Дугараа шилдгийн шилдэг уяачаар тодрох нь

Тэлмэн
2012 оны 12-р сарын 10 -нд

Алслан холдож буй 2012 он монголын хурдан морины түүхэнд хөөрөх хуучтай, хөглөгдөх бахархалтай жил байсан.  Айлчлан ирж буй шинэ оны босгон дээр өнгөрч буй жилийнхээ үүцийг задалж, шилдгүүдээ нэрлэдэг уламжлал  аль ч салбарт бий. Мориныхонд ч гэсэн ийм жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл энэ жилийн шилдгүүд чухам хэн байх болоо. ММСУХ-ны рейтингийн зөвлөл шилдгүүдээ албан ёсоор зарлаагүй байгаа ч  таамаглалууд ам дамжин яригдсаар байна. Мориныхон чухам уяачдын “уралдааныг” хэрхэн прогнозолж буйг хамтдаа сонирхъё.
Хамгийн өндөр амжилт гаргасан есөн уяачийн тэргүүн эгнээнд хэн бичигдэх нь бараг тодорхой. Учир нь 2012 оны уралдаануудад МУ-ын Манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзийгийн өмнө гишгэх амжилт гаргасан хүн байхгүй. Сүүлийн жилүүдэд  одтой сайхан наадаж, энэ цагийн уяаны өнгийг тодорхойлж буй цөөн уяачийн нэгээр нэрлэгдэж буй тэрээр 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү,  /их насны морь/ арван айраг хүртээд буй.
Луу жилийн өнгө тольдох хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд”-д азарга аман хүзүүнд хурдлуулж, салхиа хагалсан тэрээр төрийн наадамд их морь түрүүлгэх цээжний мухрын хүслээ мөн л энэ жил биелүүлсэн.  Тэгэхдээ бүр улс, бүсийн наадамд дараалуулан түрүүлгэж, адуутай нөхөрлөсөн эр хүний бахдалыг ханатал мэдэрсэн билээ.
Дугараа уяачийн уяаны эрдэм илүүрхэж буйг  хонгор соёолон нь батлан харуулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Төрийн наадамд өнгөлж явсаар аман хүзүүнд хурдалсан хонгор соёолон хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн даншиг наадамд амжилтаа бататган дахин аман хүзүүнд давхисныг өөрөөр хэрхэн  үнэлэх билээ.  Улсын наадмын эрлийз дунд насны ангилалд сарт хээр хязаалан мөн аман хүзүүнд хурдалж, Дугараа уяач Хүй долоон худагийн торгон ногоон дэнжид уяачийн эрдэм ухаанаараа гайхуулсан нь маргахын аргагүй үнэн.
Өмнийн говийн хурд хаврын бүсийн уралдаанд хүрэн морио аман хүзүүнд хурдлуулсан тэрээр  төвийн бүсийн даншиг наадмын эрлийз бага, дунд насны ангилалд уясан хүлгэдээ тус тус аман хүзүүдүүлж, Дундговь аймагт болсон говийн бүсийн даншигт соёолон дөрөвлүүлж,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн хангайн бүсийн даншиг наадамд даага, соёолон аман хүзүүдүүнд хурдлуулсныг  хурдан морь сонирхогчид санаж буй бизээ. Ийнхүү уясан хүлгэдээ улс, бүсийн наадамд хоёр удаа түрүүлгэж, арав айрагдуулсан уяач 2012 онд  Б.Бат-Өлзий Манлайгаас өөр хараахан тодроогүй байна. Түүнийг шилдгийн шилдгээр нэрлэхийн учир энэ.
Манлайн араас эрэмблэгдэх уяачдыг бид маргааш хүргэх болно. Та бүхэн  бидэнтэй хамт байгаарай.

А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна