Монжью-н төл Мельбурн Кап-т түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 05 -нд

Дэлхийн топ уралдаануудын нэг болох Мельбурн Кап 11 дүгээр сарын 6-ны өдөр Мельбурн хотын Флемингтон морин тойруулгад болж өнгөрсөн байна. Нэр хүнд, шагналын сан гээд аль ч талаараа дэлхийн дээд зэрэглэлийн уралдааны нэгэнд тооцогддог Австралийн хамгийн алдартай уралдаан нь харьцангуй холын зайд буюу 3,2 км-н зайд зохиогддог билээ.
Энэ жил 152 дахь удаагаа зохиогдож байгаа Мельбурн Кап-ыг үзэхээр 106 мянган үзэгч  Флемингтон морин тойруулгад цугларсан байна. Энэ уралдаанд Мельбурн Кап-ын өмнөх 2 жилийн түрүү хүлгүүд болох Дүнаден, Америкайн тэргүүтэй 24 хурдан хүлэг тоосоо өргөжээ.
152 дахь Мельбурн Кап-т Австралийн бизнесмен Ллойд Ульямсийн Грин Мүүн хэмээх сартай хээр азарга түрүү магнай болж 3,3 сая доллар буюу 4,6 тэрбум төгрөгний бай авсан байна. Тэрээр 3,2 км-н зайд 3 минут 20 секунд 45 дойлын амжилт үзүүлсэн нь 57,5 км/ц-н дундаж хурдтай гэсэн үзүүлэлт юм байна.
Австралийн тэргүүлэх бридер, олон хурдан хүлгийн эзэн Ллойд Ульямс нь 1981, 1985, 2007 онуудад Мельбурн Кап-н түрүүг хүртэж байжээ.
Грин Мүүн нь 2007 онд Ирландад төрсөн, энэ жил хавчиг настай азарга бөгөөд Умардын бүжигчний 3-5 дахь үеийн 3 төлийн дундаас төрлийн үржүүлгийн дүнд гарсан адуу ажээ. Тодруулж хэлбэл түүний эцэг нь Умардын бүжигчний алдартай ач нарын нэг Монжью бол эх Грин Нүүн нь эцэг, эхийн 2 талдаа домогт Умардын бүжигчний цустай адуу ажээ.
Түүний эцэг Монжью азарга нь 1998-2000 онд Прикс де л’Арк де Триомп, Ирландын Дерби, Кинг Жорж энд Куин Элизабет стейкс тэргүүтэй 11 том уралдаанд түрүүлж, 1999 оны Дэлхийн болон Европын шилдэг шүдлэн үрээгээр шалгарч байсан хурдан хүлэг байв. Харин зодог тайлсныхаа дараа дэлхийн шилдэг азарганд тооцогдож, үржүүлгийн хураамж нь 150,000 евро хүрч байлаа. Түүний төлүүдээс Сейнт Николас Аббей, Камелот, Авторайзед, Мотиватор тэргүүтэй 22 хүлэг дэлхийн топ уралдаануудад түрүүлж байв. Эдгээрээс Сейнт Николас Аббей, Камелот нар өнөөдрийн дэлхийн чансааны эхний 20-д бичигдэж байгаа алдартай хүлгүүд билээ. Монгол Жоки Клуб Монжью-н төл гүү Ресайд хэмээх сартай хээр гүүг Монголд авчраад байгаа гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ.
Грин Мүүн нь анх Англид уралдаж байсан бөгөөд төдийлөн амжилт үзүүлж байгаагүй юм. Шүдлэндээ 2 жижиг уралдаанд 3-т хурдалж, улмаар Фейрвей Стейкс-т түрүүлсэн боловч дараагийн хэдэн уралдаанд нь ямар ч амжилт үзүүлж чадаагүй түүнийг 2011 оны хавар Ллойд Ульямс худалдан авч Австралид аваачсан байна.  Энд ирээд III зэрэглэлийн Нью Кастл Гөүлд Кап уралдаанд түрүүлжээ. Тэрээр 2012 он гарснаас хойш маш сайжирч I зэрэглэлийн Төнбулл, II зэрэглэлийн Блемей Стейкс уралдаануудад түрүүлж, Мельбурн Кап-т уралдах эрхээ авсан байна. Энэ жил ихэд хурдан байсан боловч түүнийг Мельбурн Кап-т түррүүлнэ гэж төдий л олон хүн хүн үзэхгүй байв. Гэвч Грин Мүүн нь Мельбурн Кап-т маш сайн уралдаж, Английн Хунтайж Чарльз тэргүүтэй 100 гаруй мянган үзэгчийн өмнө түрүүлж, дэлхийн шилдэг хүлгийн нэгэн болохоо харууллаа.

Эх сурвал: www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна