Төв аймгийн Архуст сумын залуу уяач Ш.Энхбат: ”Хойч үедээ уламжлал, ёс заншлаа өвлүүлэхэд танай сэтгүүлийн хувь нэмэр үлэмж их”

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 02 -нд

 Сэтгүүлийн маань хуудас бүрийг шимтэн уншиж, бидний ажилд үнэлэлт өгч байдаг эрхэм уншигч та бүхнийхээ санал хүсэлтийг хуваалцдаг “Уншигчийг индэр”-т Төв аймгийн Архуст сумын залуу уяач Ш.Энхбат оролцож байна. Дугаар бүрийг шимтэн уншигч тэрээр сэтгүүл авахаар манай редакциар нэлээд  хэдэн удаа зочилсон юм. Ингээд түүний үзэл бодлыг хамтдаа хуваалцая.

Өнгөрсөн жилийн хавар Багануур дүүрэгт болсон нэгэн уралдааны үеэр “Тод магнай” сэтгүүлийг анх олж харсан. Хурдан морь сонирхогч, тэр дундаа бидэн шиг залуу хүмүүст хэрэгтэй олон чухал мэдээлэл багтсан өнгө үзэмж сайтай сайхан сэтгүүл байсан учраас дугаар бүрийг нь цуглуулан уншиж байгаа.

Туршлагатай том уяачдын оролцдог “Тод магнайн зочин” болон монгол адууны үүх түүхийн сурвалж болсон “Угшил” булангуудыг хэдэн дахин уншсан ч уйдахааргүй санагддаг. Манайхаар орж гарсан найз нөхөд маань ч гэсэн танай сэтгүүлийн байнгын уншигч болж байгаа. Тэгэхээр танай уншигчдын эгнээ өдрөөс өдөрт тэлж байгаа хэмээн ойлгож болно.
Цааш цаашдаа мэдээллийн олон талт давуу чанараа дээдлэхийн зэрэгцээ адууны уяа сойлгыг гардан гүйцэтгэж буй уяачдын өдөр тутмын ажлын талаар хүргэж байвал яасан юм бэ гэдэг саналыг дэвшүүлмээр байна. 
 
Монголчуудын түүх ёс  заншлын салшгүй нэг хэсэг болсон эрийн гурван наадам дэлхийн өвд бүртгэгдэж, залуус олноор  хурдан морь сонирхох болсонд би туйлын баяртай явдаг. Монгол хүн бүр ёс заншил, уламжлалаа дээдэлж хойч үедээ өвлүүлэхийн төлөө зүтгэж түүнд танай сэтгүүл үлэмж хувь нэм?ээ оруулна гэдэгт огт эргэлздэггүй. Монголын мянга мянган уяачдын мэлмийг гийгүүлж буй танай хамт олныг хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээж явахыг ерөөе. Хүлэг нь хурдан, унаач сэргэлэн, уяач аз хмийморьтой байх болтугай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна