Луу жилийн шилдгүүд хэн бэ?

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 21 -нд

Хөх тэнгэрт хүржигнэн байдаг хүч ихт луу жилд од хиймориор дүүрэн цалгиж, амжилт бүтээл арвин байсан шилдгүүд битүүний өдөр шагналаа гардан авдаг уламжлалтай. Эрхэт төрийнхөө сүлд хийморт сүсэглэж, эрийн гурван наадмаараа бахадсан тэр үдшийн зочид хэн байх талаарх мэдээллийг “Тодмагнай” сайтын хамт олон хүргэж байна.
Луу жилийн шилдэг уяачаар “Од” галын гишүүн, МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий тодорч буй аж. 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү,  /их насны морь/ арван айраг хүртсэн амжилтаараа ММСУХ-ны шилдэг есөн уяачийн нэгдүгээрт эрэмблэгдсэн тэрээр ийнхүү өнгөрсөн жилийн хамгийн хийморилог эрхэм гэдгээ дахин баталлаа.
Харин шилдэг унаачаар Гансүхийн Сүхбат шалгарчээ. “Од” галын унаач хүү 2012 онд улс, бүсийн наадмаас хоёр түрүү, найман айраг хүртсэн амжилтаараа 32 оноо цуглуулан бусдыгаа хошуучилсан билээ.
Шилдэг галаар өнгөрөгч онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, 13 айраг хүртсэн “Од” галынхан шалгарч буй гэнэ. Манлай уяач Б.Бат-Өлзий, Б.Содномцог, Х.Бат-Эрдэнэ, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр нарын хийморилог эрс чуулсан тус галынханд хөх тэнгэрийн хүчтэн луу хайр хишгээ харамгүй хүртээсэн нь дээрх гурван номинациас харагдах бизээ.
Шилдэг аймгийн салбар холбоогоор Г.Бямбаа тэргүүнтэй Сэлэнгэ аймгийн морин спорт уяачдын “Буган халиун ажнай” холбоо шалгарсан бол сумдын шилдэг салбаруудаар:
-Завхан аймгийн Сонгино сумын морин спорт уяачдын холбоо
-Говь-Алтай аймгийн  Цээл сумын морин спорт уяачдын холбоо
-Дундговь аймгийн Луус сумын морин спорт уяачдын холбоо
-Булган аймгийн Баяннуур сумын морин спорт уяачдын холбоо
-Дорнод аймгийн Халхгол сумын морин спорт уяачдын холбоо тус тус шалгарчээ.
 Ийнхүү уламжлалт шагналуудаас гадна энэ жилийн тухайд хоёр хурдан хүлэгт цол чимэг олгох болсон нь урьд жилүүдийнхээс өвөрмөц юм.
Бага дөрвөн насандаа буюу АХ-ын 63, 64, 65, 66 жилийн ойн баяр наадмуудад завсаргүй айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Түвдэн агсны алдарт Хилэн хар азарганд-Эрхэм төрийн Идэр түмний эх, мөн дааган цагаасаа хурдалж улс бүсийн наадмаас дөрвөн түрүү, хоёр айраг хүртсэн Идэр даян түмний эх Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар үрээнд - Эрхэт төрийн идэр түмний эх цолыг олгохоор болжээ.
Харин луу жилийн шилдэг ивээн тэтгэгч хараахан тодроогүй байгаа бололтой.
А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна