Орлойн баячуудын удмын адуугаар нааддаг

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 10 -нд

16 настайгаа эхлэн хурдан морины уяа сойлго тааруулах болсон нэгэн бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жамсрангийн Босоожамсран  юм. Өнгөрсөн 50 шахам жилийн хугацаанд тэрээр аймаг, сумдын баяр наадмаас 59 айраг, түрүү хүртсэн байдаг аж. Үүнээс 14 нь аймгийн наадмаас авсан байдаг юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байв?
-Би 16 настайгаасаа л эхлэн морь уяж байна. Түүнээс хойш 46 жил хурдан морины хусуур, сойз зүүж явна даа.  Энэ хугацаанд аймаг, сумдын баяр наадмаас 59 айраг түрүү хүртсэн байна.  Үүнээс 14 нь аймгийн наадмаас авсан байдаг юм. Энд мэдээж овоо тахилгын наадамд гаргасан амжилт ороогүй л дээ. Ер нь морь уяна гэдэг санааны юм биш. Амаргүй ажил л даа. Их олон жилийн  хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэг юм. Миний хувьд олон жил  адууны хийморь сүлдэнд сүсэглэн явсных сайхан амьдарч байна. Энэ хугацаанд гаргасан амжилтаараа 2005 онд аймгийн Алдарт цолыг хүртсэн.
-Унаган адуугаар наадаж байна уу?
-Тийм ээ. Би Орлойн баячуудын удмын адуугаар нааддаг. Миний гурван гүүг анх эцэг маань л таслаж өгсөн юм. Би нэмээд гаднаас хоёр гүү авсан. Нэг нь Хажидын Дамдинсүрэн гэж хүний хүрэн азарганы төл хүрэн гүү. Нөгөөх нь шар Зундуй гэж өвгөний халиун гүү байгаа юм. Үндсэндээ таван гүүгээр миний адуу 400-гаад болсон юм.
Олон ч газраас адуу цуглуулсан. Анх 1984 онд Баянхутаг сумын уугуул Оройн Энхээгийн зээрд азаргыг хөлгүй болоод хоёр жил болоод байхад нь 6000 төгрөгөөр авч байлаа. Мөнгө хатуу үед дэмий юм хийлээ дээ гэж мөн ч олон хүнд зэмлүүлсэн. Энэ зээрд азарга маань Норов хүрэн азарганы угшилтай. Надад ирээд гарсан төл болгон нь хурдан байсан.
-Та адуу шинжихдээ хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?
-Хурдан адууг гаргаж авна гэдэг хамгийн их хөдөлмөр шаарддаг зүйл. Би нийт 50 шахам жил адуу малтай ноцолдож байгаа ч дөрвөн сайн азарганы үр төлөөр л наадаж байна. Ингэхдээ гурван гүүнээс л хурдан буян гаргаж авсан байдаг юм.
-Хөвгүүд тань морь уядаг юмаа даа?
-Тийм ээ. Би хоёр хүүтэй. Хоёулаа багаасаа намайг дагаж явсаар адуунд их хорхойтой. Гэхдээ одоохондоо уяад амжилт гаргаагүй л байна.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна