2012 оны шилдэг уяач МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасан: Энэ жил зургаан насанд найман морь түрүүлгэж айрагдууллаа

Тэлмэн
2013 оны 1-р сарын 10 -нд

Монгол улсын Алдарт уяач Б.Отгоннасан хурдан морины  уяа сойлго тааруулах болсоор хорь гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм.  Бага насны адууны уяа сойлгыг тааруулахдаа гаргуун Алдарт энэ удаад Манлайн болзолд тун дөхөөд байгаа юм билээ. Тэрээр энэ жилийн хувьд Баруун бүсийн даншигт их морь, хязаалан түрүүлгэж, соёолон аман хүзүүдүүлэн, азарга гуравт, их морь дөрөвлүүлсэн амжилтаараа Манлай 9 уяачийн зургаадугаарт эрэмбэлэгдсэн юм. Ингээд шилдгүүдийн ярилцлагуудыг Отгоннасан Алдарт түүчээлэн халуун дотно яриа өрнүүллээ.
-2012 оны шилдэг есөн уяачийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа.”Тод магнай” сайтаараа дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, гарч буй 2013 ондоо аз хиймориор дүүрэн байхыг бэлгэдье. 
-2012 оны хамгийн анхных нь ямар  уралдаан байсан бэ?
-Аймгийнхаа нээлтийн уралдаанд уралдсан. Дээд гурван насны морьд уралддаг баруун бүсийн уламжлалт уралдаан байгаа юм. Түүний дараа Баянхонгор аймагт болсон “Хонгорын хурд” уралдаанд оролцсон. Тэгээд л наадмууд залгасан даа.
-Б.Отгоннасан Алдарт энэ жил улсын наадмаар харагдаагүй?
-Тиймээ. Энэ жил баруун бүсийн даншигт явах гээд улсын наадамд яваагүй. Аймгийнхаа наадамд оролцож, нутагтаа баярласан.
-Аймагтаа яаж наадсан бэ?
-Маш сайхан наадсан. Өвөрхангай аймгийн наадамд миний уясан зургаан насны найман морь айрагдаж, бас нэгэн шинэ амжилтыг тогтоосон.
-Тэгвэл аймгийн тань наадам таных болжээ дээ?
-Зээрд азарга дөрвөлж, хонгор морь түрүүлэн , хүрэн морь маань гурвалж, бас нэг хүрэн морь маань тавласан. Сонирхуулахад миний уясан дөрвөн их насны морь есийн дотор орж, гэхдээ дандаа сондгой тоон дээр давхисан байна лээ. Нэг, гурав, тав, долоо, ес гээд. Мөн соёолон, шүдлэн аман хүзүүдэж, хязаалан түрүүлэн, даага тавласан.
-Алдартын адуу илүүрхэж буй нь давхар давхар батлагджээ. Баруун бүсийн даншигт ч гэсэн та их сайхан наадсан байхаа?
-Хоёр түрүү, гурван айраг хүртсэн. Хонгор морь, хонгор хязаалан хоёр түрүүлж, хээр азарга гуравлан, хүрэн морь дөрвөлж, хул соёолон аман хүзүүдсэн. Дараа нь Өндөр Гэгээний даншигт хүрэн морь маань гурваар давхиж, энэ жилийн тухайд би бүсийн наадмаас хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн амжилтаар шилдэг есөн уяачийн нэгээр шалгарсан.
-Адьшаагийн хонгор морь шилдэг есөн морины нэгээр мөн нэрлэгдсэн?
-Тиймээ, Адьшаа ахын хонгор морь энэ жилийн шилдэг есөн морины нэг болсон. Хонгор морь Хэнтий чигийн адуу байгаа юм. 2010 онд авч байсан. Өнгөрсөн жил уягдалгүй өнжөөд 2012 он гарсаар аймгийнхаа баруун бүс, наадмын өмнөх сорилго, аймгийн наадам, Баян-Өлгийн даншиг, Баянхонгор аймгийн Өлзийтийн наадам гээд тав түрүүлж, Өндөр гэгээний даншигт зургаалсан.
-Харин хүрэн чинь бүсийн наадамд хэд хэд орчихсон шиг санагдаж байна?
-Тиймээ, хүрэн морь бүсийн наадмын дөрвөн айрагтай адуу. Хязааланд нь Сүхбаатар Эрдэнэцагаан сумын Баяг гэдэг залуугаас авч байсан юм. 2010 онд Говь-Алтайн баруун бүсийн даншигт гурвалж, Ховд аймгийн даншигт аман хүзүүдсэн. Энэ жил Баян-Өлгийн болон Өндөр Гэгээний даншигт айрагдсан.
-Баян-Өлгийд түрүүлдэг хязаалан чинь  өнгөрсөн жил улсад орсон үрээ мөн үү?
-Улсын наадамд шүдлэндээ түрүүлсэн хонгор үрээ маань энэ жил баруун бүсэд түрүүлсэн.Энэ хонгор үрээ даагандаа аймагтаа түрүүлээд, шүдлэндээ улсад түрүүлээд, хязааландаа аймгийн наадам, Баян-Өлгийн даншигт түрүүлсэн.
 - Отгоннасан Алдарт морь уяад 20 гаруй жил болчихсон гэдэг  билүү?
-1988 оноос буюу одоогоос 20 гаруй  жилийн өмнөөс эхлэн морь уяж байна. Энэ хугацаанд 50,60 жижиг наадмуудаас 300 гаруй айраг түрүү авч 2002 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Мөн 2005 онд аймгийнхаа наадамд хоёр морь түрүүлгэж, дөрвөн морь, улсын наадамд хоёр даагаа айрагдуулж Өндөр гэгээний мэлмий  гийсний 370 жилийн ойд даага дөрвөөр давхиулж оны шилдэг уяачаар шалгарсан.
-Яриаг тань сонсож байхад бага адууны уяаг илүүтэй тааруулдаг юм аа даа. Даага олон айрагдуулсан байх юм?
-Өө янз бүр дээ. Бага адууны тэр дундаа дааганы уяаг тааруулж эвийг нь олно гэдэг нялх хүүхэд асрахтай адил ярвигтай ажил. Урьд нь уяж байгаагүй ядаж л замаа мэдэхгүй гээд олон хүндрэлтэй зүйл бий л дээ. Гэхдээ зөв түшиг ястай, удам сайтай энэ л давхичих болов уу гэсэн даагаа уяхад гонсгор үлдэхгүй л байгаа юм. Тэгэхээр тааруулж байгаа юм байлгүй дээ. Хэдэн жилийн өмнө Говь-Алтайд болсон даншиг наадамд 314 даага уралдсанаас минийх гуравт давхисан гээд бодоод байхаар нээрээн  цөөн бус юм байна. Ер нь даага их хөөрхөн амьтан л даа.
-Андуурч байж болох ч багадаа унаач хүүхэд байсан болов уу гэж таамаглаж байна.
-Тийм ээ яагаад тэгж бодов.
-Тийм шинж тэмдгүүд цөөнгүй байна.
-Унадаг байсаан. Долоо найман жил унасан. Бас ч гэж сайхан давхиулдаг гэж тооцогдож байлаа. 1988 онд моринд томдоод эхлэнгүүтээ өөрөө морь уяж доод ангийнхаа хүүхдээр унуулан гурваар давхиулж байлаа.
-Сурагчийн формтой анхны айргаа авч байжээ дээ?
-Одоо гуч гараад явж байна. Анхны айраг авсан тэр үед чинь долоодугаар ангид байсан юм даг. Өөрөө хүндэднэ гээд  доод ангийнхаа хүүхдээр унуулж уяачийн жаргал зовлонг эдэлж байлаа.
-Багаасаа адуу сонирхох болсон нь гэр бүлийнхэнтэй чинь холбоотой юу?
-Би Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумынх. Манайхан бүгдээрээ төвийн хүмүүс. Би л ганцаараа мал дагасан. Ерөнхийдөө өөрийн дураар л моринд орсон доо. Морь давхих сайхан ч ясандаа ядаргаа нь ортол бүтэн жил зүтгэсний үр дүн гэхээр чанга шүү.
-Ховд аймагт зохиогдсон бүсийн наадамд их одтой сайхан наадаж, олон айраг түрүү авч байсан. Тэр наадмын талаар эргэн дурсвал. Хэдэн насны хэчнээн морьдтой очиж уралдсан бэ?
-Нэг найзынхаа хамт дөрвөн насны найман морьтой явж хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн. Мөн нэг морь маань долоогоор давхисан. Олон ястны өлгий гэгддэг Ховд нутгийн наадам их өргөн дэлгэр цар хүрээтэй болж, газар газрын цуутай 32 сумын хурдан хүлгүүд тэнд тоосоо өргөсөн гэсэн. Нэг насанд дээд тал нь 380 гаруй морь уралдсан гэхээр наадмын цар хүрээ ойлгогдох байхаа.
-Дааганы уралдааны эхний гурван байр таных болсон.
-Тэгсэн. Мөн соёолон морь түрүүлсэн. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байх. Эхний өдөр миний соёолонг түрүүлсэн гэж барьчихаад маргааш нь аман хүзүүдсэн болгочихсон. Яаж барихаар тэгдэг юм ойлгохгүй байгаа. Тэгсэн хэдий ч их насны морь гурваар давхиж, найзын маань азарга аман хүзүүдэн сайхан наадлаа.
-Соёолон яагаад будилчихсан юм. Гараан дээр ямар нэг маргаан гарсан юм уу.
-Морины комисс яагаад тийм шийдвэр гаргасныг мэдэхгүй байна. Уг нь наадам сайхан болж, зохион байгуулалт сайн байсан. Гарааны зурхайгаас 400 гаруй адуу цэрэг шиг жагсаж байгаад зэрэг эргэхийг харсан. Сайхан л байдаг юм байна лээ. Миний хувьд соёолон үрээгээ түрүүллээ л гэж бодсон. Тэгсэн аман хүзүү болчихсон. Гэхдээ нэгэнт өнгөрсөн юмны талаар дахин дахин яримааргүй байна.
-Отгоннасан байнд авсан мотоциклуудаа авчрах гээд сандарч явна гэж дуулдаад байсан. 4 мотоцикл тэр холоос авчрах шаггүй байх шүү.
-Тэгэлгүй яахав. Бид 4 мотоциклтэй ирсэн. сайхан найз нөхөд хүргээд өгье гэж л байсан. Гэхдээ бид өөрсдөө аргалаад аваад ирсэн. Морины хишиг байна гэж бодоод нэгийг нь өөрөө унаж байгаа. Түрүүлсэн даага маань Дорноговийн Өргөн сумын Халзангийн Идэрээ гэгч залуугийн адуу. Нөгөө хоёр нь Дорноговийнх. Манай 2 найзынх л даа. Ер нь тэр зун манай аймгийнхан их сайхан наадлаа.
-Манай зочид өөрийн хурдан буянгуудаас нэгээс хоёр адууны угшил гарвал амжилтын түүхээс хуваалцдаг уламжлалтай. Та ямар мориныхоо түүхээс хуваалцах гэж байна.
-Буурал мориныхоо тухай яръя гэж бодож байна. Дорноговийн Алтанширээ сумын жавхлангийн унаган адуу. Би шүдлэн адуу авчраад хязааланд нь есөнзүйл сумын 70 жилийн ой, аймгийн наадамд тус тус түрүүлгэж байсан. Түүнээс гадна Арвайхээр хот байгуулагдсаны 280 жилийн ойгоор түрүүлж, Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншигт гурваар давхин, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор долоогоор хурдалж байсан хурдан буян байгаа юм. Түүнээс гадна аймгийнхаа наадамд нэг аман хүзүүдэж, дөрөв түрүүлчихээд байгаа. Их хатуу уяатай. Хөндлөнгөөс харахад нэг л тарган амьтан давхиж харагддаг байх. Тэгсэн хэр нь их олон хоногийн уяатай шүү.
-Би андуураагүй бол дутуу эргэсэн гээд хасагддаг буурал морь уу?
-Мөн. Эзнийхээ эрэмбээр морь маань хасагдчихсан. Тэрнээс биш түүхт ойдоо эхний аравт орох байлаа. -Наадам будилсанд сэтгэл гонсгор явдаг байх. түүнээс хойш улсын наадамд оролцсон уу?
-Тэгэлгүй яахав. Түрүүн  хэлсэн уяач хүн бүтэн жилийн турш ясандаа ядаргаа ортол хөдөлмөрлөж, түүнийхээ үр дүнг  улсын наадмаар үздэг. Гэтэл тэр нь будилчихаар ямар олиг байх вэ дээ. Тэр тусмаа холоос зорьж очсон хүмүүсийн хувьд үнэхээр халагламаар байсан. Уяачид энэ талаар нэлээд ярьсаны хүчинд сүүлийн үед гайгүй болсон. Зохион байгуулалт сайжирсан болохоор хаана ч наадсан сайхан байна.
-Та Дорноговийн адууг илүүтэй үнэлдэг бололтой. Айрагдаж түрүүлсэн адууны тань угшлыг сонсож байхад дандаа тэр зүгийн адуу байх юм.
-Хэнтий, Дорнод, сүхбаатараар явж адуу авчирч байсан. Өөртөө өрөөлд ч тэр. Миний авчирсан дааганууд бүгдээрээ л сайхан давхиж, түрүүлж айрагдсан.
-Адууны наймаа чамгүй хийдэг юм аа даа.
-Үгүй дээ. Манай нутагт адуу хямдхан. Зүүн аймгуудад үнэтэй. Дуртай, дээр нь нутгийнхаа адууны цусыг сэлбэчих юмсан гэж бодож л явдаг. Гэхдээ хоосонгүй ээ. Явсан бензин тосныхоо мөнгийг олчихдог л юм.
-Яагаад заавал даага сонгодог юм. Хүмүүс цус сэлбэнэ гээд ихэвчлэн азарга гүү авчирдаг юм билээ.
-Хөдөөний бидэнд бэлэн мөнгө гэж байх биш. Байгаадаа захирагдахгүй бол банктай биш шүү дээ. Тиймээс хямдаар нь битүү үрээнд үзнэ шүү дээ. Сонголт зөв бол нэг нартай өдөр хуваарийг нь хардаг л юм. Би буурал морио битүү үрээ байхад нь авсан. Жижигхэн гээд хүн болгонд гологдсон адуу л байсан дуулддаг юм.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Манлай уяач болох баярт мөчид эргэн уулзъя.
-Хурдан морины талаар сайхан мэдээлэл түгээж байдаг  танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.


А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна