Нэг түрүү, дөрвөн айргийн эзэн "Сарт хээр"

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 08 -нд

Хүй мандалыг бүрхсэн хурдан хүлгэдийн тоос арилаагүй шахам байхад  бүсийн уралдаанууд залган дээл бүсэн гангараатай Монгол түмэн маань дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа. Луу жилийн уралдаануудад онгод хиймориор цалгисан одтой эрхэм бол Манлай уяач Х.Бат-Эрдэнэ юм. Төрийн наадамд их морь түрүүлгэн, соёолон аман хүзүүдүүлсэн тэрээр эрлийз дунд насны ангилалд хээр хязаалангаа айрагдуулсан билээ. Аман хүзүүнд хурдалсан сартай хээр үрээ Төв аймгийн Цээл сумын уугуул Монгол улсын Алдарт уяач П.Баяраагийн унаган адуу. Эх нь Алтанбулагийн “жаал” хэмээх Шаравын  адууны цустай хонгор гүү  байдаг бол эцэг нь Будённый үүлдрийн азарга байдаг аж.
Сарт хээрийг одоогийн эзэн нь дааганд нь авч байсан бөгөөд 2010 оны улсын наадамд айргийн таваар хурдалж  байсныг уншигчид санаж буй бизээ. Мөн хэдхэн хоногийн дараа Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн наадамд давхар уяагаар түрүүлж байсан билээ. Харин өнгөрсөн жилийн хувьд улсын наадамд зургаалан, энэ он гарсаар хаврын анхны бүсийн уралдаан “Дүнжингаравын хурд-2012”-т  аман хүзүүдэн, түүнийгээ төрийн их баяр наадам болон хангайн бүсийн даншиг наадамд давхар давхар баталж, амжилтын цуваандаа гурван айраг нэмээд буй.
П.Баяраа Алдартын уяа юуг нь тааруулдаг хээр хязаалан ийнхүү  улс бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн эзэн болж, монгол түмний бахархалт хүлгэдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх болж буй юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна