Б.Батсүх Сэлэнгийн шилдгийн шилдэг уяачаар шалгарлаа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 27 -нд

Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд  хамт олон бүр ололт амжилтаа дүгнэн, шинэ оныг угтацгааж байна. Үүний нэг нь Сэлэнгэ аймгийн МСУХ байлаа. Тус аймгийн уяачдын шинэ жилийн цэнгүүн 12-р сарын 23-нд болж, энэ онд одтой наадсан шилдгүүдээ тодруулсан аж.
Үүнд: Аймгийн шилдэг холбоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал хүлэг” шалгарч, өмнө жилийн амжилтаа бататгалаа. Өөрөөр хэлбэл тэд Сэлэнгийн хошой аваргууд болж байгаа юм.
Харин аймгийн шилдгийн шилдэг уяачаар Сүхбаатар сумын уугуул Бат-Очирын Батсүх тодорлоо. АХ-ын 91 жилийн баяр наадамд азарга айрагдуулсан тэрээр хурдан морины хусуур сойз зүүгээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа нэгэн. 2006 онд 9 түрүү, 18 айргаар Сэлэнгэ аймгийнхаа Алдарт уяач цолыг хүртэж байсан түүнийг наадамчин олон энэ жилээс эхлэн Бондгор хээрээр нь андахгүй болсон байх юм билээ. Тэгвэл шилдэг уяачаар Орхон сумын уугуул, аймгийн Алдарт Санжаагийн Ганболд шалгарлаа. Төрийнхөө наадмаас хоёр жил дараалан айраг хүртэж байгаа адтай нэгэн. Тэрээр энэ жил соёолон айрагдуулсан амжилтаараа ийнхүү манлайлагч нарын нэг болжээ. Мөн АХ-ын 91 жилийн баяр наадмын эрлийз ангилалд даага айрагдуулсан Мандал сумын уяач Н.Алдар, Санжаагийн Бат-Очир нар шилдгүүдийг удаалав. Харин шилдэг унаачдаар Мандал сумын унаач Мөнх-Эрдэнэ, Мөнхбат, Ган-Эрдэнэ, Төв аймгийн Угтаал сумын Уртнасан нарын хүүхдүүд шалгарсан байна.

П.Ундраа
фотог Ч.Ганболд


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна