Егүзэр хээр

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 22 -нд

Хурдан сайн их насны морь уяач хүний өмийг нээдэг гэдэг. Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд адуучин Сумъяагийн Амартайваны унаган адуу “Дүүгүүр” саарал морио түрүүлгэчихээд “Талын хүлэгч” гал уяаны уяач Б.Энхболд Монгол улсын начин, Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн хамт Эрдэнэцагаан суманд аяны дөрөө мулталжээ.
Нутгаасаа гарч байгаа хурдан адуугаа “Егүзэр” хутагтынхаа нэрээр нэрлэж байх нь зүйтэй гэж Эрдэнэцагаанчууд ярилцаж байх энэ үед Б.Энхболд уяач тэр жилийн сумын наадамд түрүүлсэн Болдоогийн  хээр морьтой таарч энэ хурдан буяныг авахад нутгийнхан “Егүзэр” хээр гэж нэрлэсэн гэдэг.
Сумын наадамд түрүүлсэн хээр морь ийнхүү халхын арван гурван тамгатай хутагтын нэг болох “Егүзэр” хутагтынхаа нэрээр нэрлүүлж, хүн бүхний мэдэх хурдан ажнай болохоор нутгаасаа гарснаар “Егүзэр” хээр морины түүх эхэлдэг.
2008 оны өвөл адууны ханиад гарсан тул “Дүнжингарав” уралдаан хойшилж, Төв аймгийн Баянцогтод болсон хаврын бэсрэг уралдаанд “Егүзэр” хээр морь уралдаж есөд давхисан билээ. Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн давхилыг нь хараад “Зоригтой, араас нэхэж уралддаг морь юм” гэхэд Б.Энхболд уяач миний “Дүүгүүр” саарал морь ирсэн жилээ анхны уралдаандаа бас есөд давхиж, дараа жил нь улсын наадамд түрүүлж байсан болохоор би есийн тоог их бэлэгшээдэг юм” гэлээ.
Хаврын “Дүнжингарав-2008” бүсийн уралдаанд тувт өнгө үзэж уралдаад, үзүүр дээрээ сууж зургаад орж, тэр жилийнхээ улсын наадамд мөн зургаад орж, Төв аймгийн Заамар суманд болсон Төвийн бүсийн хурдан морины уралдаанд аман хүзүүнд давхисан юм.
Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын “Дүнжингарав-2009” бүсийн уралдаанд  уяа сойлгыг нь шавхрааж, “Егүзэр” хээр морийг  түрүүлгэснээр сумын наадамд түрүүлж байсан морь, морь сонирхогчдын хараанд өртөж, хурдан сайн их насны морь гэдгээ хашир уяачдад харуулж билээ.
Уяач Б.Энхболдын аав Бат-Очир Эрдэнэхайрханы нэгдэлд олон жил жолоо  мушгиж, алтан шар замын хишиг буяныг хүртэж,  хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтан. “Банди хүүхдийг аав хүн сайн дагуулж бай. Хэтдээ аавын буурь сууна” гэж монголчууд ярьдаг. Б.Энхболд уяач аавыгаа дагаж хол ойрын алтан шар замд чийчааных нь жолооноос  атгалцаж явсан гэдэг.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум говь, хангай хослосон сайхан нутаг. Хавар, намартаа 100 гаруй километр үргэлжилсэн нүүдлийн цуваа хангайгаас говь руу, говиос хангай руу нүүнэ. Ингэж нүүхдээ машин тэрэг хэрэглэхгүй тэмээн хөсгөөр нүүнэ.
Нүүдлийн өөжинд бүүвэйлэгдэж өссөн Б.Энхболд хүү гал голомтоо бадрааж, бизнест хөл тавьж, боломжтой амьдралыг төвхнүүлсэн билээ. Түүнийг моринд оруулсан хүн бол Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер, хүргэн ах Намжилцэрэнгийн Даш-Өлзий юм.
Н.Даш-Өлзий “Талын хүлэгч” гал уяаны даргаар ажиллаж, олон сайхан залуусыг гал уяандаа нэгтгэж, хурдан морины хөгжилд жинтэй хувь нэмрээ  оруулж яваа ахмад уяач. “Талын хүлэгч” гал уяаны зөвлөх уяач нь Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн.  
Өнөө зун Хүй долоон худагт зуншлага сайн учир уяачид гал уяагаараа  айлсаж буусан байлаа. Хүүхдийн гийнгоо, хурдан морины туурайн чимээ уяа уяанаас цангинаж тал нутгийн монголчуудын баяр ойртож дөхсөнийг илтгэнэ. Цагаан хөтлийн сунгаанд Б.Энхболд уяачийн “Егүзэр” хээр морь гойд хурдан байгаа нь харагдаж байлаа. Энэ морийг уядаг Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн сүүлийн жилүүдэд их насны морийг сайн уяж улс, бүсийн наадмаас түрүү айраг алдахгүй байгаа уяач.
Төрийн наадмын их насны морьд будлиангүй сайхан  эргэлээ. Морьд эргээд тав орчим километр явтал “Егүзэр” хээр морь цээжний морьд дээр ирж нийллээ. “Егүзэр”  хээр  араасаа  нэхэж уралддаг, морьтой нэг их ханьсахгүй, тэгсхийгээд л хажуугаар нь  зөрөөд өнгөрдөг, цуцаагүй, эрэмгий давхилтай морь юм.  
Цагаан хөтөл давахын хэрд Ховд аймгийн Цэцэг сумын уугуул уяач Р.Баатархүүгийн хээр морь, Б.Энхболд уяачийн “Егүзэр” хээр хоёр  саахалтын дайтай тасарч эхлэв. “Егүзэр” хээр морь тувт өнгө үзэж яваад барианы үзүүр дээр давхил нь саарч аман хүзүүнд хурдлав. Их насны морь мордоход Хүй долоон худагт бороо орсон тул газар нойтон, уралдааны зам тогтоол ус ихтэй ч морь, хүүхэд эсэн мэнд уралдлаа.
Ингэж Эрдэнэхайрханы унаган хүү Б.Энхболд уяач төрийнхөө наадамд “Дүүгүүр” саарал их насны морио Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 801 жил, Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд түрүүлгэж, “Егүзэр” хээр морио Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд хурдлуулж Эрдэнэцагаан адуугаар одтой, өмтэй наадав.
Түүний уяж хурдлуулсан хурдан морьдынх нь амжилтын цуваа Монгол улсын алдарт уяачийн болзол хангахад тун дөхсөнийг уншигч түмэндээ дуулгахад таатай байна.
“Егүзэр” хээр морь он гарсаар гурав уралдаж, хаврын “Дүнжингарав“ бүсийн уралдаанд түрүүлж, ”Сэлэнгэ-2009” Төвийн  бүсийн уралдаанд  айргийн тавд хурдалж, Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд давхисан энэ цагийн хурдан  хүлгүүдийн нэг юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна