Уяач болгоны цээжний мухарт улсын наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 18 -нд

Шинэ оны босгон дээр хүн бүр л ололт амжилтаа дүгнэж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргадаг. Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд ММСУХ-ноос 2012 онд амжилтаараа тэргүүлсэн шилдгүүдээ тодруулсан тухай бид мэдээлсэн билээ. Харин энэ удаад шилдгүүдийн тухай болон сонирхолтой ярилцлагыг цувралаар хүргэхээр зэхлээ. 
Шилдгүүдийн салхийг Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий “хагалж” байна. Олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзий нь 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү  хоёр түрүү, 10 айраг хүртсэн амжилтаараа Монгол улсын манлай уяачийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн юм. Ингээд түүний дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.

Хурдан хүлэгтэй нөхөрлөсөн эр болгоны чинад хүсэл нь төрийн наадамд их морь түрүүлгэх байдаг хэмээдэг. Тэрхүү бахдалт хүслээ биелүүлэн, магнай тэнэгэр суугаа нэгэн эрхэмтэй хууч дэлгэн хөөрөлдлөө. Эрхэм уншигч та бүхэн энэ удаагийн зочны хойморт хэн тухалсныг төвөггүй таньсан бизээ. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий хүндэт зочноор уригдан чин сэтгэлийн халуун яриа дэлгэсэн юм.

-Энэ наадам танай уяаных боллоо. Төрийн наадамд их морь түрүүлгэх том бахдал биз?
-Тэгэлгүй яахав. Миний уясан их насны морь улсын наадамд хол түрүүллээ. Үнэхээр их баяртай байна. Энэ олон жил уяа эвлүүлсний хэргийг гаргалаа л гэж бодож байна. Уяач болгоны цээжний мухарт улсын наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг. Тэр хүслээ гүйцээлээ. Сайхан байна.
-Хонгор соёолон ч гэсэн түрүүлэхээ дөхсөн?
-Гарсан цагаасаа өнгөлсөөр барианы үзүүрт ороод ирсэн болохоор нь түрүүлчихлээ гэж бодож байлаа. Энэ жил төрийнхөө их баяр наадамд таван адуу мордуулаад хоёрыг нь айрагдуулчихлаа.
-Эрлийз дунд насны ангилалд мөн аман хүзүүдсэн биз дээ?
-Хээр хязааланг Төв аймгийн Цээл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Баяраа уясан.
-Уяа эвлүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд олон  айраг түрүү хүртсэн ч ингэтлээ баярлаж байхыг тань хараагүй юм байна. Их морины түрүү таныг их баярлуулжээ дээ?
-Эр хүн зорьсондоо хүрэх шиг сайхан юм хаа байхав. Миний уясан их морь “Их хурд”, бүсийн уралдаануудад айрагдаж байсан ч төрийн наадамд анх удаа орж байгаа нь энэ. Тэр тусмаа түрүүллээ шүү дээ. Анхны “Их хурд”-д ахынх нь уясан хээр халзан морь аман хүзүүнд хурдалж байлаа. Морин тойруулгын адуу байсан юм.
-Нээрэн таныг чинь “Их хурд”-ын айргаар өм нээгдэж байсан гэдэг бил үү?
-Тиймээ, 1998 оны “Их хурд”-д их морь аман хүзүүдүүлж томоохон наадмын анхны айргаа хүртэж байлаа. Түүнээс хойш 14 жилийн дараа төрийн наадамд их морь түрүүлгэлээ. Хүлээсэн хүнд бас л урт хугацаа шүү.
-Түрүүлэх морь уралдах өглөөгөө цаанаа л өөр болдог хэмээн хашир уяачид ярьдаг. Хүрэн морь 11-ний өглөө баярын совинг хэрхэн татуулж байв?
-Уралдах өглөөнөөс илүүтэй урьдах сунгаанууд их чухал. Сунгаанууд дээр үнэхээр сайн байсан. Бас ч гэж морь уяад багагүй хугацаа өнгөрч, хамаагүй юманд горьддог нас өнгөрчихөж дээ. Бүх юм нь жигдрээд их аятайхан байсан болохоор түрүүлчих болов уу гэж бодож байсаан.
-Хүрэн морины уралдааныг хаана үзсэн бэ?
-Гэртээ зурагтаар үзсэн. Нэг үеэ бодвол хор гарчихсан юмуу тэгтлээ хөөрч догдлоод байхаа больсон доо. Би чинь улсын наадамд их насны морь олон суулгасан хүн шүү дээ. Өнгөлж байгаад л суучихдаг байсан. Уяач хүн наадмаас наадмын хооронд бүх насаараа суралцдаг гэж дээдсүүд ярьдаг юм билээ. Тэр үнэн байх. Уяаны эрдэмд суралцаад оргилд нь  хүрчихлээ, би болчихлоо гэж бодож болдоггүй эд.
-Манлайтай уулзах хүсэлтээ мөн ч олон удаа илэрхийлсэн дээ. Их морины түрүү л таныг зөвшөөрүүлэх шиг боллоо?
-/инээв/ Уяачдад хэрэгтэй зүйл ярьж байвал яахав дээ.
-Таны морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Хотын хүү яаж яваад уяач болчихов?
-Мэдэхгүй. Хувь тавилан юм болов уу. Би насаараа л адууны төлөө явлаа. Тавдугаар ангид байхдаа морин тойруулгын тамирчнаар ороод л түүнээс хойш өөр ажил хийж үзсэнгүй. Тэр цагаас хойш миний амьдралд адуунаас өөр зүйл байгаагүй. Цэрэгт байхдаа хүртэл морин сургууль хийгээд морь сургаад л явдаг байсан. Одоо эргээд бодоход дээдсийн минь буян байсан юм болов уу даа.
-Адуутай нөхөрлөсөн хүмүүс байсан уу?
 -Манай өвөө Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Базарын Лувсанцэрэн гэж хүн байсан. Өвөө маань моринд дуртай хүн байж билээ. Би өвөө эмээ дээрээ өссөн хүн байгаа юм. Тэгээд л уяач болсон байх. Бас ч үгүй морин тойруулгат саадтай морин харайлтаар спортын дэд мастер цолтой тамирчин явлаа шүү дээ.
-Тойруулгын уяач болсон нь тэр үеэс эхтэй юм байна. Тийм үү?
-Тэгж хэлж болноо. Морин тойруулгын уяачаар 1996-2001 он хүртэл таван жил ажилласан. Морин тойруулгаас гараад “МТТ” компанийн захирал Тэрбиш, Цэдэв нарын морийг уяж, хоёуланг нь МУ-ын Алдарт уяач цолонд хүргэсэн дээ.
-Шинэ монгол адууны үндэс суурийг тавигсадын нэг нь тэд байхаа?
-Тиймээ, олон сайхан хурд төрж монгол даяар тарсан. Ер нь хоёр монгол хурдан адууг нийлүүлээд хурд гарах нь их ховор. Эрлийз адуу хүний хөдөлмөр оюун ухаанаар гарсан болохоор хурдлах чадвараар аргагүй илүү байдаг. Тийм учраас хүмүүс эрлийз адуунд шимтээд байгаа нь энэ. Үр дүн нь ч амархан гарна.
-Үржил селекцийн ажил өргөн цар хүрээтэй болж өдөр ирэх тусам тэлж байна. Ер нь аль тал дээр нь илүүтэй анхаарах хэрэгтэй байдаг юм бэ?
-Хүний туршлага, авьяас чадвар, бүр хувь заяа гээд олон юм шаарддаг эд л дээ. Гэхдээ хамгийн гол анхаарах зүйл бол азарга гүүний тохироо байгаа юм. Үе залгаанууд нь их том, товгор, шөрмөс нь бүдүүн, бэрэвхий нь босоодуухан богинохон адуу бол хөлөө авах нь бага байдаг юм. Тэгээд хөлийн тавилт зөвтэй.
-Нэгдүгээр үеийн эрлийз адууг аль тал руу нь татвал зүгээр байдаг юм бэ?
-Ялгаж байгаа өнөө үед бол монгол руу нь татсан нь дээр. Хоёрдугаар үеийн эрлийзээс эхлээд одоогийн шаардлагад нь нийцэх адуу гарна. Хэлбэр хийцээрээ монгол удмаа дагасан хэр нь цусанд нь хурдлах чадвар шингээстэй байдаг. Амьдрал дээр харж байхад дөрөв, тавдугаар үе дотроо сайн давхиж байна. Тэр хүртэл нь монгол руу нь татаж болно. Жишээлбэл амгалан төрийн ажнай шарга азарга чинь цэвэр азарганы гурав дахь үеийн төл. Ер нь морин тойруулгын адуу тав дахь үе дээрээ хурдалж байгаа баримтууд цөөнгүй байна.
-Эрлийз дээд ангилалд уралдах морьдын тоо эрс цөөн байгааг та анзаардаг байх. Энэ юутай холбоотой вэ? Эрлийз адуу бага насандаа л хурдалдаг гэсэн үг биш байх?
-Энэ бол бас л нөгөө үржил селекцитэй холбоотой. Эрлийз адуу чинь багадаа хөлийн хурд ихтэй.  Тэр хөлийнхөө хурдыг дийлэхгүй байна ш дээ. Тэгээд томроод биеийн жин нь нэмэгдээд  ирэхээр хөл нь дийлэхгүй болчихоод байгаа юм. Үүнийг тооцож азарга гүүний тохироогоо хийх хэрэгтэй. Үүнтэй холбогдуулаад бас нэг зүйл хэлэхэд манайхан гадаад адуу л бол бүгд хурдлах ёстой юм шиг санадаг. Давхихгүй нь давхихгүй. Түүнийг нь тооцохгүй гадагшаа гараад захын адууг хурдан гээд аваад ирдэг. Тэр нь ирээд давхидаггүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр  нэгэнт хөрөнгө мөнгө, цаг заваа гаргаад явж байгаа юм чинь үнэхээр сайн хурдан адуу л авчрах хэрэгтэй. Бас нэг зүйл бол эрлийз адуу гэхээр бэлэн давхилтай, тэжээл өгөхөд  л өөрөө давхих юм шиг санадаг. Эрлийз адуу бэлэн хурдтай ойрхон газар тогтмол хурдлах нь үнэн ч адилхан уяа шаардана. Тэгэхээр алсаас эдэлж  адуундаа тохирсон зөв уяаг хийх хэрэгтэй.
-Та чинь нээрээ нэг хэсэг Билэгдэмбэрэл Манлайн адууг уядаг байсан шүү дээ. Тэдний адуу цус сайн сэлбэгдсэн байх шүү?
-Тиймээ, шинэ монгол адууны томоохон төлөөлөгчийн нэг.
-Аман хүзүүдээд хасагдсан хээр хязаалан тэдний адуу гэсэн үү?
-Тиймээ, би морин тойруулгаас улсад хоёр түрүүлж, нэг айрагдсан Алтангадас гээд халзан азарганы төл Нахиу хээр азаргыг авч гарсан юм. Тэрийгээ би Тэрбишэд өгөөд, тэндээсээ дамжсаар байгаад Билэгдэмбэрэлд очсон. Сая хасагддаг хээр үрээ Нахиу хээрийн гурав дахь үеийн төл. Эх нь нэгдүгээр үеийн байдас байсан юм.
 -Хоёр Алдарт, нэг Манлай төрүүлсэн Дугараа уяач одоогийн байдлаар улс бүсийн наадмаас хэчнээн түрүү, айраг хүртээд байгаа вэ?
-Тоолж байгаагүй болохоор цээжээр мэдэхгүй байна. Барагцаагаар тавь дөхөж байгаа байх. Голдуу бүсийн наадамд оруулсан байдаг юм.
-ММСУХ-ны гурван ч удаагийн шилдэг уяач өөрийгөө аль насны морьдыг илүү уядаг гэж тоодог вэ?
-/инээв/ Их нас юмуу гэхээр бас нэг л  сайн болж өгөхгүй байгаа юм. Зургаа, долоогоор олон оруулсан. Өнгөлж яваад суучихаад байдаг. Энэ жил харин түрүүлгэлээ. Эргээд бодвол соёолон гайгүй давхиулчихдаг байж болох юм. Төрийн наадамд гурван соёолон оруулж үзлээ. Тэрбишийн хүрэн халзан, Бат-Эрдэнийн хүрэн халзан, хонгор гээд. Харин бүсийн наадамд шүдлэн голдуу оруулсан байдаг юм. Хэнтийд болсон өвгөн ноёны наадамд дөрвөн шүдлэн оруулж байлаа шүү дээ. Нэг, хоёр, дөрөв, таваар.
-Саваагүй асуулт байж мэдэх юм. Нэг насны дөрвөн айраг түрүүг авчихлаа. Цоллуулах гээд зогсож байхад яах уу?
-Хоёр гурваар нь бариад зогсож байх сайхан юм билээ. Тэгэхээр шүдлэн гайгүй уядаг юм болов уу гэж боддог. -Зочдоосоо уяаны арга барилын талаар түлхүү тодруулж өгөөч гэсэн хүсэлт уншигчдаас нэг бус удаа ирж байсан  юм. Хоёулаа төрийн наадмын түрүү хүрэн морины уяаны талаар ярилцвал ямар вэ?
-Хүрэн морь их хатуу уяатай адуу. Би соёолонд нь улсад наймлуулчихаад, Баянхонгорын даншигт аваачин аман хүзүүдүүлж байсан, 2009 онд. Хавчиг морь “Их хурд-5”-д өнгөнд явж байгаад суугаад татуулчихсан. Долоотойдоо улсад долоолоод, Дорноговийн бүсийн наадамд тавлаад, энэ өвөл Өмнөговийн бүсэд аман хүзүүдсэн. Онцгой хатуу уяатай адуу учраас би дутаачих гээд байдаг юм.
-Хэд хоног уягдахав?
-90 хоног. Энэ жил цөөхөн гэхэд л 30 гаруй хөлстэй мордож байгаа юм. Өвлийн уяанд ч гэсэн багцаагаар гурван сар 90 хоног орчим уягддаг.
-Хаанахын адуу юм бэ?
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган адуу. Соёолонд нь авсан юм.
-Анх харахад юу нь нүдэнд туссан бэ?
-Тухайн үедээ нэг их айхтар адуу гэж бодогдоогүй. Морины  сайныг унан байж, хүний  сайныг ханилан байж мэднэ гэгчээр цаг хугацааны аясаар аргагүй хурдан гэдэг нь нотлогдсон адуу байгаа юм. Ер нь бол уяж үзэж байж л мэдсэн дээ. Гаднаас нь харахад онцгой шинжгүй их биеийн тэнцэл сайтай адуу. Ганц онцгой шинж нь улаан хүрэн нүдтэй.
-Тэр нь юуг илтгэхэв?
-Зүрх зориг ихтэйг. Морь мориноос онцгой зүрх зоригтой адуу байгаа юм. Ер нь хүн малын таван цулыг гаднаас шинжиж болно. Дотоод таван цулын эрхтэн сайн байж морь цухалдахгүй. Ганцхан уушиг сайн байснаараа байдаг юм биш. Таван цул эрхтэн тавуулаа сайн байж цухалдахгүй. Адууны хэлээр элгийг, буйлаар нь дэлүүг нь шинжинэ. Хэл нь нимгэн байвал сайн. Дэлүү цус  шүүдэг учраас мөн эрүүл байх хэрэгтэй. Буйл нь хатангир цагаан байвал сайн. Харин пэмбэгэр зузаан байвал муу гэдэг юм. Адууны ясыг шүдээр нь шинждэг. Яс муутай адуу шүд муутай байдаг.
-Хурдан адууны хамгийн гол шинжүүд юу байхав?
-Адуу шинжинэ гэдэг амаргүй л дээ. Их олон жилийн туршлагаар олон адуу харсан нүднийх нь хор гарсан хүн л барагцаална. Тэр болгон хүн адууг шинжихгүй. Сэрвээ өндөр, толгой тийм, салтаа өргөн гэсэн шинжүүдээр адуу хурдан болдоггүй эд л дээ. Бүх биеийнх нь хийц, тэнцэл гэж юм байдаг юм. Тэр нь гол байдаг. Олон жил морь уясан улсууд тэрийг нь голдуу хардаг юм.
-Сүүлийн үед хурдан гэсэн болгоноороо азарга тавьдаг хандлага ихэсч байна. Сүргийн эзэн, эцэг малын гол шалгуур хурд уу?
-Энэ жаахан ташаа ойлголт. Азарга тавих адууг өндөр шалгуураар тавих хэрэгтэй байдаг. Жишээ нь хөл муутай, нарийхан азарганы төл  тийм л байдаг. Ер нь хөнгөхөн азарганууд тавиад байснаас болоод адууны үржлийн бодлого буруу болоод байгаа юм. Ядаж л сайхан их насны морь гарч өгөхгүй, адуу их жижгэрч байна шүү дээ. Тиймээс удамтай, хэлбэр хийц зөвтэй адуугаар азарга тавих ёстой. Ганц хурдыг шалгуур болгож болохгүй.
-Үржлийнх юм чинь гээд хөл муутай азарга оруулаад ирдэг нь буруу байх нь ээ?
-Тэр чинь удамшдаг байхгүй юу. Амархан хөлөө авдаг бол төл нь амархан хөлөө авдаг л адуу байна. Тэр бол үржил селекцийн тохиромжтой бус хэлбэр.
-Тэжээлийн тухайд ямар зөвлөгөө өгөхөв. Ер нь хурдан адуу тэжээхдээ юуг анхаарах ёстой вэ?
-Тэжээж үзээгүй улсууд тэжээл сайн, тарган морь л хурдан гэсэн ойлголттой байдаг. Бяртай адуу давхидаг гэсэн энэ буруу ойлголт хурдалж байсан адууг ч болиулчихдаг муу талтай. Их тэжээл дотрыг өөхлүүлнэ шүү дээ. Тэгээд ч тэжээл чинь төдөн шанага гэж тогтсон ойлголт байхгүй. Адуунаасаа шалтгаалаад хэмжээ нь харилцан адилгүй байна. Таргалаад байвал багасгаад, өгөхгүй ч байж болно. Хэрвээ морь  чинь тураад байвал  тэжээлийг нь нэмнэ. Бүр туранхай байвал ахиулаад л байна. Таргалаад байвал хасаад л, байнгын хэлбэлзэлтэй тааруулж өгдөг юм. Тогтмол нэг хэмжээгээр өгнө гэсэн юм байхгүй.
-Ямар улиралд тэжээхэд тохиромжтой байдаг юм бэ?
-Өвөл уралдах морийг 11 сараас эхэлж оруулж ирээд сайхан усыг нь гаргачихаад, өөхөн тамирыг нь барчихаад тэжээх нь зүйтэй. Хавар уралдах морийг хоёр сарын өмнөөс тэжээхэд болно.
-Өвөл уралдах моринд тэжээл ямар маягаар өгвөл болох вэ?
-Нэг шанагаас эхлээд морь морины онцлогоосоо болоод дөрөв таван шанагыг ч өгч болно.
-Тэжээлийн хорыг хэрхэн гаргах ёстой вэ?
-Тэжээлийн хор гэдэг чинь унаа эдэлгээ, хөлсөөрөө л гарч байдаг. Тэрнээс биш хатгаж барихгүй. Эдэлгээ хөлсөөрөө гарч байдаг эд ш дээ.
-Ер нь хордлогод ороод байна даа тэжээлийнх нь болов уу гэдгийг ямар шинжээр мэдэх вэ?
-Гөлийгөөд хоолноос гарч гэдэс нь дүүрээд л чацага алдаад эхэлдэг. Хүндрэхээрээ дөрвөн мөч нь хавдаж, хөл рүү хордлого  нь ордог. Тийм үед бол хатгаж тэжээлийн хорыг авахаас өөргүй. Түүнээс хөнгөн хэлбэрийн үед натри дуслаар хийж болно.
-Та түрүүн хэл бол элэгнийх, буйл бол дэлүүнийх гэлээ? Хордлогод орохоор хэл буйл ямар шинжтэй болох вэ?
-Тэрийг ажиглаж үзээгүй.
-Ерөөсөө хөлөрдөггүй адуу гэж байх уу? Манайд ийм асуулт нэг удаа ирж байсан юм?
-Төрөлхийн задгай хөлстэй адуу байхад, огт хөлс гардаггүй адуу бас  байдаг. Тэр бол удамшилтай холбоотой. Эцэг эхийнх нь аль нэг хөлс муутай бол тэр адууны төл тийм байна. Яахав задгай байж байгаад ямар нэгэн согогоос болоод хөлрөхөө больчихож болно. Жишээ нь уушгиндаа сэв аваад янз бүрийн юмнаас болоод нэг бол няцарч халуурах жишээтэй түр зуурын хөлс татралт байж болно. Тэр үед нь эм тариа хийгээд халууныг нь буулгаж амрааж суллах хэрэгтэй. Тэрнээс биш угаасаа хөлсгүй моринд юу ч хэрэглээд нэмэргүй. Харин эсрэгээрээ янз бүрийн юм хэрэглэж байгаад хөлсийг задгайруулчих талтай.
- Адуу бүрэн чөмөглөнө  гэж юуг хэлдэг юм бэ?
-Үндсэн тамирыг нь хэлээд байгаа юм. Янз бүрийн эмгэгтэй эрүүл бус адуу бол хөхрөөд таргалахгүй. Энэ нь чөмөг суухгүй гэсэн үг. Ер нь хамгийн гол анхаарах юм адуугаа эрүүл байлгах явдал. Эрүүл адуу л сайн давхина шүү дээ. Адууны чөмөглөх гэдгийг товчхондоо биедээ шимт тэжээл хуримтлуулж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Гүйцэд чөмөглөсөн адуу уяа даах чадвартай байдаг. 
-Бидний урилгыг хүлээн авч өгөөжтэй яриа өрнүүлсэн Дугараа ахдаа баярлалаа.  Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай. 
 -Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Монголын мянга мянган уяачдад хэрэгтэй мэдээллийг хүргэж яваарай.
-Ингэхэд Бат-Өлзий яаж яваад Дугараа болчихсон юм бэ?
-Эхээс төрөхөд өвөө маань Дугар гэдэг нэрийг хайрласан  ч ээж төрсний гэрчилгээ авахдаа Бат-Өлзий гээд авчихсан юм билээ. Хөгшчүүл өгсөн нэрээрээ дуудсаар бүр нэршчихсэн хэрэг л дээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна