МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд: Улс бүсийн наадмаас дөрвөн түрүү хүртсэн 2003 он санаанаас гардаггүй

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 22 -нд

2001 оноос хурдан морь сонирхож, улсын наадамд хурдан морь уралдуулах болсон Д.Цэрэнжигмэд 2003 онд МУ-ын Алдарт, Их Монгол улс байгууллагдсаны 800 жилийн ой 2006 онд МУ-ын Манлай уяач цолыг хүртсэн. Моринд дуртай “Макс” группын захирлууд анхны Манлай уяач ах дүүс  гэдгээрээ ялгардаг. Олноо Асгат саарал, Жигүүр хул, Том сарт хүрэн хэмээн алдаршсан цуут хүлгүүдийн эзэн энэ эрхмүүд мориныхоо буян хишгийг олонтойгоо хуваалцах зарчим баримталдаг хүмүүс.Ингээд уншигч та бүхэнд Д.Цэрэнжигмэд эрхмийн яриаг хүргэж байна. 

-Цэрэнжигмэд гэдэг хүнийг “Макс” группын захирал, шаггүй бизнесмен гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин хотын унаган хүү хурдан моринд урваж, уяач болсон түүхийг тодорхой хүрээнийхнээс бусад нь мэдэхгүй? 
-Аав маань Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынх, харин ээж маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. Хэдийгээр хотод төрж өссөн ч зуныхаа амралтаар Говь-Алтай, Өвөрхангай явж эмээ өвөөгийнхөө гар хөлийн үзүүрт зарагдан хонь хариулж, өглөө адуунд явдаг байлаа. Мориноос унаж, өшиглүүлж, явсан хэдий ч багын л моринд дуртай хүүхэд байсан. Ямар сайндаа л хөдөө яваагүй жилээ таньдаг нутгийн ганц нэг уяачаа ирснийг дуулчихаад Яармагийн дэнж дэх уяачдын майхнаар орж сураглаж байхав. Аавын аав нутаг усандаа морь сайн уядаг гэгддэг хүн байсан. Нутгийнхан нь андахгүй л дээ. Ээжийн аав ч ялгаагүй морь уяна, хоёр ногоон морьтой. Тэр хоёр нь Ар, Өвөрхангайн наадамд олон удаа түрүүлж, Даншиг наадмуудад ч уралдаж байсан гэдэг. Тиймээс хэдийгээр хурдан морь унаж байгаагүй ч, айл саахалтын хооронд уралдчихдаг, моринд дуртай тийм л хүүхэд байлаа.
-Гэхдээ 2000 оноос хойш л моринд идэвхтэй орж ирсэн байх. Сургууль соёл гээд нэг хэсэг хөндийрсөн хэрэг үү?
-Тэгсээн. 1999 онд Ганбаа ан хийж яваад айлд хоноглож, өглөө амарч байтал нутгийн хэдэн залуус орж ирээд “Манай голын арав гаруй азарга уралдахад тасархай түрүүлдэг нэг хурдан азарга байна” гээд ярьж. Тэгээд Ганбаа “тэр азарга чинь хаана байна” гээд босоод ирсэн гэсэн. Тэгээд очоод үзтэл нэг сайхан хээр азарга байна гэнэ. Азарганы эзэн Лхагваас “зарах уу?” гэтэл “ханасан үнэ өгвөл зарна” гэж л дээ. Ханасан үнэ гэдэг нь ямар үнийг хэлж байна вэ?  гэсэн чинь “сая төгрөг” гэсэн юм билээ. Ганбаа хэлснийг нь өгөөд хээр азаргыг худалдаж авсан. Тав хоногийн дараа Төв аймгийн Лүн сумын Алдарт уяач Жамъяндорж гэж хүний алдарт уяачийн уралдаан болж, тэнд  хээр азарга маань түрүүлсэн. Дараа нь Төв аймгийн Баянжаргалан суманд болсон Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын уралдаанд мөн л түрүүлсэн. Авсан морь нь шууд ийнхүү түрүүлэх нь ховор байдаг байх. Түүнээс хойш л моринд эргэлт буцалтгүй орж, Сүхбаатар, Хэнтий, Жаргалант, Сэлэнгэ, Төв аймаг гээд аль л хурдтай гэсэн газраас азарга гүү цуглуулсан даа.
-Ам цагаан хээр азаргаа хаана хэний адуунд тавьсан бэ? Та хоёрын хамгийн анхны адуу биз дээ?
-Үгүй, тэрнээс өмнө 90-ээд оны дундуур ээжийн нутгийн нэг хүн наашаа адуу малтайгаа ирчихсэн. Азарга адуу зармаар байна аваадахаач гэхээр нь зундаа айраг ууж байя гэж бодоод 30-аад адуу худалдаж явсан юм. Тэр үед аавын маань дүү тэтгэвэрт гараад хотын ойролцоо мал малладаг байсан болохоор тэднийд адуугаа тавьсан. Гэтэл Борнуурт өвөлжиж байхад нь боохой нэлээд хэдэн гүү, унага, сарвуу хүртчихсэн, зун айраг ууна гэхээр гүү нь цөөрчихсөн байсан. Тэгэхлээр нь зун наадмаар хамаатныхаа хэдэн залуутай, Яармагийн дэнжээр орж гүү цуглуулахаар явлаа. Гаднаа гүү барьсан олон л айлаар орсон. Тухайн үед таних биш, одоо бодоход том том уяачийнх л байсан байлгүй. Тэгж яваад Хэнтийн Баянхутагтын Цэрэн гэж хүнээс гурван гүү, нэг үрээ худалдаж авсан юм.
-Цэрэнжигмэд Тод манлайг хурдан морь биш, айраг л моринд оруулжээ дээ?
-Тэгж л таарч байгаа юмаа даа. /инээв/
-Тэгвэл Цэрэнжигмэдийн гэж овоглогдсон хурдан морь хэдийнээс эхэлж уралдсан бэ?
-2001 онд худалдаж авсан хонгор азарга маань Багануур бага Хэнтий бүсийн хаврын уралдаанд түрүүлж, тэр жилээ Заамарт болсон Тосон-Заамарын хурдад айрагдсан. Мөн тойруулгын хэд хэдэн уралдаанд айрагдаж, түрүүлсэн. Ер нь тэр жил хурдан байсан л даа. Налайхад болсон наадмын өмнөх сунгаануудад их сайн давхисан. Тэгж байгаад сүүлийн сунгаан дээр хөлөндөө бага зэргийн бэртэл авчихсан чинь Сундуйжав Тод манлай “Дүү зээрдийг улсын наадамд явуулахгүй. Хонгор азаргыг ч гэсэн явуулмааргүй байна. Дараа нь Их хурдад тавина” гэсэн. Тухайн үед надад Их хурдаас илүүтэй тэгш ойн жилийн улсын наадам чухал байсан учраас хорхойсоод улсад мордуулчихсан. Хөлөндөө бэртэлтэй байсан ч 700 гаруй  азарганаас аравт хурдалсан. Одоо хонгор азарганы маань төлүүд сайхан давхиж байгаа. Хурдан хонгор морь маань соёолондоо буюу 2004 оны Алтан-Овооны наадамд Гоё халиунтай уралдсаар айргийн дөрөвт хурдалсан. Дараа жил нь Багануур бага Хэнтий бүсийн “Нүүрэнтэйн хурд” уралдаанд мөн л аваргуудтай уралдаж, өнгөлсөөр байгаад тавд орсон. Үрээ байхад нь “Хурдан хонгор” гэж нэрлэчихээд арай том нэр өгчих үү гэж бодож л байлаа. Гэхдээ би алдаагүй байсан. Хурдан хонгор маань сайхан хурдалсан.
-Улсын наадмаас анх удаа айраг хүртсэн нь 2002 онуу?
-Тийм 2002 он. Тэр жил Асгат саарал маань хязааландаа улсын наадамд аман хүзүүдсэн. Ингэж л улсын наадмын довыг анх алхаж байлаа. Ганбаагийн хувьд бол бүр эрт л дээ. Улсын баяр наадмаас айраг хүртэнэ гэдэг тэр болгон аавын хүүд олдоод байдаг завшаан биш. Босго өндөр шүү.
-Тэр жилийн баяр наадмын шүдлэнгийн уралдааныг ярихгүй өнгөрч болохгүй нь. Хүүхэдгүй хээр шүдлэн замын турш өнгөлсөөр түрүүлсэн нь үзэгчдийг үнэхээр догдлуулсан?
-Хүүхдүүд жаахан хурдтай очоод огцом эргэснээс болж, шүдлэнгийн уралдааны үеэр хэд хэдэн хүүхэд унасан. Миний хээр шүдлэнгийн жолоо нь хөлдөө орчихсон, хажуугаас нь хүүхдүүд ташуурдаж замаас гаргахаар оролдсон ч жаахан цаашлаад буцаад замдаа орж давхисаар түрүүлсэн дээ. Тэгээд улсын баяр наадмын хуулийн дагуу нэг ухарч баригдсан. Жолоо нь хөлдөө орчихсон байсан болохоор завжнаас нь жаахан цус гарчихсан ирсэн. Түрүүн ярьсан хурдан хонгорын маань төрсөн дүү нь байгаа юм. Улсын наадмын дараа Боржигон-2007 наадамд хүүхэдтэйгээ түрүүлэн аваргаа баталсан даа.
-Морь уяад зургаан жилийн дотор Манлай уяачийн болзол хангасан. Богино хугацаанд өндөр амжит гаргасан цөөн уяачийн нэг бол та. Нэг жил дөрвийн дөрвөн түрүү хүртэж байсан үе ч бий?
-Богино хугацаанд амжилттай сайхан наадсан нь маш олон хүмүүсийн хичээл зүтгэлтэй холбоотой. Уяаны хамт олон, унаач хүүхдүүд хамтран уяж байсан уяачид гээд. Ер нь олон сайхан хурдан буянгууд бид хоёрт заяасан. Дүү бид хоёр Сандуйжав Тод манлайтай хамтран уяж байгаад, 2004 оны намраас бие даан уях болсон. Өнгөрсөн хугацаан дахь наадмуудаас 2003 он мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн. Тэр жилийн улсын наадамд саарал соёолон маань улсын наадамд түрүүлж, давхар уяагаар Архангайн 80 жилийн ойд мөн түрүүлсэн. Мөн Зандан хүрэн азарга, шарга шүдлэн  хоёр маань түрүүлж нэг жил төрийн болон бүсийн наадмаас дөрвөн түрүү авсан. Тэр амжилтыг маань үнэлж “Оны шилдэг хурдан морьтон” гэсэн өргөмжлөл өгсөн.
-2005 онд Асгат саарал түрүүлж, группын чинь  бөх цол нэмсэн гээд мөн л амжилтаар дүүрэн байсан?
- 2005 онд бид одтой сайхан наадсан. Улсын наадамд миний Асгат саарал түрүүлсэн бол Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойд Ганбаагийн маань Жигүүр хул азарга түрүүлсэн. Дараалсан төрийн хоёр том наадамд ах дүү хоёрын азарга түрүүлсэн нь энэ. Мөн Ганбаагийн маань Том сарт хязаалан, миний шарга соёолон, Жижиг сарт гэж шүдлэн маань айрагдаж, тэр наадмаас нэг түрүү, гурван айраг хүртсэн. Түүгээр зогсохгүй манай компанийн бөх улсын заан Рагчаа маань бас түрүүлсэн. Ийнхүү Өндөр Гэгээний мэлмий гийсний наадам биднийх болж бөөн баяр болж байлаа. Дараа жил нь Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойгоор Тоглохын талд болсон наадмаас унаган морьдоороо гурван түрүү хүртсэн. Сарт соёолон, Асгат саарлын маань төл халтар шүдлэн, Босоо хээр азарганы маань төл хээр даага түрүүлж нэг дор гурван түрүү авч, 2003 онд гаргасан амжилтаа дахин баталж чадсан. Тэгээд бай шагналаасаа нутаг орныхонд нь хуваалцъя гэж бодоод гурван УАЗ-469 машиныхаа нэгийг цагдаагийн хэлтсийн хамт олонд бэлэглэсэн. Аймгийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн жагсчихсан дарга нь их хүндэтгэлтэйгээр машиныхаа түлхүүрийг хүлээн авахдаа “Таны бэлэглэсэн энэ машинаар 10-15 жил нутаг орныхоо ажлыг амжуулна. Бидэнд их хэрэгтэй зүйл бэлэглэлээ” гэж байсан.
-Максын ах дүүс мориныхоо буяныг олонтойгоо хуваах тал дээр нэлээд анхаардаг юм шиг санагддаг. Наадмын өдөр морь морьдсоны дараа ээж тань тэр хавийн хүүхдүүдийг цуглуулаад хишиг түгээж байхыг цөөнгүй харж байсан?
-Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэсэн үг байдаг даа. Ээж маань буян үйлдэж байвал тэр хэмжээгээр ажил үйлс бүтнэ хэмээн сүсэглэж явдаг хүн. Бид хоёр ч ялгаагүй 2003 онд Архангайн 80 жилд гурван түрүү хүртэж түүнээсээ хуваалцаж, өнчин хүүхдийн халамжинд зориулан нэг сая төгрөг хандивласан.
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Манлай уяач цолыг хүртэж, Монголын анхны ах дүү Манлай уяачийн цолны мялаалга их өнөр болсныг санаж байна?
-2003 онд нэг өдөр Ганбаа маань Манлай уяач, харин би Алдарт уяач цолыг хүртэж байлаа. Харин Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би Манлай уяач цолыг хүртэж, анхны ах дүү Манлай уяачид болсон. Цолны мялаалгаа олонтойгоо хуваалцахаар Хүй долоо худагт наадам хийж, хоёр насны морь уралдуулан айргийн арван морьдыг бүгдийг нь мотоциклиор байлсан. Цэнгэлийн хээрээс эхлээд улсын наадамд уралддаг хурдан хүлгүүд бүгд ирж уралдсан.
-Зарим хүмүүс энэ уяачид нэг наадмаас хоёр гурваар нь машин авчихаж байгаа юм чинь мориороо нэлээд хөлждөг байх гэж боддог. Үнэхээр тийм байж чаддаг уу?
-Сая ярьсан даа. Бидний хувьд авсан бай шагналаа олонтойгоо хуваалцахыг чухалчилдаг, бусад уяачид ч ялгаагүй. Нэг жишээ хэлье л дээ. Бид хоёрын морийг олон жил унаж байгаа Өөдөс гэж морины хүүхэд байдаг. Тэр маань нэг өдөр аав ээжтэйгээ орж ирээд юм яриад сууж байтал аав нь “би нэг мотоцикль авмаар байна. Өөдөс надад зөвшөөрсөн” гэсэн. Чи үнэхээр зөвшөөрсөн үү? гэхэд “тийм” гэж байна? За за авахаас өөр яахав гээд л өгөх жишээтэй. Манай тэр унаач хүүхэд банкиндаа хадгаламжтай л даа. Ер нь бид хоёр хүүхэддээ үлдэх юм өгөх юмсан гэж хичээдэг. Морь унасан эхний жил нь хоёр тугалтай үнээ, хэдэн хонь авч өгсөн. Тэд нь өсөөд одоо арав гаруй үнээтэй, суурь хоньтой болчихсон.
-Уяачид морь тэжээхээс эхлээд багагүй хэмжээний хөрөнгө зарцуулах хэрэгтэй болдог. Хоёрын хоёулаа моринд ороход ар гэрийнхэн чинь зэм хүртээж байв уу?
-Айл гэрээс нэг нь л морь уяад ирэхээр бусад нь хүссэн хүсээгүй морь сонирхдог болчихдог юм. Аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд гээд уруу татагдана шүү дээ. Манай том банди зуныхаа амралтаар унаач хүүхдүүдтэй цуг тоглож наадан, адуу их манана. Хоёр, гурав хоног дарааллаад адуугаа манаад хонодог. Хүүгийнхээ адуунд элэгтэй байгааг дэмжиж эмээл хазаар бэлтгэж адуу зүслэж өгчихсөн.
-Уралдах адуугаа Өлзийт хороололд тэжээж байгаа юу?
- Тиймээ , тэгдэг.
-Олон адуу тэжээхэд зардал нэлээд гарна биз?
-Тодорхой хэмжээний зардал гарна. Гэхдээ өвсөө яаж бэлдсэн, өөрсдөө хадсанд уу, худалдаж авсан уу, хивэг ямар үнэтэй байхад нь авсан гээд олон зүйлээс шалтгаална шүү дээ. Зарлагагүй юм гэж юу байхав.
-Адууны тоо толгой хэд хүрсэн бэ? Хамгийн дээд тал нь ямар үнээр хурдан морь авч байв?
-Бид хоёр 300-гаад адуутай. Би их үнэтэй морь худалдан авч байгаагүй. Тухайн үедээ боломжийн үнээр хэдэн сайхан хурдан буян авсан. Жилээс жилд хурдан морины үнэ өсөж байна. Хурдан морины үнэ өсөх нь манай малчид адуучдад ашигтай. Ганбаа бид хоёр Англи үүлдрийн цэвэр цусны зургаан гүү, нэг азарга оруулж ирсэн. Гүүнүүдийг нь гурав гурваар нь хувааж, би Асгат сааралдаа, Ганбаа Том сартай хүрэн азаргандаа хураалгасан. Төлүүд нь  хурдлах байх гэж итгэж байгаа. Дан монгол адуугаар уралдахад хүнд болсон байна л даа.

Цаг зав гарган илэн далангүй ярилцсан танд баярлалаа

"Тод магнай" сүтгүүл дугаар №2

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна