Д.Батцогт: 2013 онд уяачдын холбооныхоо ажлаа шинэ шатанд гаргана

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 02 -нд

Улиран одож буй 2012 он “Алтайн унага” морин спорт уяачдын холбооны хувьд амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Монгол орны баруун бүсийн төв баруун монгол Ховд нутгийнхаа адуун сүргийн удам угшил, чанарыг сайжруулах чиглэлийг бодлого болгон хэрэгжүүлдэг бид 200-250 орчим хурдан удмын гүү морьдыг зүүн аймгуудаас авчирч, цус сэлбэснээр, адуун сүргийн бүтцэд нэлээдгүй өөрчлөлт хийлээ. Мөн хурдны угшилтай адууны цөм сүргийг бий болгох зорилго өвөртөлж аймагтаа адуу үржүүлгийн жүчээ барьж ашиглалтанд оруулсан нь зорилгодоо хүрэх бас нэгэн алхам болсон юм.
Нутгийн нэрийг халх даяар дуурсган буй Монгол улсын Манлай уяач Б.Мөнхтөрийн хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн нь уяачдад үлгэр дууриал болж, урам зоригийг нь сэргээсэн юм. Түүнчлэн бид  аймгийнхаа хурдан морины уралдааны замыг шинэчлэн засварлаж, гарааны төхөөрөмж ашиглан уралддаг болсон гээд морин уралдааны салбарт хэд хэдэн дэвшлийг гаргасан юм.
Харин угтан золгож буй 2013 ондоо уяачдын холбооныхоо ажлыг шинэ шатанд гаргах, Ховд аймгаар овоглосон хурдан хүлгүүдийг төрүүлж, улс, бүсийн наадамд амжилт үзүүлж олон айраг, түрүү авах зорилго өвөртлөн ажиллаж байна. Ингээд Ховд нутгийн уяачид болон нийт монголчууддаа хүлэг морьдынхоо туурайгаар дэлхийн дайдыг тамгалж явсан хийморилог түмний минь цог золбоо өнөд бадарч явахыг хүсэн ерөөн мэндчилж байна. 
 УИХ-ын гишүүн, “Алтайн унага” морин спорт уяачдын холбооны тэргүүн Д.Батцогт

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна