Монгол Улсын Алдарт уяач Ж.Баянжаргал: Баруун аймгуудад гуравхан байдаг "Алтан унага" цолны нэг эзэн нь би

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 02 -нд

-Сэтгүүлийн маань хамгийн анхны холын зочин  нь та болж байна. Мянга гаруй километр зам туулан тантай уулзаж байна?
 -Баярлалаа та бүхэнд. Жирийн нэг малчин намайг зорьж тэр холоос ирсэн явдалд. Ах нь насаараа хөдөө малын  буян даган амьдарч байгаа хүн. 1951 онд төрж, таван настайгаасаа буюу 1956 оноос хурдан морь унасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл цэргийн гурван жилийг оролцуулахгүй бол адуу гэдэг алтан тууртын дэргэдээс холдсонгүй дээ. Одоо 60 хүрч байна.
 -Нүдээ олсон сонголт хийсэндээ баяртай байна. Олон жил нэгдлийн адуучин хийж, бас ч гэж сайшаагдаж явсан хэмээн нутаг орныхон тань ярих юм билээ? 
 -1976 онд цэргээс халагдаж ирээд нэгдлийн адуу маллах болсон. Бүр хувьчлал гээч юм гарч мал тарах 1993 он хүртэл малласан. Ах нь ямар ч ажлыг хийсэн шиг хийе гэж хичээж явдаг хүн. Ар гэрийнхээ амьдралыг эхнэр хүүхэддээ даатгачихаад зүтгэж явсаны хүчинд сайн нэрийг дуулж, сайшаалгаж явсан үе бий.
 -“Алтан унага”-ны эзэн гэдэг адуучин хүнд төрийн шагналын дайтай гэгддэг. Хэр баргын аавын хүү хүртээд байдаггүй шагнал шүү дээ? 
 -Төлөвлөгөөт эдийн засгийн үед малыг нь сайн малласан төлийн хоргодолгүй хүнийг их урамшуулдаг байсан. 120 гүүнээс 120 унага авна гэдэг амар ажил биш шүү. Ах нь таван жил дараалан ганц төлийн хоргодолгүй маллаж байж “Алтан унага”-ны эзэн болсон юм. Бог биш бод. Тэр дундаа адууг хоргодолгүй маллана гэдэг амар ажил биш. Ядаж шөнөдөө хотлуулаад хоночихно гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ миний тэр хөдөлмөрийг төр засаг маань үнэлж 1991 онд Монгол улсын “Алтан унага”-ны эзэн гэдэг  хүндэт тэмдгийг өгсөн. Сар шинийн хэдэн хоногт байнга л радиогоор яриулаад, аав ээжийнхээ магнайг тэнийлгэж байх бахдалтай сайхан байдаг юм билээ.
 -Танай нутагт танаас өөр Алтан унаганы эзэн бий юу? 
 -Жаахан аархахад баруун аймгуудад гурван хүн л энэ цолыг хүртсэн байдаг юм. Хоёр нь Увс аймагт байдаг гэж дуулдсан. Завханд бол надаас өөр байхгүй ээ. Адуун дэл дээр хийсч явдаг эр хүнд үүнээс том шагнал гэж юу байхав.
 -Хийж бүтээснээрээ бахархах шиг сайхан юм хаана байхав?
 -Өө хэлээд яахав. Малын буян гэгч юм хүнд байнга наалдаж байдаг юм. Хамгийн анх миний хариулж байсан адуун сүргийг сайн саалаа гэж манай гэрийн хүн эмэгтэйчүүдийн 6-р их хуралд явж байлаа. Дараа нь 1991 онд Монгол адууны анхдугаар их хурал Төв аймагт болоход би урилгаар оролцож байлаа. Нэг жил таван насны морьд түрүүлгэж, МУ-ын Алдарт уяач цолыг хүртэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан гээд сайхан үе зөндөө бий.

