өмнө нь хязаалан байдас түрүүлж байгаагүй ажээ. Жентилдонна нь Японы хамгийн алдартай хүлэг, 2006 оны Японы цомын уралдааны түрүү магнай Дийп Импактын төл юм байна. Мөн л анх удаа эцэг, охин 2 Японы цомын уралдааны түрүү болж байгаа нь энэ юм. Манай морины хорхойтнууд Японы Оны хүлэг цолыг 2 удаа хүртэж байсан Дийп Импактыг сайн мэдэх билээ. Нэгэн үеийн онц хурдан хүлэг байсан тэрээр эдүгээгийн дэлхийн шилдэг азарганы нэгэнд тооцогдож байгаагаа ийнхүү баталлаа.

Жентилдонна нь нийтдээ 9 уралдаж, 7 түрүүлээд байгаагийн сүүлийн 5 нь дараалсан түрүү болж байна.

Сар гаруйхны өмнө Прикс де л’Арк де Триомп буюу Арк-д аман хүзүүдсэн Японы алдарт хүлэг Офевре энэ удаа дахин аман хүзүүдлээ. Аркад Солемиа-тай зуузай холбон барианд орж байсан Офевре энэ удаа ч Жентилдонна-тай зуузай холбон барианд орсон юм. Тэрээр ийнхүү дэлхийн 2 топ уралдаанд дараалан аман хүзүүдлээ. Офевре нь өнгөрсөн жил Японы Гурван титмийн уралдаанд түрүүлэн, эдүгээ дэлхийн чансааны 8-д бичигдэж байгаа хурдан адуу билээ.

Офевре-н эзэд барианы дараа уралдааны дүнг шалгуулах хүсэлт гаргасны дагуу зохион байгуулагчид хуралдаж, 20 гаруй минутын дараа Жентилдонна-г түрүүлснийг баталгаажуулжээ.

Энэ удаагийн уралдаанд Европын 5, Японы 12 хүлэг тоосоо өргөжээ. Европоос ирж оролцсон хүлгүүдийн дотор Аркын түрүү Солемиа байсан бөгөөд тэрээр энэ удаа 13-т хурдалжээ. Уралдааны өмнө Солемиа-н уяа төдийлөн сайн биш байгаа гэдгийг эзэд нь мэдэгдэж байв.

Эх сурвалж: www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна