Хуушуурын үнэтэй түрүү

Батсайхан
2013 оны 2-р сарын 05 -нд

Дорнод аймгийн хурдан морины түүхэнд олон сайхан дурсамжтай хөгжилтэй явдлууд байдаг. Түүний нэгийг  эрхэм уншигч та бүхэндээ хүргэе.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Дашмаагийн Бямбаа гэж хөдөөний хөх  уяач 1960-1980 оны хооронд одтой сайхан наадан, хурдан  буянгууд нь Дорнод тал нутгийн дэвжээг чимж, зон олноо баясгаж байлаа. Тоост хорвоод уяачийн зовлон жаргалыг амсаж халуунд халж хүйтэнд  хөрч явсан тэрээр уясан хүлгэдээ өөрийн хүү Б.Ганболдоор унуулдаг байж.  Хүрэн алаг азарга нь ид хурдан байсан тэр нэгэн жилийн наадмаар уйлах инээх хосолсон энэ явдал болсон юм. Алаг азарга аргагүй хурдан байгаа нь мэдэгдэж сунгаа болгонд өнгөтэй давхиж, Бямбаа гуай ч эр хүний дотор эмээл хазаартай бодол тээн хүүдээ сургамжлах нь ихэсч байлаа. Б.Ганболд нь эрх танхи өссөн тул аавын сургаалийг чихний хажуугаар өнгөрөөх олонтаа. Ийн байтал азарга мордох наадмын өглөө ч ирлээ. Хоол унд нь таарч, өнгө зүс нь гялалзан дүүхэлзэн буй хүлгээ хараад баярын совин татсан Бямбаа уяач оломыг нь чангалж өгөөд хүүгээ үнсэхдээ “ За миний хүү хичээдэг юм шүү” гэхэд хүү нь “ааваа надад хуушуур авсан байгаарай “ гэж  гэнэ. Азарга ч эргэж алаг азарга газар дээрээсээ ганцаараа хөтөлсөөр наадамчдын захад ирэхэд Бямба гуай хөөрч догдлон “ Миний хүү гуядаад өг, гуядаад өг” хэмээн хашгирахыг сонссон хүү нь ” Ааваа миний хуушуурыг авсан уу” хэмээн хариу асуужээ. Өвгөн ч юу ч бодолгүй “ үгүй “ гэтэл хүү нь гэнэтхэн азарганыхаа амыг татан шогшуулах нь тэр. Энэ зуур арын бөөн aзарганууд дайрч аав хүү хоёрын хүсэл талаар болж. Энэ хөгтэй хөгжилтэй гэмээр явдлыг Дорнодын уяачид эдүгээ ч гэсэн дурсан “Бямбаа гуай хуушуураа  авсан гээд л хэлчихгүй мөн ч тоогүй юм болсон шүү” хэмээдэг юм.
Мэдэж байхад илүүдэхгүй шүү.
Б.Батсайхан

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.