 -Өнөөдөр ингээд ярих сайхан ч тэр үедээ мянгаад адуу ганцаараа маллах яггүй л байсан биз?
 -700-900 тоотой адуу маллана. Нэгдүгээрт амьдрахын эрх байсан байх, хоёрдугаарт адууны хоббитойнх байсан байх. Цас зуд, бороо шороо гээд аль хэцүүг хэлэхэв дээ. Тэр үед мал зүй бусаар хорогдуулбал өөрөө төлдөг хуультай байлаа. Хууль нь чанга өршөөл байхгүй. Нойр хоолгүй  гэртээ ч ирэлгүй арав гаруй хоног явах үе ч байсан. Гэхдээ адууны сайныг шилж байна гэсэн ойворгон гэмээр бодолдоо хөөрөөд ядарснаа ч анзаардаггүй л байж.
 -Нээрэн л таны үеийн эрчүүд сайн адуугаар л гангардаг байж дээ?
 -Өө тэгэлгүй яахав. Одоотой адил машин тэрэг ийм элбэг байсан биш. Адуу гэдэг амьтан чинь л хөл залгуулдаг байлаа шүү дээ. Тэр үеийн бүх л залуус сайн морь, сайхан эмээл хазаараар гангардаг. Би ер нь одоо ч гэсэн машинаар гангардаггүй. Хамгийн их жороо морь авсан нь хүн бараг би байх шүү. Сайн адуунд гар татдаггүй л байсан. Мөнгө хатууд таван тэмээгээр хатиртай хүрэн морь, 20 хэдэн адуугаар бор морь авч байлаа. Сайн адуу эрийн чимэг гэдэгтэй санал нийлдэг. Сайн морь уна?д сайхан эмээл хазаар тохсон эр хүн цаанаа л өөр харагддаг юм. Түүнээс гадна адуу сайхан эдэлдэг байх хэрэгтэй. Дээр үед морь уургалж, бугуйлдах сум хоорондын тэмцээн болно. Өөрийгөө магтаж байгаа юм биш. Адууны тал дээр нь ер нь гайгүй шүү. Цэргээс ирчихээд нэгдлийн адуу авахаасаа өмнө 112 эмнэг сургаж спортын мастерын болзол хангаж байлаа. Одоо ч гэсэн хүүхэд олдохгүй бол жилдээ хоёр даага сургачихна.
  -Хатуу хуультай нэгдэл нийгмийн гэлгүй аминыхаа адууг ч гэсэн мянгын талд хүргэж байсан гэхээр ясны “адуучин” юмаа даа та?
 -Хүүхдүүд бага, адуугаа өөрөө малладаг байхдаа 500 –д хүргэж байсаан. Мянга хүргэчих юмсан гэж зорьж байсан ч зуд турхан гээд чадаагүй. Тэгээд л хүүхдүүд өрх тусгаарлахаар нь тасдаж өгсөөр байгаад одоо бол цөөрсөн л дөө. 6-7 азарга адуу л бий.
 -Нэгдлийн адуу маллаж байсных гайгүй гэснээс нь үр төл авч өөртөө үлдээж чадсан юм байгаа биз дээ?
 -Нэгдлийн сүргээс үлдсэн ч юм бий, өөрийн өсгөж үржүүлсэн юм ч бий. Дээрээс нь энд тэндээс зөндөө авсан. Хэнтийгээс шарга азарга, Сэлэнгээс хар халзан азарга, Тэсээс хонгор азарга авсан. Ер нь адуугаа сайжруулахаар азарга нэлээд авсан шүү. Тэрний хэрэг ч гарч байна. Ямар ч байсан энэ олон жилд наадахдаа ганзага хоосон ирж байсан удаагүй.
  -Таван настайгаасаа хурдан морь унасан гэсэн. Тэгвэл хэзээнээс өөрийнхөө нэр дээр адуу цоллуулах болсон бэ?
 -12-13-гаасаа моринд томдоод хасагдаж, тэр үеэс л морь уях болсон. Тэгээд 1976 оноос хойш суманд морь олныг түрүүлгэсэн дээ. Анхны айргаа бол хөгшинтэйгээ айл болсоныхоо дараа жил 1977 онд хүртэж байсан. Тэгэхдээ бүр сумын наадмынхаа их нас, даага, шүдлэн, хязаалан насны түрүүнүүдийг, айрагтай нь авч байлаа. Тэр жилийн наадам санаанаас гардаггүй, мартагддаггүй юм.
 -Тэгвэл өнгөрсөн 40 жилийн хугацаанд томоохон наадмуудаас хичнээн айраг түрүү хүртэж бол тоолж үзэв үү?
 -За даа бараг үгүй дээ. Сумын наадмыг оруулбал овоо юм гарна шүү. Аймгийн наадмын айраг түрүүг алдаж байсан удаагүй. Улсын наадамд хоёр очсон. Түүнээс гадна Өвөрхангай,Ховд гээд бүсийн наадмуудад олон явсан даа.1994 онд Говь-Алтай аймгийн  Жаргалан сумын  70 жилийн ойн наадамд найзынхаа урилгаар дааганаас бусад таван насны морьтой очиж бүгдийг нь түрүүлгэж байлаа. Тэр жил уяачдын  их хурал болж, Завхан аймгийн Яруу сумын Баянжаргал гэдэг хүн нэг сумын наадмын таван түрүүг авчээ гээд яригдаж байсан гэдэг. Сонин дээр ч зөндөө  бичигдсэн дээ. 

 -ММСУХ-ны анхны тэргүүн Пунцагбалжир агсан та хоёрыг найзууд гэж сонссон юм байна?
 -Тиймээ. 1996 онд манай энд ММСУХ-ны салбарыг байгуулахаар болж сум бүрээс хоёр төлөөлөгч ирүүлэх болсон юм. Тэр үед одоогийн МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбат, Пунцагбалжир агсан хоёр манайд ирж сайхан яриа дэлгэж билээ. 6-р сарын 20-доор л ирсэн байх.  1000 адуу цуглуулаад хүмүүсээр шинжүүлж, хураалган, уургалуулж, бугуйлдуулаад л. Уяачдын холбоо гэж байгуулна. Уяачдын хөдөлмөрийг үнэлэдэг болно. Та бүхэн сумынхаа наадмыг хүлээж суухаар амжилт нэр төрөө бодож аймаг, цаашлаад улс руу явж уралд.  Суманд арав түрүүлэхээр аймагт нэг айрагдуул гээд баахан зөвлөгөө өгсөн. Тэр дагуу нь би улсын наадамд явсан.
 -Хэдэн онд вэ?
 -2001,2002 онуудад. Эхний жилээ их морь 96, халтар азарга маань 50-д давхиж баярлаж л байлаа. Хөдөөгийн туршлагагүй уяачид улсын наадмын дэвжээ гэдэг том байлгүй яахав. Сайхан давхисан халтар азаргаа найздаа бэлгэлчихээд ирсэн. Дараа жил нь хул морьтойгоо очиж 80 гаргаж давхиулаад тэрнээс хойш яваагүй. Энэ холоос зөөнө гэдэг амаргүй. Тэгээд ч тэжээлтэй будаатай адуутай уралдана гэдэг шаггүй юм билээ. Мань мэт ямар тэжээж мэдэх биш. Тэр үед одоог бодвол нэг насанд олон 300-гаас дээш адуу уралддаг байж. Тэр үед Увсын Баатаржав, бид хоёр хамгийн холоос очсон нь гээд мэдээгээр гарсан гэсэн. Сум орон нутгийн нэр гаргалаа гээд Улаанбаатар хот дахь манай сумын нутгийн зөвлөл хүлээж сайхан байсан.
 -Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд сумаасаа мөн л анх удаа очиж тоосоо өргөсөн гэсэн байхаа?
 - Тиймээ. Сумаас бол би ганцаараа. Аймгаас Баасанжав, Лхагва гээд долоо найман хүн явсан. Халхын цуут хүлгүүд чуулсан тэр наадамд миний хул морь 60 гаргаж ирсэн. Миний хувьд бол сайн амжилт л гэж боддог. Нутаг нутгаас шигшигдсэн 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн юм шүү дээ. Ер нь тэр том наадамд оролцох мандат авна гэдэг л өөрөө том амжилт байхгүй юу. Ах нь тэгж л бодож явдаг. Тэр жил Онон манлайн морьд аргагүй өнгөтэй байсан. Даваахүү гуайн Цолмон халтар азарга сул түрүүлж, Ононгийн буурал мөн сул гуравт давхиж, хээр морь нь дөрвөлж гурав дөрвөн машинаар шагнуулаад. Манай галаас ???? гуайн хүрэн морь аман хүзүүнд ирж УАЗ-469 машинаар шагнуулаад нутгийнхан маань ирж баяр хүргээд ер нь их сайхан байж билээ. Тэрний өмнө жил хүрэн морь мөн 69-өөр шагнуулсан байсан юм.
 -Таныг алдар цолонд хүргэхэд хамгийн их нөлөөлсөн ямар хурдан буян байдаг вэ?
 -Олон бий дээ. Тэр дундаас миний хээр морь юмуу даа. 24 настай таалал болсон. Тэр болтлоо мөн ч олон түрүүлж айрагдан намайг баярлуулсан даа хөөрхий. Мөн хул морь маань байна. Шүдлэндээ Алтайд, Хязааландаа Асар хайрханы даншигт түрүүлсэн. Хүрэн азаргаа бас нэрлэмээр байна. Айраг түрүү алдаж байгаагүй. Ах нь аймгийнхаа наадмаас жил бүр хоёроос гурван айраг түрүү авдаг юм.
-Хүн болгон өөрийн гэсэн уяаны “жортой”. Таны хувьд?
 - Уналга эдэлгээг нь алсаас тааруулдаг. Хурдан юм гээд энэ жил тавьчихаад хойтон жил нь зун барьж аваад уячихгүй намар, өвөл хэд хоног яаж эдлэхэв гээд тооцоолно. Хавар хор шарыг нь яаж гаргахав гээд гээд ер нь жилийн дөрвөн улиралд эдэлдэг дээ. Амьтан болгон өөр болохоор уяа болгон адилгүй. Нэгийг нь өглөө барьж байхад нөгөөг нь орой барьдаг юмуу, адууныхаа онцлогоос л болно доо.
 -Нутаг орныхоо морь сонирхож буй залууст заавар зөвлөгөө өгдөг байх. Ер нь танайх хөл ихтэй биз?
 -Тэр ч үнэн шүү. Адуутай нөхөрлөсөн хүн олонтойгоо явдаг юм. Морь мал сонирхдог оролддог бүхэн л манайхаар орж гарч санал бодлоо хуваалцаж байдаг юм. Ер нь залуучууд морь их уядаг болж. Адуу ч нэлээд сайжирч байна. Адуу сонирхож байгаа нь сайшаалтай ч сайхан эдлэ, хайрла гэж би залуустаа хэлдэг юм. Уясан болгон чинь давхих албагүй. Морь айрагдана гэдэг ганцхан жилийн ажил биш. Олон жилийн хөдөлмөрийн үр дүн байдаг юм гээд л захина шүү дээ. Нутгийн залуусаас гадна Тод манлай уяач Онон Сайхансамбуу гишүүний баярт ирэхдээ манайхаар ирж газар усны байдал, өвс ногоо асуугаад явсан нь сайхан л санагдаж байна лээ. Тэр том уяач мань мэтийг тоогоод ирж байгаа нь.
 -Ингэхэд адууны наймаа хэр хийж байна вэ?
 -Мэр сэр хийнээ. Манай хүүхэд бид хоёр 10 саяар нэг хээр морь авсан.
 -Эмээл хазаар, ташуурандаа анхаардаг юм байна. Хаанахын хийцийн эд вэ?
 -Анхаарал хандуулалгүй яахав.Тасархай цулбууртай, дөрөөнийх нь сур эрчилсэн яваа эр хүн яавч олигтой харагдахгүй. Ямар ч цагт сайн ч бай, муу ч бай тохом эмээлээ аль болохоор сайхан эдэлж явахыг хүсдэг. Хүүхдүүддээ ч тэгж захидаг юм. Ер нь цулбуурыг нь зангидчихсан, мориныхоо амыг ангайлгачихсан шил нь хүрэхгүй хазаартай явж байгаа хүн их л муухай харагддаг даа. Миний энэ эмээл бол Дарьганга хийцийн эмээл. Олон жил болж байгаа юмаа. 

 -Та чинь нээрээн МУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Багабанди гуайтай хамаатан гэсэн билүү ?
 -Бид төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Багабандийн ээж  манай аавын төрсөн эгч нь. Багаа бид хоёр нас ойролцоо, надаас нэг л ах юм байгаа юм. Тийм болохоор бид хоёр багаасаа айл саахалт явж, хонь малын бэлчээр дээр тоглож наадаж ойрхон өссөн хүмүүс. Тэгээд яваандаа манай хүн сургууль соёлын мөр хөөгөөд  хот хүрээ явж, би эндээ малаа дагаж малчин болсон доо. Багаа бол ёстой нөгөө жирийн малчны гэрээс төрсөн төрийн тэргүүн. УИХ-ын дарга байхдаа ч тэр, дараа нь Ерөнхийлөгч байхдаа ч тэр нутагтаа ирэх бүртээ манайхаар заавал ордог байсан. Хүмүүс дарга цэрэг болоод ааш зан нь өөрчлөгдөж хувирдаг л гэсэн. Манай хүн тэгээгүй ээ.
 -Та тэгвэл авгындаа айлчилж байсан уу?
 -Би ганц охинтой. Түүнийгээ хотод сургуульд оруулчихаад Багабандийг Ерөнхийлөгч байхад нь төрийнхөө ордонд орж уулзаж байсан юм.
 -Ерөнхийлөгчийн уулзалт цаг минутаар урьдчилан товлогдсон байдаг гэдэг?
 -Тийм байхаа. Би ч урьдчилж цаг энэ тэр аваагүй. Зүгээр л хотод ирснийх нэг уулзаад гаръя гэж бодоод Засгийн газрын  ордны гадаа очоод хэлсэн чинь хамаатан садангуудынх нь бүртгэл байдаг юм билээ. Намайг орох ёстой хүний нэг байна гээд оруулсан. Тэгээд нэг хүнээр өрөөг л заалгаад орлоо. Өмнө нь манайд ирж байсан болохоор хамгаалагчид нь намайг таньж байна лээ. Намайг яваад орсон манай хүн мэнд мэдээд жаахан ярьж сууснаа “за ямар хүсэлт байна” гэж байна лээ. “Надад хүсэх юм байхгүй ээ ” л гэсэн. Хүмүүс ихэнх нь ямар нэг юм хүсэж ордог юм шиг байна лээ. Бас хэцүү л байдаг байх. Тэгээд кофе ууж нутаг орныхоо талаар жаал ярилцсан. Ойролцоо болохоор би Багабандийг заримдаа “чи”, заримдаа “та” гэчихдэг юм.  Манай хүн ч тоохгүй л дээ.Тэрнээс өмнө Их хурлын дарга байхад нь эхнэр бид хоёр 2-3 хоносон. Гадна дотногүй харуул хамгаалалт жирийн бидэнд бол хэцүү юм билээ.Нээрэн хүмүүс тэ? болгон мэддэггүй ч Багабанди багадаа хурдан морь унадаг байсан ш дээ. Бас ч үгүй айрагдуулж явсан байх шүү. Манай нутагтаа л хурдан гэгддэг Чойжилсүрэнгийн цагаан морийг ч унаж байсан санагдана. Уг нь хурдан морь унаад авахуулсан зураг нь байдаг л байсан. Ерөнхийлөгч болсных нь дараа хүмүүс морь бэлэглэж, тэрнийг нь энд тэндээс авчирч л байлаа. Ах нь бусдын нэр төрөөр дулдуйдах дургүй хүн. Нэг довон дээр тоглож өссөн, хурдан мориын нуруун дээр гийнгоолж явсан мах цусан холбоотой хүн маань МУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсонд үнэхээр бахархдаг учраас л ярьж байна.
                                                                           Илэн далангүй ярилцсан танд баярлалаа

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.16

    Saihan uvuljin bna uu Tand 1992 ony havaryn suul zuny ehen sard Mongolyn Radiogiin Malchin nevtruulegiin setguulch Dorjzovdyn Enhbold zohiolchtoi hamt ochij Altan Unagany shagnal garduulsan Dari Sukhbaatat bainaa

    Reply
  • 66.181.161.47

    Яруугийн баянх дайдаа гэж бас адуучин хүн дээ. Нас ахисанч морио унаал наадам хэсээл явдаг дах

    Reply
  • 64.119.24.104

    Гоё түүх байна

    Reply
  • 103.229.122.246

    ажилсаг малч адууд эрэмгий алдарт уяач мундаг хүндээ адуу л айхаас адуунаас айж үзээгүй байх ядаж уяж сойсон морь болгон нь түрүүлнэ барианд орно Говьалтайн Жаргалан сумд 5 насны нь морь түрүүлж мориных нь баы мотоциколийг нь өвгөнтэйгөө авто цисчерь машин дээр ачиж ирж байлаа ёстой болоогүй болохоос жинхэнэ Хөдөлмөриын Баатар хүндээ э аз жаргал эрүүл энхиыг хүсье

    Reply
  • 202.126.89.244

    Завханы нэр адуугаар дуудагдахад 1 л яваж байх хүн би төрөл садан биш хувьдаа шүтэж хамгаалж явдаг ,сартуулд бараг ийм хүн ахиж төрөхгүй байх гэж боддог хүн годохгүй хүүхэд байсанч туслаал явдаг хүн дэ

    Reply