Дуунд мөнхөрсөн Ц.Хэнмэдэхийн хар

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 30 -нд

"Яндаг фильм" студийн уран бүтээлийг "Тод магнай" сайт зохиогчийн зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Ц.Жамбалсүрэнгийн шүлэг , МУУГЗ Г.Бямбабаярын хөгжим МУГЖ С.Ганзоригийн дуулсан "Унаган хар" дуунд Төрийн их баяр наадмын түрүү  МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн алдарт хар морь ийнхүү мөнхөрчээ.

Хэзээ яаж түрүүлэхийг нь
Хэн ч мэдэхгүй
Хэнмэдэх л мэдэх
Дөрөөн дээрээ босоо баяны
Дөчин мянган малын нэгэн
Дөчин хомтой тэмээ сөглөлөө ч
Хазаарын солионд явахгүй адуу
Цэцээ гүний сэтэрт
Их азарганы наран тал
Цэнхэр далай цалгиваас
Хясаа цуулах хар салхи" хэмээн яруу найрагч Цэндийн Чимэддоржийн шүлэглэсэн Хэнмэдэхийн хар морийг мэдэхгүй Моонгол хүн цөөн биз.

Амжилтын цуваа
1995 онд болсон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ой төвийн бүсийн даншиг наадмын аман хүзүү
1996 он буюу АХ-ын 75 жилийн ойн их баяр наадмын түрүү
2002 он буюу АХ-ын 81 жилийн Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
2003 оны “Говь шанхын хурд – II” бүсийн наадмын айргийн гурав
2008 оны ”Алтан-Овоо” бүсийн наадмын аман хүзүү

1996 оны төрийн их баяр наадмын соёолонгийн уралдаанд магнайдаа тоосгүй хурдалсан бөгөөд хар морь Ц.Хэнмэдэхийн хязааландаа Баянцагааны наадамд түрүүлж азарга болсон хойноо улсын наадамд нэг аман хүзүүлж хоёр айрагдсан өвгөн цавьдар азарганы төлийн төл бөгөөд эх нь төрийн их баяр наадамд нэг түрүүлж зургаа айрагдсан О.Маарын хээр азарганы төрсөн эгч гүү байсан гэдэг. Хэнмэдэхийн хурдан хар морь нь 1995 онд хязаалан насандаа Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ой Бат-Оршил даншиг наадамд аман хүзүүнд хурдалж 1996 онд соёолон насандаа Ардын хувьсгалын 75 жилийн ой Үндэсний их баяр наадамд Хан уулын ар Хантан туулын хөвөөнөө түрүүлж түмний эх болсон түүхтэй. Улмаар 2002 онд Ардын хувьсгалын 81 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, 2003 онд "Говь шанхын хурд - II" говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж, 2008 онд Алтан овооны төрийн тахилгийн зүүн бүсийн уралдаанд 18 настайдаа аман хүзүүдэж байсан аварга хүлэг билээ. 20 настайдаа шигшмэл морьдын ИХ ХУРД – 5 уралдаанд энэ цагт тодорсон олон идэрхэн хурдуудтай хурд хуваан уралдаж 17-д хурдалсан нь моринд хайртай Монгол түмний сэтгэлийг огшоосон сайхан явдал болсон билээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна